Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа..
Наадмын өмнө тохиосон үерт 30 гаруй аж ахуйн нэгж өртөж их хэмжээний хохирол амссан байна. Энэ аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох эрх зүйн ямар зохицуулалт байдаг вэ?
-Гамшгаас хамгаалах тухай хуульд хэд хэдэн нэр томьёо байдаг л даа. “Аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг” хэлэх бөгөөд хур борооны хувьд үргэлжилсэн хур тунадасны хэмжээгээрээ аюулт үзэгдэл гэж үзэх эсэх нь тодорхойлогдох юм. Мөн “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ гэж хуульчилсан байдаг
хамгийн гол нь хуульд заасан дээрх хуулийн тодорхойлолтод нийцэх хэмжээний аюулт үзэгдэл, гамшиг болсон уу гэдгийг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас нь тодруулах шаардлагатай. Үүний дараа л төрийн байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх эсэх асуудал яригдах юм. Гамшиг, аюулт үзэгдлийн хэмжээний асуудал үүсээгүй бол энэ нөхцөл байдалд хүргэсэн буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх асуудал иргэд, аж ахуйн нэгжид бий болох юм. Нөхөн олговор гэдэг үгийн утгыг бодох хэрэгтэй. Нөхөн олговор, гэм хорыг арилгуулах гэдэг тусдаа ойлголтууд юм. Энэ тохиолдолд буруутай этгээдээр гэм хор, хохирлыг арилгуулах тухай яригдана.
-Мэргэжлийн инженерүүдийн зүгээс ААН-үүд үерт өртсөн нь замбараагүй хот төлөвлөлт, хууль бус газар олголттой холбоотой гэх байр суурийг илэрхийлж байна. Хууль бусаар газар олгоход гар бие оролцсон албан тушаатнууд хохирол барагдуулах, хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байдаг уу?
-Энгийн нүдээр харахад л хот төлөвлөлтийн алдаа, замбраагүй газар олгогдсоноос иргэний үндсэн хуульд заасан маш олон эрхүүд шууд болон дам байдлаар зөрчигдсөөр ирсэн. Энэ хохирлыг бид шууд болон дам байдлаар амссаар ирсэн. Ер нь туйлдаа хүрнэ гэдэг шиг л болж байна. Захиргааны хэргийн шүүхэд эрх ашиг нь хөндөгдсөн этгээд л гомдол, нэхэмжлэл гаргадаг болохоор барилгын компаниуд иргэд, аж ахуйн нэгжтэй тохиролцон нэхэмжлэлийг татуулах тохиолдол зэргээс хамаараад хууль бусаар газар олгогдсон ч чимээгүй алга болох тохиолдлууд байдаг. Тухайн үед маргалдагч талууд тохиролцоод өнгөрсөн байх ч хэзээ нэг өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэхэд бүгд л хохирч болохыг бүгд бодох хэрэгтэй. Хуулиар хориглосон үйлдлийг хийх нь ийм л аюултай гэдгийг иргэд, ААН, албан тушаалтнууд нь энгийн ухамсрын түвшинд ойлгож, ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Харин сүүлийн үед стратегийн өмгөөллийн хүрээнд хуульчид болон иргэд хууль бусаар олгогдсон газруудыг эрхийг цуцлуулах талаар захиргааны хэргийн шүүхэд хандах нь ихэсч байгаа ч хэргийг шийдвэрлэх хугацаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хамаараад захиргааны хууль бус шийдвэртэй бодит байдлаар тэмцэх үйл ажиллагааны үр дүн сул байна. Миний хувьд инженерүүдийн дүгнэлттэй санал нэг байна.
Иргэд хууль эрх зүйн мэдлэггүйгээс газар өмчлөх, эзэмших эрхийн харилцаа үүсээгүй байхад үерийн ам гэх мэт газар олгох боломжгүй газарт буусан бол хариуцлагыг өөрсдөө л хариуцна.
Харин Газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгох ёсгүй байршилд газар олгогдсон тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан төрийн албан тушаалтныг хууль бус үйл ажиллагааг эхлээд шүүхээр тогтоолгох шаардлагатай. Шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад хохирлыг нэхэмжлэх боломжтой.
Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, алдааны улмаас учирсан хохирлыг төр буюу тухайн байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжийн өмнө хариуцна. Харин дараа нь төр буруутай этгээдээс хохирлыг гаргуулахаас заасан байдаг. Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнууд хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг төлөхөөс гадна хууль бус үйлдлийн хэр хэмжээнээс хамааран хөдөлмөрийн, зөрчлийн, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.
-Хохирогчдын төлөөлөлд төрөөс нөхөн олговор олгоно гэх байр суурийг илэрхийлж байна. Ийм боломж бий юу?
-Гамшгаас хамгаалах тухай хуульд нөхөн олговор олгох тухай зохицуулалт байхгүй л дээ. Харин Улсын нөөцийн тухай хуульд зааснаар гамшиг, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад улсын нөөцийн бараа, материалыг зарцуулах тохиолдол байдаг. Хамгийн гол нь хэн нэг албан тушаалтан өөрсдийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гамшгийн улмаас учирсан хохирол гэж үзээд улсын нөөцийн бараа, материалыг зарцуулах эрхгүй л дээ. Хэрэв тэгж зарцуулах аваас эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох юм. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгжийн хувьд захиргааны байгууллага болон шүүхэд л яаралтай хандаж төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас хохирлыг учирсан эсэхийг тогтоолгох хэрэгтэй.
Нөгөө алдарт “Акуа” хороололд захиалга өгсөн иргэдийн хувьд гэрээнээс татгалзах байдлаар одоо болон ирээдүйд учрах эсрдэл, хохирлоос урьдчилан сэргийлж болох юм.
-Тийм бол хохирогчдыг хэн төлөөлж нэхэмжлэл гаргах вэ?
Эрх ашиг нь хөндөгдсөн этгээд буюу хохирсон иргэн, аж ахуйн нэгжүүд нь тус тусдаа болон хамтран төрийн захиргааны байгууллага, улмаас шүүхэд нэхэмжлэл гаргана л даа. Харин процессын явцад гомдол нэхэмжлэл гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд төлөөлөх эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болох юм. Одоо тэгээд хамгийн гол нь захиргааны байгууллагад гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах гэдэг хуульд заасан хугацаа өнгөрсөн үү, үгүй юу гэдэг асуудал харилцан адилгүй л дээ. Тэгэхээр яаралтай л хуульчид хандаад, захиргааны байгууллагад гомдол гаргах боломжтой эсэхээ тодруулах хэрэгтэй.
-Төрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө үерт өртсөн бол засвар үйлчилгээний зардлыг төрөөс гаргадаг уу?
-Мэдээж төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс шуурхай арга хэмжээг авч засвар үйлчилгээний зардлыг гаргаж хийх нь зүйн хэрэг. Гэхдээ дээр дурдсан төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоо яригдаж л таарна. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Төсвийн ерөнхийлөн захирагчид буюу жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгадаг.
Мөн Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна гэж заасан.
Тэгэхээр гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах хэмжээ нь оновчтой байсан уу, төлөвлөгөөний дагуу зохих арга хэмжээг хугацаанд нь зохих ёсоор хийсэн үү, хийгээгүй юу гэдгээс шалтгаалан тухайн зардлыг төрийн албан хаагчаас буцаан нэхэмжилж төрийг хохиролгүй болгох эсэх асуудал яригдах юм.
-Хэд хэдэн тээврийн хэрэгсэл усанд автаж ашиглах боломжгүй болжээ. Үүний хохирлыг барагдуулах боломж бий юу?
-Ер нь иргэд, аж ахуйн нэгжийн хувьд эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээ аливаа эрсдэлээс хамгаалахын тулд даатгалын компаниудад эрсдэлээ даатгаж болно. Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалд зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, ахуйн осол, гал, мал амьтны нөлөө, жолоо шилжүүлэх, шилний хохирол, бусдын санаандгүй үйлдэл, хулгай, эвдэн сүйтгэх зэрэг эрсдэлүүдийг хамааруулдаг.
Тэгэхээр Тээврийн хэрэгслийн даатгалын иж бүрэн даатгал хийлгэсэн этгээдийн хувьд бол даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар гэрээнд заасны тухайн даатгалын компанидаа хандах хэрэгтэй. Нөгөө талаас тээврийн хэрэгсэл буюу хөдлөх хөрөнгийн хувьд шууд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас усанд автаж хохирол учирсан гэх байдлаар хандах тохиолдолд ямар нөхцөл байдалд усан автсан бэ гээд гэдгийг нарийвчлан асууж тодруулж байж л хэнээс, хаанаас хохирол нэхэмжлэх боломжтой, боломжгүй нь тодорхой болох юм.