Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монголын гадаад сурталчилгаа сайн байна, харин дотоодын үйлчилгээ гологдож эхэллээ DNN.mn

Өнөө жил жуулчид гойд их иржээ. Их дэлгүүр, Гандангаас эхлээд хөдөө гадаа хаана л бол хаана жуулчид олноороо харагдаж байна. Тэр дундаа Солонгосын жуулчид өдөрт хэдэн зуугаараа манайд бууж байна. Албаны мэдээллээс харахад манай улс одоогийн байдлаар 400 мянга шахам жуулчин хүлээн аваад байгаагаас 80 орчим мянга нь өмнөд солонгосчууд байна. Ирэх аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөв гарчээ.

Ийн жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлан гадаад сурталчилгаагаа боломжийн хэрээр хийсний үр дүн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ-д айлчлахдаа Сөүл хотноо “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлаж, энэ хүрээнд солонгос иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих шийдвэр гаргасан. Солонгосын Гадаад хэргийн сайд ч энэ арга хэмжээг дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан нь саяхан. Үүнээс харахад солонгосууд хэлсэн амандаа хүрчээ. Монгол гэхээр нь хараар очсон хүмүүс, гэмт хэргийн сэдэв ярьдаг байв. Эсвэл Монголын хөдөөгийн ядруухан тарчиг амьдралыг түүж гаргадаг хэрмэл жуулчдын камерын зураглалаар хэцүү, ядуу улс гэж төсөөлдөг байсан. Тэгвэл өнөөдөр солонгосууд мэргэжлийн хүмүүсээ Монгол руу илгээж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын телевизийн алдарт “I Live alone” нэвтрүүлгийн багийнхан өнгөрөгч дөрөвдүгээр сард бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд ирж 10 жилийн ойн нэвтрүүлгээ хийсэн нь хэдийнэ Солонгосын телевизээр гарч байна. Хэдийгээр өвс ногоо ургаагүй, байгаль дэлхий гандмал байсан ч тэд үнэхээр хөгжилтэй, бас Монголд очоод үзчих юмсан гэсэн бодол төрүүлэхүйц сайхан нэвтрүүлэг бэлтгэж цацсан. Дараа нь өнөө алдарт Жан Хёг тэргүүтэй кино жүжигчдийн баг ирж “Монголын тал нутгаар 2000 км” шоу нэвтрүүлэг хийж гаргалаа. Мөн Солонгосын алдартай загвар өмсөгч охид ирж, бидний нүдийг бүлтийлгэсэн шиг нутаг нэгтнүүдээ Монгол руу даллан дуудсан чамин ганган зураг, бичлэг, нэвтрүүлгийг хийсэн. Өдгөө алдартай контент бүтээгч, цахим орчинд 70 сая дагагчтай Нусейр Ясин Монголд ирээд, контент бүтээгчдийн чуулганыг зохион байгуулж байна. Үүнээс гадна “Wel­come to Mongolia” арга хэмжээний хүрээнд CNN, Financial Times, Washing­ton Post зэрэг дэлхийн 40 гаруй томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ.

Ямартаа ч бид жуулчдыг эх орон руугаа татаад эхэллээ. Монголын тал нутгийг үзэхээр, нүүдэлчдийн амьдрал ахуйг сонирхохоор онгоц онгоцоороо жуулчид бууж байна. Валютын сангийн улыг долоох шахаж байж гуйж олдог ногооныг ирж байгаа жуулчдаас төвөггүй олох боломж бидэнд нээгдэж байгаа. Монголд ирсэн дээрх жуулчдын ирэх, буцах нислэгээс эхлээд энд байх хугацаандаа зарцуулсан мөнгийг багцаагаар тооцвол 800 орчим сая ам.долларын орлого оруулжээ. Он дуустал энэ тоо нэмэгдэнэ. Энэ бол яах аргагүй сайн мэдээ юм. Гэхдээ бидний хувьд хий хоосон баярлаад суух зүйл биш юм. Энэ жил ирсэн зочид дараа нь улам олуулаа болоод ирэх тийм сайхан сэтгэгдлийг бид жуулчин бүрд төрүүлэх ёстой.

Ирсэн зочдоо сэтгэл дундуур буцаадаггүй гэдэг. Гэтэл “Манайд ирээрэй, манайд ирээрэй” гэж урьчихаад бид ямар ч бэлтгэлгүй сууж байж. Наад захын ариун цэврийн байгууламжаа шийдээгүй. Чаддагаараа хэдэн шинэ модон жорлон замын хажууд барьсан харагдсан.Уг нь зам дагуу байрлах ШТС-уудтай гэрээ хийж, тэдний сүлжээгээр боловсон 00 олноор байгуулах боломжийн талаар бид бишгүй бичиж байсан. Огт боломжгүй зүйл биш юм. Эсвэл “Урьхан” шиг цогт үйлчилгээтэй, боловсон, цэвэрхэн ариун цэврийн өрөөтэй отог, байгууламжуудыг олны хөлийн газруудад байгуулбал цааш цаашдаа ч гадаад дотоодын үйлчлүүлэгч олонтой байх нь.

Жуулчны байгууллагуудын үйлчилгээ, менежерүүдийн мэдлэг, харилцаа ч гологдоод байна. Францын эмэгтэй жуулчныг хүчиндсэн жигшүүрт мэдээ энэ цаг үед цацагдаж, хэрэг нь шалгагдаж байна гэх. Зөвхөн жуулчны байгууллагууд гэлтгүй, үйлчилгээ үзүүлж буй хэн ч гэсэн жуулчдыг мөнгө гэж харахаасаа өмнө аятайхан инээмсэглээд мэндэлчихдэг, түргэн шуурхай үйлчилчихдэг болох хэрэгтэй. Үйлчүүлэхээр ирж байгаа хүмүүсийг нүдээрээ олзлоод, өөлж гоочлоод, дуугарч ядаад сууж байдгаа больчих.

Арай гэж даллаж дуудаж авчирсан жуулчид буцаад эх нутагтаа очихдоо Монгол Улсын талаар, монголчуудын тухай сөрөг сурталчилгаа хийх вий. Тэгвэл дахин тэд манайх руу шагайхгүй нь тодорхой. Жуулчдыг ийм сөрөг сэтгэгдэлтэй буцаахгүйн тулд дотоодын аялал жуулчлалын үйлчилгээндээ стандарт тогтоох хэрэгтэй байна. Энэ салбарт Засгийн газрын хамгийн чухал, яаралтай хийх ажил бол стандарт тогтоож, түүнийгээ ягштал баримтлах. Жуулчны компаниудын үйлчилгээ, кэмпүүдийн ажиллагаа нь тогтсон нэг стандарттай, түүнийгээ яг таг баримталдаг бол жуулчид нэг их гомдол санал гаргаад байхгүй, ирэх буцах урсгал нь тогтмолжино. Энэ нь бидний заавал хийх ёстой ажил юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун үдэж өгвөл ирээдүйд аялал жуулчлалын салбар манай эдийн засгийн жин дарах орлого болж өгөх нь тодорхой болж байна. Ер нь жуулчдад эвгүй сэтгэгдэл төрүүлсэн, санаатай гомдоосон, илт хохироосон үйлдлүүдэд арга хэмжээ тусгайлан авдаг болсон ч яадаг юм. Дөнгөж сэргэж ядаж буй энэ салбараа яаж ийж байгаад босгоод авах нь хамгийн чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *