Хотын зам дээр машин шүргэлцэх төдийд жолоочид нь бууж ирээд үгийн солиогүй шууд заамдалцаж аваад л зодолдоно. Бие биенээ хэрхэн яаж доромжилж эрээ цээргүй аашилдгийг бид мэднэ. Энэ бол бараг өдөр бүр давтагддаг дүр зураг. Харамсалтай нь тэрхүү бүдүүлэг, боловсролгүй нөхдөөс болж тухайн замын хөдөлгөөн өдөржин гацаж, ёстой хараал идмээр байдал үүсдэг. Нэгэндээ зүгээр зам тавьж өгөөд найрсаг хандлага гаргасан бол ийм байдал гарахгүй байх байсан.
Энэ нь нэг талдаа монголчуудын хандлагаас болж асуудал үүсч байна гэж ойлгох ч нөгөө талдаа үүссэн асуудлыг зохицуулах хуулийн механизм хүнд, удаан байгаа нь нийгмийн бухимдлыг бий болгож, хотынхны амьдралыг там болгосоор байна. Тиймээс төр оролцдоггүй, хуулийн хэрэгжилтийг хүлээдэггүй зөвхөн иргэн иргэндээ шаардлага, хяналт тавих боломжтой дүрэм хэрэгтэй байна.
Нийслэлийн иргэн болохоор шийдсэн бол хийж байгаа үйлдэл, хэлж буй үгнээсээ эхлэн хотын дүрмээр амьдрах хэрэгтэй. Дүрэм тогтоохгүй л бол монголчууд бие даасан соёлтой болж төлөвшиж чаддаггүй. Бүр соёлтой байхыг хүсдэг ч үгүй гээд хэлчихвэл хатуудахгүй. Гудамжинд алхаж явахдаа шүлсээ хаяж, нусаа нийж, авч идсэн чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй хаяж орхидог хүмүүс бидний дунд олон бий.
Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хэрүүл хийж, тамхи татах бол энүүхэнд. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч хараал хэлж, хашгирч байдаг. Согтуугаар нийтийн тээврээр үйлчлүүлж, ойр орчимдоо бухимдал үүсгэгчид ч бөөнгүй. Хамгийн гутамшигтай нь гудамжиндаа бие засдаг гээд бодохоор нийслэлчүүд хамгийн соёлгүй хүмүүсийн тоонд багтах нь зүйн хэрэг юм шиг. Нөгөөтэйгүүр дүрэмгүй газар соёлд сургах боломжгүй. Эдүгээ нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг. Үүнээс харахад Улаанбаатар хот сая давсан хүн амтай болж, метрополис хотын эгнээнд хэдийнэ шилжсэн. Дэлхийн метрополис хотуудын жишгээс харахад хүмүүс нь гудамжаар зугаалж, тухайн хотыг зорьж ирсэн жуулчид нь тэр хотын гайхамшгийг бахдан, буцаж ирэх тухай дурсдаг. Гэтэл манай хотод ирж байгаа жуулчдын дийлэнх нь “Ийм хот бас байдаг аа” гээд Улаанбаатарыг сонгосондоо амаа барих нь бишгүй. Тэд эх орондоо очоод “Монголыг зорьсны хэрэггүй. Хайран цаг, мөнгө. Нийслэл хот нь хогондоо дарагдсан, заваан, хүмүүс нь бүдүүлэг, дүрэмгүй гээд л бичиж эхэлдэг. Үнэндээ манайд зочилсон жуулчдын сэтгэгдэл дэлхийд монголчуудыг төлөөлж байна. Ингэхээс ч аргагүй юм. Гудамжинд шүлсээ нулимсан хүнд шаардлага тавьж, хэн нэгний халааснаасаа гарган шидсэн хогийг зориулалтын саванд нь хийлгэж байхын тулд улаанбаатарчууд бидэнд дүрэм хэрэгтэй.
Улаанбаатар бол нийслэлчүүдийн гэр. Миний гэрт хэн ч хүссэн газартаа нус, шүлсээ хаяж, хог цаас овоолохгүй, бас тамхи татаж, архидан согтуурах ёсгүй. Тиймээс л бид хотод амьдрах дүрэм тогтоочихвол хот хогтой, нийслэлчүүд бүдүүлэг гэсэн шүүмжлэлээс ангижрахад ойрхон байна.
Монголд шинэ цагийн хотжилт бий болоод дөнгөж 30 гаруй жилийг л өнгөрөөж байна. Өдгөө Улаанбаатарт нэг километр шоо дөрвөлжин талбайд ногдох хүн амын тоо хэд дахин өслөө. Ингэж хүн хүнтэйгээ ойртох тусам хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудал олширдог нь их хотын онцлог. Тэр бүрийг хуулиар зохицуулаад байх боломжгүй. Тиймээс Улаанбаатар хотын иргэд бидэнд хэрэгжих гэж уддаг, хүнд суртал ихтэй хуулиас илүүтэйгээр хөнгөхөн, хялбархан баримталдаг дүрэм хэрэгтэй байгаа юм. Бүр Нийслэлийн захиргаанаас “Хотод амьдрах дүрэм” хэмээх гарын алганд багтах жижиг товхимол бэлтгээд хотын оршин суугчдад болон Улаанбаатар руу орж ирж байгаа хүн болгонд тараачих хэрэгтэй. Түүнийг нь малчин, сэхээтэн, хүүхэд, хөгшид хэн ч уншаад ойлгохоор гаргачихна. Дүрэм маш энгийн атлаа бүгд биелүүлдэг байна. Бүгд биелүүлдэг болгохын тулд тухайн дүрмийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт бага ангиас нь заахаар оруулах шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэм гэдэг шиг хүүхдэд бага ангиас нь эхлээд хотод амьдрах дүрмийн хичээл гээд заадаг болмоор байгаа юм.
Өнөө цагт цахим харилцаа, технологи өндөр хөгжсөн. Тэр утгаараа хотод амьдрах дүрэм гэсэн апп-ийг үүсгэж ч болно. Уг апп-ийг хотын иргэд утсан дээрээ татаад суулгачихна. Улмаар дүрмээ сайн биелүүлсэн бол оноо цуглуулдаг байхаар. Цугларсан оноогоороо төрөл бүрийн үйлчилгээг хөнгөлөлттэй болон урамшуулалттай авч болохоор системчилчихвэл иргэд хотод амьдрах дүрмийг ягштал баримтлах боломжтой. Үнэхээр бидэнд их хотод амьдрах дүрэм ус агаар мэт хэрэгтэй болчихоод байгааг өдөр тутмын амьдралаасаа харж болохоор. Нийгмийн олон сөрөг хандлагыг хуулиар зохицуулах боломжгүй. Боломжгүй учраас соёлтой иргэн гэх ойлголтыг төлөвшүүлэх гэж махаа идэж байна. Гэвч хотын соёлд суралцахын тулд эхлээд дүрэм баримтлах шаардлагатай. Гэтэл манайд тийм дүрэм одоог болтол алга. Хотод амьдрах дүрэмгүй бол соёлд суралцах ямар ч боломжгүй. Дэлхийн бусад томоохон хотууд оршин суугчдаа соёлд сургахаас өмнө дүрмээ танилцуулж, ойлгуулдаг. Ирсэн хүн болгондоо манай хот тийм түүхтэй, соёлтой гэхээс илүүтэйгээр ийм дүрэмтэй шүү гэдгээ ягштал ойлгуулдаг гэсэн үг. Үүнтэй адил Улаанбаатар хот өөрийн гэсэн дүрэмтэй болмоор байна. Ийм дүрэмгүй учраас монголчууд бид хотжиж чадахгүй, суурин амьдралд нэгнийгээ ойлгохгүй оршсоор.
Хэрэв та Улаанбаатар хотын иргэн л юм бол, нийслэл хотод орж ирсэн л бол их хотын дүрмээр амьдар. Чадахгүй бол ёстой нөгөө хуулиараа хариуцлагаа үүрээд яв. Хот гэдэг хэсэгхэн хүний бөөгнөрөл биш. Олон ургальч үзэлтэй, олон соёл бүрдсэн хүмүүсийн аж, амьдралаа залгуулдаг газар. Усыг нь уувал ёсыг нь дага хэмээх ардын зүйр үг бий. Одоо бүгдээрээ хар захын сэтгэхүйгээсээ салцгаая. Хэн дуртай нь хаа хамаагүй орилж, өөрийн дураар нийгмийн харилцаанд оролцдогоо зогсооё. Хотод амьдрах дүрмээ хэлэлцэн батлаад дэлхийн бусад томоохон хотын стандарт руугаа орцгооё. Хэзээ болтол шуудайд хийсэн эвэр шиг нэгэнтэйгээ толхилцох юм. Бүдүүлэг, хэнэггүй зангаараа бусдын эрхэнд халдаж амьдардаг байдлаа зогсоож, нэгдсэн нэг дүрмээ тогтооцгооё. Нийслэлд амьдрах дүрмээ нийтээрээ баримтлаад эхэлбэл нийгмийн стресс, уур бухимдал багасна. Бухимдалгүй иргэн бусдыг хүндэтгэж сурна. Хүндлэл байгаа газарт хүнд суртал гэж үгүй. Хүнд сурталгүй болбол шударга тогтолцоо бий болно. Шударга тогтолцоо бий болсноор авлига, хээл хахуул, хулгай, луйвар устана. Цаашлаад авлигагүй улс бодит утгаараа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн хөгжих боломжтой.