Categories
нийгэм цаг-үе

Б.Доржханд: Залуучууд эрт илрүүлэгт бага хамрагдаж байна DNN.mn

УНТЭ-ийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржхандтай ярилцлаа.


-Сүүлийн үед эрт илрүүлэг зогссон гэх мэдээлэл яваад байна. Одоогоор эрт илрүүлэгт хичнээн хүн хамрагдаад байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улсын хэмжээнд эрт илрүүлэг 2022 оны тавдугаар сарын нэгнээс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 1.090.050 хүн тус үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622.024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468.026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна. Харин нийслэлд 551.367 буюу 50.6 хувь нь, орон нутагт 538.683 буюу 49.4 хувь нь хамрагдсан байна. Энэ жилийн хувьд долдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн сайдын 256 тоот тушаалаар Улсын төв нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг орон нутагт эрт илрүүлгийг идэвхжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахаар эмч мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг ажиллахаар болсон. УНТЭ-ийн тухайд Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Дорноговь гэсэн долоон аймагт очиж иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллаж байна. Эхний багууд орон нутагт ажиллаж байгаа.

-Орон нутагт хамтарсан баг явуулж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Манай эмнэлгийн хувьд одоогоор Сэлэнгэ, Дархан, Сэлэнгийн Мандал, Сүхбаатар сумдад Эх нялхас, ХӨСҮТ-ийн хамтарсан найман хүний бүрэлдэхүүнтэй баг эрт илрүүлгийг эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайн аймгийн эрүүл мэндийн газар, аймаг сумдын эмнэлгийн удирдлагуудтай ярилцан орон нутагт 2-3 хоног ажиллаж байна. Есдүгээр сарын нэгэн гэхэд 18-30 насныхныг идэвхтэй хамруулахаар төлөвлөсөн. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтэн болон тоног төхөөрөмжөөр туслан ажиллаж байна. Дараагийн ээлж Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг руу явахаар төлөвлөгөө гаргасан байгаа.

– Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэд эрт илрүүлэгт хамрагдах боломжтой юу?

-Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь долоон аймгийн иргэд эрт илрүүлэгтээ хамрагдаагүй бол ЭМД-аа төлөөд иргэний үнэмлэхээ авч ирэн УНТЭ-ийн Дэмжих төвөөр үйлчлүүлэх боломжтой.

-Танай эмнэлэгт өмнө нь эрт илрүүлэг хийгдэж байсан уу?

-Манай эмнэлэгт Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд 2022 оны тавдугаар сарын нэгнээс Дэмжих төвөөр эрт илрүүлэгт хамрагдаж байгаа. Одоогоор нийтдээ 5500 иргэн үзүүлээд байна. 46-60 насныхан эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа бол 18-30 насныхан хамрагдалт багатай байна.

-Эдгээр дүүргийн хамрагдалт хэр байгаа вэ?

– СБД 40 хувь, Чингэлтэй дүүрэг 30 хувьтай иргэдээ хамруулсан байна.

-Танай эмнэлэгт өдөрт хичнээн хүн ирж үйлчлүүлж байна вэ?

-УНТЭ-ийн Дэмжих төв эрт илрүүлгээс гадна байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Эрт илрүүлгийн хувьд өдөрт 30-35, байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хүн ирж үйлчлүүлдэг.

-Эрт илрүүлэгтэй холбоотойгоор ямар асуудал үүсч байна?

-Эрт илрүүлэгт ходоодны дурангийн оношилгоо шинэжилгээн дээр хугацаа ордог тул хүлээгдэл их байна.

-Иргэдийн дийлэнх нь ямар оноштой байна вэ?

-Хоол боловсруулах замын өвчлөл, зүрх судасны эмгэг нэлээд элбэг бүртгэгдэж байна.

-Эрт илрүүлэгт хамрагдахаар ирж байгаа иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Хамгийн чухал нь ЭМД-аа төлсөн байх хэрэгтэй. Ингэснээр эрт илрүүлэгтээ хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм. Харин эрт илрүүлэгт ирэхдээ цусны шинжилгээ өгдөг тул өлөн байх хэрэгтэй. Эмчийн үзлэг хийсний дараа ходоодны дуранд цаг товлож үзүүлдэг. Энэ шинжилгээнд өлөн байхаас гадна, дэвсэх памперс, салфеткатай ирэхэд болно. Эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний эсийн шинжилгээ авч байгаа.

-Оюутан залуусын хувьд хамрагдалт хэр байгаа вэ?

-Оюутан залуусын хамрагдалтыг эрчимжүүлж эхэлсэн. Хөдөө орон нутагт 18-30 насныхны дийлэнх нь хамрагдсан. Харин орон нутагт гуравдугаар шатлалын эмнэлэгт очиход даатгал төлөөгүй иргэд нь үлдсэн байна лээ. Тиймээс тухайн орон нутгийн удирдлагуудад иргэдээ даатгалд хамруулахыг уриалж байгаа.

-Орон нутгийн хувьд аль аймаг эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа вэ?

-Улсын хэмжээнд нийт хүн амын 31,7 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан. Насны ангиллаар авч үзвэл 6-17 насны хүүхдүүдийн хамрагдалт 56 хувьтай байна. Харин 18-30 насныхан 15 хувьтай, 31-45 насны ангилал 18,9 хувь, 46-60 насныхан 36,8 хувь, 61-ээс дээш насныхан 29.3 хувийн хамрагдалттай байна. Аймгуудыг хамрагдалтын хувьд Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Дарханы иргэд эрт илрүүлэгтээ маш сайн хамрагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *