Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Бургасан шугуйдаа жимсэн төгөлтэй Булган сумаас бичсэн тэмдэглэл DNN.mn

Булган голын эрэг дагуух моддын мөчрөөс салаалж час улаан алим сагсайтал ургажээ. Зөөлхөн салхилахад л алим, тоор тэргүүтэн саглагар модны мөчрөөс бороо шиг асгарч байна. Бүрэн боловсорсон том улаан алимыг хүүхдүүд тааваараа түүгээд идэж байна. Торгууд түмний өлгий Ховд аймгийн Булган суманд амгалан намар айлсаад байгаа нь энэ.

Нийслэлээс 2000 орчим км-ийн алс, эх орны баруун хязгаарт орших Булган сум 10 гаруй мянган хүн амтай. Булган голынхоо зүүн эрэгт байрлах энэ сум БНХАУ-тай хиллэдэг, олны хөл үймсэн газар. Гадна, дотны гийчид энд тасарна гэж үгүй. Сумын төвийн амьдрал өглөөний найман цагтай уралдаад л буцалж эхэлнэ. Төв гудамжинд нь жимс, хүнсний ногооны худалдаачид хамгийн эрт гарч ирнэ. Булган сумын байгалийн үзэсгэлэнг тольдохоор чуулсан жуулчид энд төвлөрч шоппинг хийнэ. Тэд эрүүл хөрсөнд ургасан шинэ ногооноос гар татдаггүй. Тор тороор нь аваад эргэдэг. Энд Ховдын брэнд тарвас л гэхэд кг нь 2500 төгрөг. Ерөөсөө хэдхэн өдрийн өмнө хураасан шинэ тарвасаа л шууд сумын төвийн төв гудамжиндаа гаргаад л зарчихдаг юм байна. Энэ жилийн тухайд жимс, хүнсний ногоо ховор гарсантай холбоотойгоор үнэ өндөр байна. Өнгөрсөн жил шинэ тарвас кг нь 1000 төгрөгөөр зарагдаж байсан гэнэ. Харин төмс, байцаа зэрэг ахуйн хэрэглээний ногоо энд хямдхан. Гол хэрэглэгчид нь сумын төвийн иргэд. Жуулчид бол ихэвчлэн тарвас, чавга, усан үзэм зэргээс сонголт хийж байна лээ. Ногоо зарж буй иргэдийн ярьж байгаагаар шинэ жимс, ногоогоо жуулчин татах брэнд болгосон гэнэ. Булган сумын шаргалтсан намарт шүүслэг улаан алим, ногоон чавга тэргүүтэн амт нэмдэг юм билээ.

Жимс ногооны худалдаа эрхлэгчид цөмийг нь хашаандаа тариалдаг. Хашаан дахь модноосоо алим хураагаад л шууд зардаг юм байна. Үхрийн хөрзөнгөөр бордсон бэсрэг алимны амтанд орсон жуулчид олон. Тороо дүүргээд л гардаг.

Булган суманд кг алим 10 мянган төгрөгөөр зарагддаг. Хашаанаасаа 10 кг алим түүсэн эр 100 мянган төгрөг халааслаад л гэртээ харина. Булган сумын төвийн бужигнаан дунд арав байтугай кг алим шуураад дуусч байна лээ. Тэдний зарим нь салатны навч, чинжүү, өргөст хэмх зэрэг нарийн ногоогоор лангуугаа чимсэн харагдана. Очоод лавлавал цөмийг нь хүлэмжиндээ тариалжээ. Өргөст хэмх л гэхэд кг нь 4000 төгрөг. Шинэ ургацын төмс кг нь 800 гэхчлэн нийслэлтэй харьцуулахад даруй нугарсан хямд үнээр зарагдаж байна. Дахин онцлоход шинэ ургацын ногоо шүү. Хүн ам нь арвин учраас шинэ жимс ногоо нь ч өдөртөө дуусаад шинийг авч ирээд зардаг юм билээ.

Задгай ногоо зарж буй иргэдээ цагдаа нар хөөж тууж байгаа үзэгдэл алга. Төрөл бүрийн байцаагчид шалгааж байгаа нь ч харагдсангүй. Худалдаачид шинжилгээний бичгээ харуулаад л жимс ногоогоо зарж байв. Булган сумын зүгээс иргэдийнхээ бизнесийг ингэж чөлөөтэй дэмждэг газар юм байна. Талбай гаргаж өгөөд л бусдаар ажилд нь оролцдоггүй. Тэд нь жуулчдыг татдаг. Ингэж цогцоор хөгжиж энд хүрчээ.

Булган сумынхан гол төлөв шавар байшинд аж төрдөг. Сэлүүхэн хашаан дахь шавар байшингийн гадна саглагар мод найгах нь сумын айлуудын нийтлэг төрх. Тэд сэлүүхэн хашаандаа хүнсний ногоогоо тариалаад төв гудамжиндаа гарч худалдаалаад л амьжиргаагаа залгуулдаг гэнэ.

Энэ сумын тухайд БНХАУ-тай хиллэдэг. Урдаас барилгын материал, усан үзэм зэрэг зарим жимсээ татдаг. Барилгын материал л гэхэд нийслэлтэй харьцуулахад хоёр дахин хямд үнэтэй. Гарын дүйтэй нэгэн бол 3-4 сая төгрөгийн зардлаар л байшин босгочих боломжтой юм байна. Харин шатахуунаа Улаанбаатараас татдаг гэнэ. Зардал нь шингээд 2800 давсан үнэтэй байна лээ. Ердөө хажуухан талаасаа татах сонирхол байдаг ч зөвшөөрдөггүй гэнэ. Хойд ах нар үүнийг нь нүд цавчилгүй хараад сууж байдаг бололтой. Ямартаа ч хилийн цаана 200 км-ийн цаана хятад шатахуун байсаар байтал 2000 км-ийн алс Улаанбаатараас татдаг хачин үзэгдэл дан ганц Булган ч биш, баруун хязгаарын сумдад байна. Нийслэлээс тээвэрлэсэн зардал нь нэмэгдэхээр үнэ шатахууных нь үнэ бараг 3000 шахна. Энэ бүх ачаа сумын төвийн иргэдийн нуруунд ирдэг гэнэ. Хадлангийн үед бол бүр ч хүндээр тусч байна. Боломж хомс зарим нь морин тэргээ хөлөглөөд хадландаа гарч байгаа харагдлаа.

Булган сумын хүн амын 65 хувь нь торгууд, үлдсэн хувь нь казах. Арван жилийн өмнө нийт хүн амын 15 хувь нь казах байсан бол сүүлийн хэдэн жилд өссөн байна. Бэлчээр бас бус асуудлаас үүдэж хоорондоо маргалдах явдал тасардаггүй юм билээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар зөвхөн казах хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг барьж байгаа гэнэ. Барилгын ажил дуусах шатандаа оржээ. Энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Ш.Адьшаа гишүүн өнгөрсөн сонгуулиар амласандаа хүрч байгаа нь энэ ажээ. Бүтээн байгуулалт босч байгаа нь баярламаар ч зөвхөн казах ястны хүүхдүүдэд зориулсанд нь Булган сумынхан дурамжхан байна лээ. Энэ мэтчилэнгээр санал зөрөлдөх асуудал олон бий.

Булган сумынхны хөдөлмөрч чанар нь захын гудмаар шагайхад л харагддаг. Хашаанд нь жимсний мод сагсалзаж, хэрэглээний хүнсний ногоогоо битүү тарьсан байдаг. Алслагдсан сумдад түгээмэл харагдах төв гудамжиндаа “ялаа алаад” суудаг үзэгдэл Булган суманд үгүй. Бүгд л шоргоолж шиг хөдөлмөрлөнө. Тэнд нэг нь портероор ногоо авчрахад нөгөө нь үүрч гүйгээд л зориулалтын лангуу руу дөхүүлнэ. Цаанаас өөр нэг нь бандгар жийп рүү ачна. Чинээлэг байрын эр алтан шаргал карт зуруулаад л цааш эргээд алга болно. Захын орчимд ногоо ачаад өгөх хүмүүс ч бэлэн зогсож байдаг юм билээ.

Энд зүс үзээгүй нэгэн харагдвал эвгүй харц шидэж нүд үзүүрлэх бус харин ч дуудаж уулзаж таван үг солиод ногоо зарахыг боддог. Ийм жишгээр тэд огт зүгээр суудаггүй. Хүн бүр хөдөлмөрлөнө. Хүүхэд хөгшид бүгд хөдөлнө. Ийм ч учраас тэд чинээлэг амьдардаг юм билээ. Тэдэнд нерв, стресс бараг алга. Инээд цацруулсан улс л үйлчлээд байх. Өндөр сарьдаг уулстай Булган суманд нар хожуу манддаг юм билээ. Гэгээ тасартал ажиллаад сая нэг бараагаа хурааж амрахаар явна. Говийн манхандаа заган шугуйтай, голын хөндийдөө жимсэн төгөлтэй Булган сумын намрын нэг өдрийг зураглахад ийм байна. Ухаж, төнхөөд байх эрдэс баялгаар хомс тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж хүн бүр чинээлэг амьдарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *