Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Болормаа: УИХ-ын үе үеийн гишүүдэд даланг шинэчлэх саналыг олон жил тавьсаар ирсэн. Гэвч тэд худлаа ярьсаар ирсний үр дүнд өнөөдөр үерийн гамшиг нүүрлэлээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаатай ярилцлаа.


-Баяр наадмын өмнөх өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас хамгийн их хохирсон дүүрэг танайх. Энэ үед ямар ажлуудыг яаж зохион байгуулж, хэрхэн ажиллав?

-Долдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн бороо 5-ны өдрөөс нилээд ширүүссэн. Энэхүү борооны улмаас нийслэл Улаанбаатар хот томоохон үер усны гамшгийн хэмжээнд хүрсэн. Ийм хэмжээний гамшиг Монгол Улсад ойрын жилүүдэд тохиолдоогүй. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар 60 жилд үер тохиох давтамжтай байдаг аж. Миний сонссоноор 57 дахь жилдээ буюу 60 жилдээ багтаж үерийн гамшиг давтагдаж байгаа юм. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутгийг хамарсан үерийн далан сэтэрч, хэд хэдэн хороо нэрвэгдсэн. Үүнийг дагаад маш их хохирлыг бид амслаа. Энэ нь ч бидэнд маш том сургамж боллоо. Сүхбаатар дүүрэгт нэгдүгээр хороо буюу S Out­let дэлгүүрийн орчим хотын төвийн гол бүсэд орох нийт 54 барилга, орон сууц буюу иргэдийн амьдарч буй 29 барилга өртсөн. Мөн хойд тал руугаа 13, 14, 15 дугаар хороо энэ гамшигт өртсөн. Үерийн аман дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, эзэмших гэрчилгээтэй, гэрчилгээгүй нийт 550 айл байна. Үүнээс 350 нь энэ гамшигт нэрвэгдсэн. Үүнд БХЯ, ХЗДХЯ, тэдгээрийн анги нэгтгэл буюу Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, хэлтэс тасаг, албад, Төрийн болон орон нутгийн өмчит ТҮК-ийн ажилчид, хувийн аж ахуйн нэгж байгууллага гээд бүхий л шатны байгууллагууд гар бие оролцсон. Тэр дундаа төрийн болон орон нутгийн өмчит Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид өдөр шөнөгүй ажилласан. Бид эхний гурван өдөр гэр хорооллын бүсдээ анхаарлаа хандуулж ажилласан л даа. Тэнд 2 км гаруй 4-5 метрийн өргөнтэй далан босгосон. Далан босгохгүй бол үерийн аман дээр буусан айлууд урсах эрсдэлтэй байсан. Голын ус, үер ороод ирэхээр 100 метр гаруй тэлж, тэр хэсгийн намагтаа шингэдэг юм байна. Гэвч тэр хэсэгт нь айлууд буучихсан.

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд, онц байдлын нөхцөлд бид ажилласан. Ингэж шуурхай ажилласны хүчинд хүний амь нас эрсдээгүй. Дээр нь цахилгааны шугамууд унасан. Тоггүй болсон ард иргэдийг түргэн шуурхай тогтой холбох, гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хурсан хогийг цэвэрлэх, лаг шаврыг зайлуулах гээд маш олон ажлыг хийсэн. Энэ хугацаанд 350 айл үерт авсан. Үүнээс 150 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн. Эрсдэлтэй бүсэд буусан нүүхгүй гэсэн айлууд олон байсан. Тэдгээр айл өрхөд байгалийн гамшиг ямар үр дүнд хүргэх вэ, яах ёстой зэрэг бүх зөвлөмж зөвлөгөөг өгөөд, өөрсдийнх гарын үсэг зөвшөөрлийг аваад тэнд нь үлдээсэн.

-150 айлыг хааш нь нүүлгэн шилжүүлсэн юм бэ?

-Ах дүү, хамаатан садан гээд боломжтой газрууд руу нүүлгэсэн. Очих газаргүй айлуудыг Гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд шилжүүлсэн.

-Бодит байдал дээр ажилласан хүний хувьд манайх иймэрхүү нөхцөл үүсэхэд хэр бэлэн бэ?

-Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр доод тал нь 80 см, дээшээ 180 см хүртэлх хэмжээний ус тогтсон. Яг энэ үед манайханд техник хэрэгсэл үнэхээр дутмаг юм билээ. Гэхдээ манайхан өмнө нь бэлтгэсэн дүүргийн хэмжээний техник хэрэгсэл болоод бусад салбарынхны тусламж дэмжлэг, техник төхөөрөмж, олны хүчээр давж гарлаа. Яг цагаа тулахаар хэрэгтэй техник хэрэгслийн хувьд маш хангалтгүй юм байна. Ус соруулах техник хоёр ширхэг байсан ч хүчин чадал нь хүрэлцэхгүй. Хэдий Онцгой байдлын газар, цэрэг, цагдаа гээд хүн хүч нөөцөө шавхаад гамшгийн эсрэг арга хэмжээг авсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Долдугаар сарын 12-ны өдрийг хүртэл бүх нөөц хүчээрээ ажилласан. Өнөөдрийг хүртэл ганц нэг барилгууд усаа авч чадахгүй байдалтай байсаар. Яагаад гэхээр цэвэр усных нь хоолой руу лаг шавар ороод бөглөчихсөн. Түүнийг цэвэрлэх, ариутгах ажил явагдаж байна. Гэтэл түүнийг нь хийх багаж тоног төхөөрөмж нь хомс, байх, байхгүй гээд маш олон асуудал гамшгийн үед гарч ирлээ. Олны хүчээр гамшгийн ард гарч болдог юм байна. Үүнийг бодитоор үзлээ. Гамшиг тохиолдсон бүс нутагт давхардсан тоогоор 1200 цэрэг, дүүргийн тамгын газар, хэлтэс албад, онцгой байдал, хот тохижилтын хоёр компанийн нийт 350 гаруй ажилчид гар бие оролцсон. Өмнө бид онцгой байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах туршлагыг цар тахлын үед мэдэж авсан л даа. Цар тахлын үед бид гурван блокын системд орж ажилласан. Энэ нь гурван блок болгож хуваагаад, нэг удирдлага томилдог. Удирдлагууд нөхцөл байдалдаа үнэлгээ хийгээд, чиг үүрэг өгнө. Энэ системээр ажиллаж, гэр хорооллын айл өрхүүдээ хамгаалах даланг босгоод, урагш нэгдүгээр хороо руу очсон. Гэтэл тэнд ажил зуун задгай угтсан. Дахин нөгөөх гурван блокын системдээ оруулан ажлаа түргэвчилсэн дээ.

-Гамшиг осол, байгалийн үзэгдлийн үед бүх л зүйл дээр онцгой, цэрэг, цагдаагийн байгууллагынхаа алба хаагчдыг л дайчлаад байдаг. Иргэд өөрсдөө сайн дураараа хэр оролцов?

-Маш хангалтгүй гэж хэлж болно. Иргэд эрхээ л яриад байдаг. Үүрэг, хариуцлага гэж зүйлээ мэддэггүй юм байна. Дээрээс бичлэг хийгээд сошиалд хэрүүл болгоод сууж байхын оронд, өөрийнх нь хороо, өөрийнх нь хот нь, өөрийнх нь дүүрэг усанд автчихаад байхад ганц хүрз барьж гарч ирээд туслахдаа маш хойрго хандсан. Сошиалаар л дүүрэг, хороо, хот юм хийсэнгүй гээд шүүмжлээд байсан болохоос гарч ирээд сайн дураараа тусласан хүн маш цөөхөн.

-Орон сууцууд үерийн усанд их автсан. Үүнд СӨХ-д ямар үүрэгтэй оролцов?

-СӨХ гэж газар маш муу ажилладаг юм байна. Иргэд өөрсдөө ч шүүмжилдэг. Мөнгө л татаад байхаас юм хийдэггүй СӨХ олон байна. Орон сууцны контор гэж газар байдаг юм байна. Тэд ямар үүрэгтэй юм. Ямар хууль эрх зүйгээр зохицуулагдаж явдаг вэ. Техник тоног төхөөрөмж тэнд байдаггүй юм байна. Бэлтгэл бэлэн байдал гэж юу ч байхгүй. Мөн СӨХ-ны дээд зөвлөл гэж газар байдаг юм байна. Би сая л мэдлээ. Тэнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд байдаг. Иргэдэд шагнал гардуулдаг л гэж сонслоо. Гэтэл зөвхөн манай нэгдүгээр хороонд маш их орон сууц усанд автсан. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо тэр чигтээ автсан шүү дээ. Тэрхүү СӨХ-ны дээд зөвлөл гэдэг газраас нэг ч хүн ирж үерийн голомтод ажиллаагүй. Тэгэхээр энэ газар зүгээр л шагнал гардуулж, улстөрийн зорилгоор ажилладаг газар юм байна гэдгийг л харлаа.

-Танай дүүргээс сонгогдсон гурван гишүүн ирсэн үү?

-Ирээгүй. Бид биднийг төлөөлж буй УИХ-ын үе үеийн гишүүдэд, Улсын их хуралд олон жил санал тавьсаар ирсэн. Даланг шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийгээч гэж сүүлийн 15 жил сануулсан. Үүний тооцооллыг хийж үзэхэд ойролцоогоор 13 тэрбум төгрөг гарсан. Даланг шинэчилнэ гэж маш олон жил бидэнд худлаа ярьсан. Гэвч ажил болгож хийсэнгүй. Хүссэн хүсээгүй нөгөө гамшиг нь өнөөдөр тохиолдлоо. Иргэдийн дуу хоолой болно гэсэн гишүүд нь хаана байна. Иргэдийн төлөөлөгчид нь хааччихав. Дүүргийн төлөөллийн хувьд бид чадах бүхнээрээ газар дээр нь ажиллалаа. Гэтэл дүүрэг гэхээрээ бүх юмны муу муухайгаар л дуудагддаг. Би найман жил дүүргийн Засаг даргаар ажиллалаа. Өмнөх дөрвөн жил нь орлогч хийсэн. Түүний өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнээр ажилласан. Дүүргийн бүх л зовлонг нүдээр үзэж, биеэр ажиллалаа. Цар тахлын үеийг даван тууллаа. Өмнө нь гарч байгаагүй олон гамшиг сүүлийн жилүүдэд дараалан тохиож, анхааруулга өгч байна. Гамшгийн үед газар дээр нь ажиллахад алдаатай оноотой олон зүйл л гарна.

-Та 60 жилийн давтамжтай үер усны гамшиг болдог гэсэн. Одоо 57 дахь жил гээд байгаа. Энэ нөхцөл байдал дахин үүсч магадгүй учраас бид үүнд яаж бэлтгэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, буруу хот төлөвлөлтийг цэгцлэх ёстой. Хоёр том зүйлийг л би олж харлаа. Байгалийн голдиролоороо 37 км орчим урсаж байгаа Сэлбэ голын урсгалыг хаагаад, барилга барьчихсан. Айл буучихсан. Нөгөө ус урсаж байх ёстой гуу жалгыг нь шороо асгаж тэгшлээд л амыг нь хаачихсан. Тод жишээ нь, S Outlet гэж барилга. Хүнээр яривал, судсаар цус гүйж байх ёстой байтал түүнийг бөглөчихвөл яах вэ. Цус харваад, нэг бол тахир дутуу, нөгөө бол амь нас хохирно биз дээ. Түүнтэй адил байгаль дэлхийн цаанаасаа заяагдсан голдиролыг хаагаад, барилга барьчихаар байгаль дэлхий өөрөө харваж байгаа үзэгдэл болж байна. Үүнийг үе үеийн хотын удирдлагууд ямар ч төлөвлөлтгүй газар олголт хийсний л үр дүн гэж ойлгож болно. Хоёрдугаарт, байгалийн жамаараа тогтчихсон энэ голын гольдролыг алдагдуулахгүй даланг хүчитгэх, дахин төлөвлөлт хийх хэрэгтэй. Сэлбэ голын даланг 1970 онд барьсан. Тэгэхээр 53 жилийн насжилттай. Ийм удаан хугацаанд ганц ч засварлаагүй далангийн цемент нь бутраад уначихсан. Хүнээр яривал, шүд хорхой иддэг шиг бутраад уначихсан. Тэгж бутарчихсан юм чинь байгалийн ус нь дороос нь шүүрээд ороод ирнэ. Тэгээд идэгдээд байгаа далан тэр хэсгээрээ зад тавилаа шүү дээ. Хүссэн хүсээгүй байгаль өөрөө шүүгээд өглөө л гэж харагдаж байна.

-150 айлыг нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Гэтэл хэлээд анхааруулаад, хашаа хороог нь буулгаад, хөөгөөд байхад л буцаж очоод буучихдаг. Энэ байдлыг яах вэ?

-Би нийслэлийн үе үеийн удирдлагуудыг гайхаж байна. Дүүрэг газар өмчилдөггүй. Үерийн аман дээр буусан айлуудын судалгаа надад байна л даа. Жишээ нь, үерийн аман дээр буусан 158 айлд өмчлөх гэрчилгээ олгочихсон байгаа нь харамсалтай. Энэхүү өмчлөх гэрчилгээг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилна гэж бодож байна. Тэнд дор хаяж 10-15 жил амьдарсан айлууд бий. Эзэмших гэрчилгээтэй 312 айл, зөвшөөрөлгүй буучихсан 80 айл байна. Үүнийг цааш шүүрдвэл илүү л нэмэгдэнэ. Иргэд өөрсдийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Цаашид юу болохыг бид мэдэхгүй. Өмнөд Солонгос улс үерт автчихлаа. Ямар өндөр хөгжилтэй, амьжиргааны түвшин дээгүүр улсад ордог билээ. Өнөөдөр мэдээлэл үзэхэд 49 хүн нас барчихсан байх жишээний. Энэ зовлон бидэнд нэг л өдөр ирнэ. Газар хөдлөлтийн гамшиг болоход ойрхон байна. Газар хөдлөлтийн давтамжууд сүүлийн жилүүдэд маш их нэмэгдэж байна. Муу ёрлож байгаа юм биш. Энэ бол дохио.

-Тэгэхээр цаашид яаж ажиллах вэ?

-Миний дараагийн авах арга хэмжээ эдгээр айлуудыг зайлшгүй нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авна. Нийслэлийн төлөөлөгчийн хувьд, дүүргийн Засаг даргын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад энэ асуудлыг тавина. Нэгдсэн журмаар үерийн аман дээр буусан айлуудыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлнэ. Дагуул хотыг бий болгох, дэд бүтцийг нь шийдэж өгч, энэ айлуудыг нүүлгэх арга хэмжээг зайлшгүй авах ёстой. Үүнийг дүүрэг ганцаараа хийж чадахгүй. Улсын хэмжээнд, нийслэлийн хэмжээнд бодлогоор хийх ёстой. Тогтой устай, дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл айлууд нүүнэ шүү дээ. Тодорхой хэмжээгээр улсаас, нийлэлээс урамшуулал өгөх, дэмжлэг үзүүлж 550 айлыг эхний ээлжинд нүүлгэх ёстой. Хууль журмын дагуу зөвшөөрөлгүй барилга байгууламжийг буулгах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад тавина. Гамшиг тохиолдсон үед техник тоног төхөөрөмж маш их шаардлагатай юм билээ. Энэ бүгдийг дараа дараагийн төсөв санхүүдээ суулгах, гамшгийн эрсдэлийн үед ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг юм тэр бүгдийг 2024 оны төсөвт суулгах гээд маш олон шаардлагууд гарч байна л даа.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу. Хохирлыг хаанаас яаж барагдуулах вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүргүүдэд ажлын хэсэг байгуулах буюу дэд ажлын хэсэг байгуулаад, 2023 оны А/320 дугаар захирамжийг гаргаад явж байна. Хохирлын хэмжээг тогтооход манайд урьд өмнө нь гарч байгаагүй кейс л дээ. Автомашины хувьд иргэд боломжийн хэмжээнд даатгуулдаг юм байна. Даатгалтай хүмүүс Даатгалынхаа хуулиар гэрээ хийсэн компаниасаа хууль эрх зүйн хувьд хохирлоо нөхөн төлүүлж болно. Аж ахуйн нэгж, хувь иргэн эрсдэлийг тодорхойлдог, үнэлгээ хийдэг компаниуд байдаг байх гэж би бодож байна. Дүүрэг үүнд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэхээр нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд дэд ажлын хэсэг гарчихсан. Энэ ажлын хэсэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хохирлын талаарх холбогдох бичиг баримтыг авна. Эхлээд иргэд хохирлоо үнэлүүлээд, тодорхойлуулаад бичиг баримтаа хорооны Засаг даргын ажлын хэсэгт аваачиж өгнө. Хороо тухайн хэсгийнхээ аж ахуйн нэгжийг мэднэ. Иргэдээ мэддэг. Ингээд хорооноос ирсэн бичиг баримтуудыг дүүрэгт нэгтгээд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар буюу нийслэлийн Онцгой байдлын газарт материалуудыг долдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг гэхэд хүргүүлсэн байх шийдвэр гарсан. Хэрэв иргэд гэнэтийн ослын даатгал хийлгэсэн бол тухайн даатгалын компаниасаа хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой.

-Гэр хорооллын бүс үерт авсан. Тэгэхээр нүхэн жорлонгууд урсаж, маш их бохирдол үүсч байгаа. Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байгаа юу?

-13, 14, 15 дугаар хороо тэр чигээрээ гэр хорооллын бүс нутаг. Маш их бохирдол үүссэн. Сэлбэ голын дагуу маш их хог хуралдсан. Тэнд гарч ирээгүй хог гэж байхгүй. Үнэхээр гутармаар муухай. Иргэд яагаад хүүхдийнхээ хэрэглэсэн живхийг голын усанд урсгадаг юм бэ. Эмэгтэйчүүдийн хэрэглэл, архины шил, пивоны лааз хүнээс гарч болох бүх хаягдал тэнд байна. Яагаад хүн гэдэг амьтан ийм муухай байдаг юм бэ. Байгаль үүнд гомдоод өөрийн эрхгүй хүнээр бол уйлж байна шүү дээ. Битгий ил задгай хогоо хаяач. Амарч зугаалсан юм бол хогоо хамж авч яваад тусгай хогийн цэгт аваачаад хаячих л даа. Нүхэн жорлонгууд бүгд урссан. Бид давтамжтайгаар 122.548 м.кв талбайд нийт 13 хороог хамарсан нүхэн жорлон буюу бохирын цооногт ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа. Хийсэн нь энэ. Цаашид хийсээр л явна. Тэгэхгүй бол нөгөө гэдэсний халдварт өвчин, савханцар, туулга гээд маш олон халдварт өвчин гарах эрсдэл нэмэгдэнэ. Иргэддээ хамгийн гол сануулж хэлэх зүйл хогоо ил задгай битгий хаяач, байгалийг байгаагаар нь цэвэрхэн байлгаач л гэж хүсмээр байна. Мөн энэ дашрамд БХЯ, ХЗДХЯ, тэдгээрийн анги нэгтгэл буюу Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газар, дүүргийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг даргын тамгын газар, хэлтэс тасаг, албадууд, Төрийн болон орон нутгийн өмчит ТҮК-ийн ажилчид, хувийн аж ахуйн нэгж байгууллага гээд бүхий л шатны байгууллагууд тэр дундаа төрийн болон орон нутгийн өмчит Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдадаа тусгайлан баярласнаа илэрхийлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *