Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Зөвхөн 100 жилийн ойг тэмдэглээд өнгөрөх биш хэд хэдэн бүтээн байгуулалт хийлээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.


-Хан тайшир уулын аймгийн 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа та бүхэнд баяр хүргэе. 100 жилийн ойдоо зориулж ямар ажлуудыг хийв?

-Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор тэмдэглэх шийдвэр гарсан. Ойг тэмдэглэх хүрээнд хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байна. Онцлоод хэлбэл “Эрийн гурван наадам”-ыг зохион байгууллаа. Энэ нь эр хүн өөрөө морио уяад унаж уралдана. Өөрөө барилдана, нум сумаа мөн өөрөө харвана. Гурван төрөлдөө нэг хүн өөрөө оролцох тэмцээнийг мартагдсан байсныг сэргээж байгаа. Энэ тэмцээнд 21 аймаг, нийслэлээс 170 гаруй хүн оролцлоо. 170 гаруй хүн оролцсон нь манай үйл ажиллагаа өргөн дэлгэр явагдаж байгаагийн нэг илрэл гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, монголчуудын мартаад буй тууль гэдэг зүйлийг сэргээн хайлахаар болсон. Тууль хайлахаар Халимагаас алдарт Цагаанзам гуай ирсэн байна. Буриадаас туульч ирчихсэн Гэсэр, Жангар хайлна.

БНХАУ-ын Ганьсу мужаас туульчид ирсэн. Шинжаан уйгураас туульч ирээд байна. Монголын төрийн батламжит туульч Баатаржав “Аргил цагаан өвгөн” туулийг хайлна. Энэ хүрээнд бид аймагтаа туулийн уралдаан зарлаж, 500 орчим хүн оролцсоноос шалгарсан “Агайн улаан хаан” туулийг хайлахад бэлэн болсон. Монголчуудын өв уламжлалаас мартагдсан зүйлийг сэргээе. Энэ дотор бидний давуу тал байна хэмээн хараад эхлүүлсэн ажил. Туулийг судлаад үзэхэд үлгэр домог болон үлдсэн монголчууд ямар үедээ хүчирхэг байсан, ямар үедээ алдаж онож гэдэг бүх түүх бичигдсэн байгаа юм. Өнөөдөр аялал жуулчлалаа хөгжүүлье гэж их ярьдаг. Түүний тулд монгол төрийн их наадмаа хөгжүүлэх ёстой. Монгол наадмыг л үзэх гэж жуулчид их ирж байна шүү дээ. Энэ нь Монголын зан заншил уламжлалыг л нэг дор үзэхийг хүсч байгаа гэсэн үг.

-Хүүхдийн наадмыг тусад нь зохион байгуулсан гэсэн үү?

-Зөвхөн насанд хүрсэн наадаад байх биш хүүхэд багачууд ч эрийн гурван наадмаараа баярлаж наадах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Энэ нь манай ойн арга хэмжээний бас нэгэн онцлог гэж үзэж байгаа юм.

-Ойдоо зориулж хийсэн бүтээн байгуулалтуудаас дурдаач. Жишээ нь, аймгийн спорт цогцолбор нээлтээ хийлээ шүү дээ?

-Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойг зөвхөн баяр наадам тэмдэглээд өнгөрүүлэх биш нутгаа гэсэн сэтгэлтэй бизнесмэнүүд, ард иргэдийнхээ хандив тусламжаар хэд хэдэн бүтээн байгуулалтыг хийлээ. Нутаг орныхоо буурийг сахиад амьдарч байгаа хүмүүсийн хувьд аятай тухтай амьдарч, цаашид хөгжих боломжийг нээе гэдэг үүднээс Спорт цогцолборыг ард иргэдийн хандиваар байгуулж, ашиглалтад орууллаа. Мөн хүүхдүүдэд зориулан “Ид шидийн орон-Алтай” байгууламжийг ард иргэдийнхээ хандиваар барьж байна. Мөн хүүхдийн дотуур байр байгуулж байгаа. Ирээдүй хойчдоо хандсан байгууламжуудыг ард иргэдийнхээ хандиваар хийж байна. Мөн төсвийн хөрөнгө, орон нутгийнхаа боломжийг дайчлаад төв талбайгаа шинэчиллээ. Энэ хүрээнд зургаан км замыг хатуу хучилттай болгох, Цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барьж ашиглалтад орууллаа. Алтайчууд хог шороогоо цэвэрлэхээс эхлүүлээд нийтээрээ л ажиллаж байна.

-Та ганц бие хүмүүсийг аймгийн хэмжээнд танилцуулах үйл ажиллагааг анх санаачлан зохион байгуулсан. Энэ жил мөн үргэлжлүүлэн хийхээр болсон байна лээ. Тэрхүү арга хэмжээ үр дүнтэй болсных уу?

-Бид жилийн өмнө аймгийнхаа хэмжээнд ганц бие, гэр бүл зохиож амжаагүй байгаа залуусынхаа дунд танилцах арга хэмжээг зохиосон. Үүнээс 20-иод хос үүссэн байна. Түүний хамгийн эхний гурван хосыг баяр наадмын хоёр дахь өдрөө хуримыг нь хийж өгөхөөр болсон. Гурван хосдоо нутгийн зөвлөлийн дарга Ганбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Амарбаясгалан бид гурав гурван гэр бариад хосууддаа өгөхөөр боллоо. Аймгаас тус бүрд нь 50 тоо толгой малын өмч тасалж өгөхөөр болсон. Энэ жил мөн Хантайшир уулын аймгийн 100 жилийн хүрээнд өмнөх жил ойн болсон газраа Монгол туургатны ганц бие залуучуудын арга хэмжээг Дөргөн нуурын эрэгт хийх гэж байна. Арга хэмжээнд Буриад, Өмнөдмонгол, Ганьсу мужаас Америкаас хүртэл хүн ирж оролцохоор болсон. Монгол залуус хоорондоо танилцаж найзалж нөхөрлөх, бизнес ажлын хамтрагч болох энэ боломжийг нээж өгч байгаагаараа “Жангар” фестиваль онцлог юм. Үүнд залуучууд өргөнөөр ирж оролцоорой гэж хүсч байна.

-Танай ойн арга хэмжээ нь зочдодоо зориулж гаргасан гэр кемпээрээ их онцлог санагдсан?

-100 жилийнхээ ойн хүрээнд Алтайд төрж өссөн, ажиллаж амьдарч байсан маш олон хүн ирж ойдоо оролцоно. Зочдод хоол унд, байрлах газар, бие засах газар тулгамдсан асуудал болдог. Тиймээс манай бүх сумд энэ үйл ажиллагаанд

оролцоод Улаанбаатар хотоос нутгийнхаа ойд оролцохоор ирсэн хүмүүсийг хүлээж авъя гэдэг үүднээс гэр кемпийг байгуулсан. Сум бүр 20 гэр бариад тав таван ор тавиад нэг сум 100 хүн хүлээж авах бэлтгэл хийсэн. Зөвхөн сумд 2000 гаруй хүнийг хүлээж авах бэлтгэл хангасан. Аймгаас мөн төдий дайны хүн хүлээж авах бэлтгэлээ бүрэн хийчихсэн. Ойгоо зориод ирсэн нутгийн зон олныг аятай тухтай, хоол ундтай, бие засах газрыг ч зохион байгуулалттай сайн хангаж ажилласан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *