Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Сонгуулийн үйл явцыг деталь бүрээр нарийн зааж оруулсан бол дэвшил гарах байлаа. Холимог тогтолцоогоо оруулж аваад тайвширчих шиг боллоо DNN.mn

Улс төр судлаач, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар улс төрийн нөхцөл байдал цаашид яаж өөрчлөгдөх бол?

-Улс төрийн зах зээл гэсэн ойлголт бий. Мэдээж дүрэм өөрчлөгдсөнөөр тоглогчид өөр стратеги гаргах шаардлагатай тулгарч байна. Холимог тогтолцоог дахин нэвтрүүлж түүнийгээ Үндсэн хуульд оруулж өгсөн нь нэгдүгээрт, сонгууль бүрийн өмнө сонгуулийн тогтолцоогоороо оролддог байдлыг өөрчилнө. Хоёрдугаарт, жижиг тойрогт хашигдсан гал тогоо биш том улс төр ярьдаг бодлогын улстөрчид олноор бий болоход тустай юм.

Сонгуулийн холимог тогтолцоотой орнуудад Эвслийн Засгийн газар байгуулах нь түгээмэл байдаг.

Магадгүй 2024 оны парламентын сонгуулийн дараа Эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу. Шалтгаан нь намуудын рейтинг нийлээд 50 хувьд ч хүрэхгүй байна шүү дээ. Ийм бага рейтингтэй намууд оролцсон холимог тогтолцооны сонгууль эвсэл л төрүүлнэ.

Дахиад хоёр том нам шинэ МАНАН татуулах уу эсвэл ялсан нэг том нам нь жижиг намуудыг цуглуулж АЛАГ эвсэл байгуулах уу гэдэг судлаачдын хувьд төдийгүй олон нийтийн хувьд ч сонирхолтой сэдэв болно байх. Тэр үеийн хэлэлцээр дундах Ерөнхийлөгчийн оролцоо ямар байхаас шалтгаалж эвсэл бүрдэнэ. Гадаад орчин, геополитикийн өөрчлөлт ч нөлөөлнө. Товчхондоо бол улс төрийн нөхцөл байдал намуудын дарга нар, топ улстөрчдөөс хэлэлцээр хийх чадварыг нилээд шаардах нь тодорхой болж байна. Шинэ нөхцөл байдал ч хэлэлцээр хийх чадвартай, стратегитай, уян хатан, аль аль намуудад хүлээн зөвшөөрөгддөг лидерүүдийг эхний эгнээ рүү оруулж ирэхийг шаардаж байна.

-Ер нь энэ тогтолцоо улс төрийн намуудад ямар ач холбогдолтой вэ. Тэр дундаа МАН, АН-д?

-Гишүүнчлэл хөөцөлдсөн нам биш бодлогын нам байх тал руу түлхэж байгаа нь ач холбогдол мөн л дөө. Намын жагсаалтаар орж байгаа гишүүд нь тухайн намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хатуу хамгаалдаг, түлхдэг байх боломжийг бүрдүүлж байна. Боломж гэж хэлээд байгаагийн шалтгаан нь намууд жагсаалтдаа үнэт зүйл, суурьтай улстөрчдөө яг жагсаах уу гэдэг эргэлзээтэй хэвээр.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгууль бүрээр гардаг маргааныг хэр шийдвэрлэж, зохицуулсан гэж та харж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд сонгуулийн тогтолцоондоо хэт анхаараад сонгуулийн процедуртай холбоотой хэсгийг орхичихсон гэж бодож байна. Тиймээс сонгуулийн хяналт, луйвартай холбоотой маргаан урьдын хэвээр үргэлжилж таарах нь. Уг нь сонгуулийн үйл явцыг деталь бүрээр нарийн зааж оруулсан бол сая дэвшил гарах байлаа. Холимог тогтолцоогоо оруулж аваад тайвширчих шиг боллоо.

-УИХ-ын 48 гишүүн жагсаалтаар сонгогдохоор болсон. Намын жагсаалтыг ямархуу байдлаар яаж гаргах нь оновчтой гэж харж байна вэ?

-Би түрүүн хэлсэн. Тухайн улс төрийн намын үзэл баримтлалыг хатуу барьдаг, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулахад гардаж оролцсон үнэт зүйл, суурьтай улстөрчдөө оруулвал сайн парламент бүрдэнэ. Харамсалтай нь тэгэх магадлал бага байна. Өнөөдрийн намуудын барьж байгаа стратегийг харахад Ардчилсан нам жагсаалтаа намын удирдлага, хуучин лидерүүдээр “фракцуудын хүчний тэнцвэрийг барьж” бүрдүүлэх бол Монгол ардын нам залуу, нэр цэвэр шинэ залуусаар нүүр хийж жагсаагаад хуучин лидерүүдээ тойрог уруу нь явуулж “шинэчлэгдэж байна” гэсэн шошго наалтаар иргэдийн бухимдалд хариу өгөх гэж оролдох болов уу. Жижиг намуудын хувьд мөнгө босгох гол хэрэгсэл нь намын жагсаалт байх учраас ер нь л зарчих биз дээ. Гэхдээ 126 мандаттай болж байгаа учраас бүх нам нэр дэвшигчийн хомсдолд орно. Ялангуяа жагсаалтын 20-иос хойш нэрээ бичүүлэх, мөнгөө тушаах нэр дэвшигч олдох юм уу даа.

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмсэн. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр Засгийн газар тогтворгүй болох сөрөг талтай гэх шүүмжлэл байдаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Ерөнхийлөгчтэй эрх баригч намын нэг зовлон байдаг байсан нь Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдын ажлыг хийх гээд хутгалдаад болохгүй бол гомдогсодтой нийлж намын даргаа солиод байдаг аксиом. Гэтэл 2018 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад өөрийн кабинетаа шууд өөрөө шийдэх эрх мэдэл олгосноор энэ байдал таслагдсан. Одоо ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ямар бяртай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар томоотой байгаагийн үндсэн шалтгаан нь энэ. 2024 оны Эвслийн Засгийн газар нилээд данхар, олон сайдтай, сайдуудын ихэнх нь гишүүний давхар мандаттай байна гэж үзвэл харин ч эсрэгээрээ байх. Миний бодлоор баахан яамгүй бодлогын гишүүн-сайд нар төрөх болов уу.

Монголын парламент 126 гишүүнтэй болсон нь парламентын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, ирж буй геополитикийн таагүй үеийг давахад ч тустай. Парламентад хувь гишүүдийн лобби бүлэг биш мэргэжлийн байнгын хороодоороо дамжуулж сайн ажиллах ёстой. Тиймээс байнгын хороодын тоогоо нэмэх нь зөв. Ядаж л аюулгүй байдал, батлан хамгаалах байнгын хороог гадаад бодлогоос салгаж шинээр байгуулах шаардлага үүсч байна.

-Эцэст нь асуухад, багагүй хугацаанд талцдаг байсан танай нам эмхэндээ орлоо. Энэ үед Ардчилсан намд яг ямар шинэчлэл хийвэл зүйтэй гэж та харж байна вэ?

-Ардчилсан нам маань хүнд үеэ давж гарч ирлээ. Өнгөц харахад хэдэн хувь лидерүүдийн хувийн маргаан боловч яг нарийн харвал үнэт зүйлийн л зөрчил байсан гэж хардаг. Ардчилсан нам үүссэн үеэсээ л эрх баригч экс коммунист намын эсрэг фронт болж байсан бараг 20-иод намын нэгдэл болж өнөөдрийг хүрсэн. Үнэт зүйлийн дотоод зөрчил ихтэй. Зүүний социал демократууд, барууны либералууд, консерватив үзэлтнүүд бүр нацистууд хүртэл бий. Тиймээс үе үе Ардчилсан намын гишүүдээс туйлширсан ч гэмээр мэдэгдлүүд гардаг нь ийм учиртай.

Харин өнөөдөр бол Ардчилсан нам энэ үеэ давж туулаад либерал консерватив нам болж төлөвшиж чадлаа. Улс төрийн намын хувьдаа нийцүүлж бүтэц, бодлогын шинэчлэлээ хийх хэрэгтэй болох нь. Гэхдээ гол стратеги бол сонгуульдаа бэлтгэх. Намын даргын суудлын маргаан одоо байхгүй. Л.Гантөмөр гэдэг даргатай л сонгуульд орно. Дахиад намын даргын асуудал ярьж, намын гурван даргатай болмооргүй байна. Одоо Ардчилсан нам бусад намууд, иргэний нийгмийнхэн, мэргэжлийн холбоодтой хамтарч эрх баригч намын эсрэг том нэгдсэн фронт үүсгэх ёстой. Монгол ардын нам ч эсрэгээрээ манай саналыг хуваахын тулд ардчилсан гэсэн үг орсон олон жижиг намыг шинээр бүртгэж хуваах стратеги баримтална.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *