Хэт халалтын нөлөөгөөр даралт ихсэх, тархинд цус харвах тохиолдол эрс нэмэгджээ. 30 градус давж халж байгаа энэ өдрүүдэд эмнэлгийн байгууллагаас тусламж авах иргэдийн дийлэнх нь даралт ихэссэн, цус харвасан байгаа юм. Хэт халсан энэ өдрүүдэд даралтаа хэрхэн хянах, учирч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Н.Цэцэгээтэй ярилцлаа.
-Хэт халуунд харвах эрсдэл нэмэгддэг үү. Эмнэлгийн байгууллагад хандаж байгаа иргэдийг анзаарахад даралттай холбоотой байх шиг.-Долоо хоногт хоёроос гурван удаа артерийн даралтаа хэмжихэд дээд даралт 140, доод даралт 90-ээс нэмэгдсэн бол артерийн даралт ихэссэн гэж үздэг. Нарны хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлдэг. Ингээд цусан хангамж хомсдох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгддэг гэж ойлгож болно.
Түүнчлэн биеэс хөлс их ялгарснаас биед шингэн дутагдаж, цус өтгөрдөг. Цус өтгөн байх нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн тархины судасны хатуурал, чихрийн шижин, стресс зэрэг маш олон зүйл харвалт өгөхөд нөлөөлдөг.
-Харвах тохиолдол залуужаад байх шиг. Энэ юутай холбоотой вэ?
-Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдол их гарч байгаа. Манайд харвалт өгөөд ирж байгаа иргэдийн хамгийн залуу нь 20 настай залуу байна. Энэ нь хэт их стресстэж, нойр муутай явсантай холбоотой. Түүнчлэн архи, тамхины зохисгүй хэрэглээ, буруу хооллолттой шууд холбоотой байдаг. Нэг зүйлийг онцлоход давсыг хэтрүүлж хэрэглэх нь харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Мөн тархины даралт харваж байгаа залуусын дийлэнх нь хэт таргалалттай, чихрийн шижин өвчтэй байгаа нь анзаарагдаж байна.
-Цус харвах эрсдэлд хүргэх өөр ямар шалтгаанууд байна вэ?
-Ямар ч насны хүн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлөх таагүй мэдээлэл сонсохоор бие дэх даралт ихэсгэдэг бодисууд нь ялгардаг.
Тухайн хүний даралт өндөр, багаас шалтгаална гэсэн үг л дээ. Хөгшин, залуу гэлтгүй өндөр даралттай хүнд цочмог мэдээлэл сонсговол харвалт өгдөг. Стресс ихтэй орчинд ажилладаг хүн харвах эрсдэл их өндөр. Энд онцлоход ахимаг насны багш нарт ийм эрсдэл ердөө хажууханд нь бий. Мөн ийм халуунд хүүхдээ машиндаа үлдээх түгээмэл үзэгдэл манайд бий. Гадаа 30 градус давсан халуун үед машинд түгжигдсэн хүүхэд хэдхэн минутын хугацаанд тархиндаа цус харвах аюултай. Үүнийг хүмүүс төдийлэн мэддэггүй.
-Жингийн илүүдэлтэй хүмүүст ийм эрсдэл ойрхон байдаг талаар та онцолж байна. Ямар арга хэмжээ авч урьдчилан сэргийлэх вэ?
-Хэт тарган хүмүүс чихрийн шижинтэй байх эрсдэл өндөр байдаг. Чихрийн шижин өвчин харвалтад нөлөө үзүүлдэг голлох хүчин зүйлүүдийн нэг. Чихрийн шижинтэй байна гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ өндөр байна гэсэн үг шүү дээ. Цусанд дахь сахарын хэмжээ өндөр байхаар цус өтгөрнө. Цус өтгөрөхөөр хөл, гар, бөөр, нүдний торлогийн судасуудад өөрчлөлт бий болдог. Судас нарийсч, бөглөрөл үүсээд ирэхээр тархины цус харвалт гэдэг зүйл бий болж байгаа юм. Эрэгтэй хүмүүсийн бүсэлхийн тойрог 100 см-ээс дээш, эмэгтэй хүнийх 90 см-ээс дээш байх тохиолдолд чихрийн шижинтэй байх эрсдэлтэй өндөр байдаг. Түүнийг дагаад харвах эрсдэл ч өндөр.
-Даралт бууруулна гэх нэрээр үзэмний шүүс уух нь бий. Энэ үр дүнтэй юу?
-Зуны улиралд даралт бууруулна гэж үзэмний шүүс их авч уудаг. Үзэмний шүүс бол чихэрлэг ихтэй, калитай ундаа. Даралт бууруулдаг гэдэг нь буруу ойлголт. Ийм үндэслэл байхгүй.
-Ийм халуун нөхцөлд даралтаа хэрхэн тогтворжуулах вэ?
-Даралтаа тогтмол хянаж, архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх шаардлагатай. Аль болох татгалзах нь зөв. Халуунд албан байгууллага, ах дүүсээрээ нийлж голын эрэгт очоод бүгдээрээ архи уудаг үзэгдэл бий. Энэ нь мөн л харвах эрсдэл дагуулж байдаг. Зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийж л даралтаа хэвийн хэмжээнд барина. Цусны даралт ихдэх болон чихрийн шижин өвчтэй бол эмээ тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах нь чухал. Залуус харваад байгаа нэг шалтгаан нь даралтаа огт хянадаггүй. Мэдэхгүй явж байгаад л гэнэт харвачихдаг. Ахмадууд бол даралтаа үзээд цүнхэн дэх эмээ уугаад, шаардлагатай гэж үзвэл эмчид хандаж зөвлөгөө авдаг.
-Халуунд хүйтэн ус ундаа уухыг зарим газарт хатуу хориглодог юм билээ. Урд хөршид бол 30 градус давсан халуунд дэлгүүрүүд хөргөгчөө унтраадаг. Манайд бол эсрэгээрээ. Гадаа халахад зайрмагтсан ус, ундаа л авч уудаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй юм бэ?
-Халуунд хэт ус уух, хүйтэн усанд орох нь тэлсэн судсыг гэнэт агшаах эрсдэлтэй. Халуунд хүйтэн ус ундаа зарахыг хориглодог үндсэн шалтгаан нь л энэ.
Манайд бол халуунд хүйтэн ус л ууж байгаа харагддаг. Эрүүл мэндээ устгаж байгаа л хэлбэр. Халуун хоолны араас хүйтэн юм уувал нойр булчирхайгаа л хөнөөж байгаа юм. Халуун хоол, хүйтэн шар айрагтай хэзээ ч зохицохгүй. Ер нь өөрийн биеийн температураас хэт хүйтэн ус ундаа уух нь муу.
Та даралттай бол өөх тос ихтэй хоол, архи, согтууруулах төрлийн ундаа болон их махнаас татгалзаж жимс, ногоо түлхүү хэрэглэх нь зөв.
-Харвалт өгсөн бол ямар гам барих вэ. Хэвийн болох боломж бий юу?
-Харвалт өгсөн иргэдийн 15-20 хувь нь эргээд амьдралын хэвийн түвшинд очиж чаддаг бол гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Харамсалтай нь 30 орчим хувь нь нас бардаг гэх тоон үзүүлэлт байна.
-Харвалт өгч байгаа хүнийг яаж мэдэх вэ?
-Даралт харваж байгаа үед нүд бүрэлзэж юм харахгүй болно. Тэнцвэрээ алдаж алхаж чадахгүй болдог. Цаашлаад гар мэдээгүй болж барьж байсан зүйлээ алдана, хэл ярианд өөрчлөлт орж хэл орооцолдох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Энэ шинж тэмдгүүд илрэх юм бол хамгийн ойр байрлах эрүүл мэндийн түргэн тусламжийн төвд хандах ёстой. Яг харвалт өгсөн үед бол дур мэдэж эм ууж огт болохгүй. Харвалтыг илүү хүндрүүлэх эрсдэлтэй байдаг. Шууд л эмнэлгийн байгууллагад хандана.