Categories
гадаад мэдээ

Украины армийн давуу талууд DNN.mn

АНУ-ын нэр хүндтэй гурван цэргийн шинжээч одоо явагдаж буй Оросын эсрэг Украины чөлөөлөх довтолгооны үйл явцад дүн шинжилгээ хийж, боломжит үр дүнг нь урьдчилан таамаглахыг оролдсон дэлгэрэнгүй нийтлэлийг “How the Ukraine Counterof­fensive Can Still Succeed-Украины сөрөг довтолгооны амжилтад хүрэх давуу талууд” нэртэйгээр “Time” сэтгүүлд хэвлүүлжээ.

Америкийн аж ахуйн нэгжийн судалгааны хүрээлэнгийн Фредерик Каган, Дайны судлалын хүрээлэн(ISW)-гийн тоймч, судлаач Каролин Хирд, Катерина Степаненко нар Украины амжилтад хүрэх боломжийг нэмэгдүүлэх олон давуу тал байна гэж үзжээ. Тэд одоогийн довтолгооны кампанит ажилд Украин ялах гурван өөр хувилбар байгааг тодорхойлсон байна.

Нэгдүгээрт, Украины механикжсан довтолгооны оролдлого амжилттай болж, Украины Зэвсэгт хүчин үүнийг маш ашигтай ашиглан Оросын хамгаалалтын шугамын нэг хэсгийг эсвэл бүгдийг нь бут цохин устгах болно” гэжээ.

Хоёрдугаарт, ёс суртахуун болон зэвсэг, хоол хүнсний хангамж зэрэг бусад тогтолцооны асуудалтай байгаа Оросын арми Украины байнгын системтэй шахалтын дор “нугаран унаж” фронтоо хаян ухарч магадгүй гэж тэд үргэлжлүүлэн бичжээ.

Гуравдугаарт, Украины армийн байнгын дарамт шахалт, “уутанд оруулах” аргаар холын зайнаас орос цэргүүдийг бүслэн их буу, пуужингийн цохилт өгч, их хэмжээний хохирол учруулж байгаа цэргийн кампанит ажил нь Оросын фронтын шугамуудад цоорхой үүсгэн Украины цэргүүд эхлээд хэсэгчилсэн газраар, улмаар илүү гүнзгий, өргөн зайгаар довтолж оросын армийг бут цохих магадлалтай” гэж бичжээ.Зохиогчдын таамаглалаар эхний болон хоёр дахь хувилбар нь хэрэгжих боломж харьцангуй бага боловч боломжтой хэвээр байгаа аж. Харин гурав дахь хувилбар бол Украинд амжилтанд хүрэх хамгийн өндөр магадлалтай зам гэж шинжээчид таамаглан бичжээ.

Каган, Хирд, Степаненко нар гурав дахь хувилбар өнгөрсөн жил Украины Зэвсэгт хүчнийг Харьков, Херсон мужуудад амжилтад хүргэсэн гэдгийг онцолсон байна. Шинжээчид Украины цэргүүдэд Азовын тэнгис рүү хүрэх зам нээгдэх ч энэ тулалдаан маш ширүүн, хохирол их, урам хугарах явдал ч гарах магадлал өндөр байх болно. Энэ бол дайнд тохиолддог энгийн зүйлс гэсэн байна. Мөн тэд Украины сөрөг довтолгоо бүтэлгүйтэж магадгүй магадлалтай ч амжилттай болох магадлал нь хамаагүй илүү байгааг онцолжээ. Энэ нь тулалдааны талбарын газар зүйн байршил, Оросын арми нөөцөө шавхаж, улам бүр чадваргүй байдалд орж байгаа явдал, Оросын армийн хангамж, удирдлагын тогтолцооны чадваргүй байдал зэрэг хэд хэдэн чухал хүчин зүйлээс хамаарч байгааг дурджээ.

Уг нийтлэлд Оросын арми хэтэрхий сунасан хангамжийн шугамтай байгаа учир Украины арми нэг цэг дээр довтлон фронтыг сэтлэн Азовын тэнгист хүрч Украины өмнөд хэсэгт байрлах Оросын бүх цэргийн хангамжийг бүр мөсөн таслах том аюул байгааг онцолжээ. Хэрэв ийм зүйл тохиолдвол хангамжгүй болсон Оросын өмнөд бүлгийн бүх цэргийн хувь заяа юу болох нь тодорхой юм. Энэ зорилгыг биелүүлэхэд Украины армид заавал далайн эрэг хүртэл байлдах шаардлагагүй бөгөөд хэсэгхэн газрын төмөр зам, авто замыг л хяналтдаа авахад л хангалттай гэсэн байна. Ингэснээр Оросын армийн өмнөд бүлэг ямар ч хангамжгүй болох ажээ. “Өөрөөр хэлбэл, украинчууд фронтын баруун талын бараг бүх нутаг дэвсгэрийг хянах чадвартай болохын тулд ганц чиглэлд фронтыг сэтлэхэд л хангалттай байгаа бол Оросын армийн хувьд фронт даяар давамгай байдлаа хадгалж байх шаардлагатай.Энэ бол хэт тэнцвэргүй буюу Украины армид хэт ашигтай нөхцөл”гэж зохиогчид дүгнэжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *