Өнөө жилийн наадмын гол шуугиан идэвхээр нь хасдаг бөхийн барилдааны дүрэм байлаа. Бөхчүүдэд бүтэн цагийн хугацаа олгосон. Эхний хорин минутад зүгээр барилдана. Дараагийн хорин минутад барьцнаас барилдана. Сүүлийн хорин минутад ижил тэгш барьцнаас барилдахыг бөхийн салбар комиссоос Баяр наадмын тухай хуульд тодорхой зааж өгсөн юм. Уг хуулийн дагуу энэ жилийн наадмын бөхийн барилдаан болсон. Гэтэл барилдааны эхнээс л хэрүүл тэмцэл, хуваагдал, хэл ам гарч эхэлсэн.
Тухайлбал хоёрын даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Б.Даваа-Очир, Увс аймгийн начин Оргилболд нарыг хэлмэгдлээ гэж шуугьсан. Даваа-Очирын хувьд Хэнтий аймгийн арслан Алтанцоожтой хүч үзээд дүрмэнд заасны дагуу бүтэн цагийн хугацаанд давалцаагүй учир хөлийн цэцүүдийн шийдвэрээр аймгийн арслан Алтанцоожийг идэвхээр нь давуулсан. Гэтэл наадмын эхний өдрийн орой цахимаар тэр чигтээ хөлийн цэц улсын начин Одхүүг харааж зүхсэн, Даваа-Очир начинг хэлмэгдүүлж нутгийн бөхөө эрх мэдлийнхээ хүрээнд давууллаа гэж тэр чигтээ дайрч доромжилсон.
Энэ байдал долоогийн давааны аварга Н.Батсуурь, арслан Ц.Содномдорж нарын барилдаан дээр бүр утгаа алдсан. Энэ хоёр бөхийн барилдаан дүрэмд тусгасан зүйл заалтын дагуу үргэлжилж цаг дуусахад хэн хэн нь хаялцаагүй учир хөлийн цэцүүдийн бараг 100 хувийн шийдвэрээр аварга Батсуурийг давуулсан. Бөх мэддэг, дүрмээ мэддэг хэнд ч уг барилдааны шийдвэр маш тодорхой байсан. Үнэндээ Батсуурь аваргын бүтэн цагийн барилдааны явцад гаргасан идэвх, хийсэн мэх, санаачилгатай байдал зэрэг нь маргаангүй ялалт байсан. Гэтэл цэнгэлдэх дүүрэн цугласан наадамчин олон нийтээрээ энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж, ус ундааныхаа савыг шидэлж орилж хашгирсан. Сошиал сүлжээнд Батсуурь аваргыг энэ дүрмийг зохиосон мэтээр дайрч доромжилж, Содномдоржийг давах байсан гэж улайран дайрцгаасан нь маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байлаа. Нийтээрээ ингэж дүрмийн эсрэг тэмцэж, Батсуурийг үзэн ядсаныг, Одхүү начин тэргүүтэй хөлийн цэцүүдийг харааж зүхэж байгааг хараад яалт ч үгүй монголчуудын зан мөн дөө гэж бодож байлаа. Аливаа юманд хуульгүй мэт ханддаг, ямарваа дүрэм журмыг мөрдөж мөшгинө гэдгийг огтоос мэддэггүй зэрлэг бүдүүлэг, харанхуй мэт явж ирсэнийхээ горонд монголчууд ийм өөдгүй, хариуцлагагүй, ёс зүйгүй, ийм хоосон гуйлгачин амьдарч байгаа юм. Нэгэнт л дүрэм зохиож хуульчилсан бол түүнийгээ ягштал мөрдөж баримтлах ёстой. Хэрвээ мөрдөхгүй юм бол мянга сайн дүрэм гаргаад ч хэрэг байхгүй. Тухайн дүрэм алдаатай ч бай, оноотой ч бай түүнийг мөрдөх учиртай. Энэ зарчмыг монголчууд хатуу баримтлах ёстой. Гэвч бид хуульгүй мэт дур дураараа аашилж, аливаа зүйл дээр зөвхөн өөрийнхөө хар амийг бодож, өөртөө нийцүүлэх гэж юманд ханддаг болохоор бид хэзээ ч урагшилдаггүй юм.
Хууль дүрмийг баримталж явахын оронд монголын хууль гурав хоног гэж ярьцгааж өөрсдийгөө өөгшүүлж, дур дураараа аашилдаг. Ийм байдал энэ наадмаар маш тодорхой ажиглагдлаа. Хэрвээ Баяр наадмын тухай хуулиа мөрдөхгүй юм бол, бөхийн дүрмээ дагахгүй юм бол наадам чинь наадам биш болно шүү дээ. Батсуурийг эсэргүүцээд байгаа, цаагуураа дүрэм журмыг эсэргүүцээд байгаа нийт нөхдийн саналаар бол хүн бүхэн нутгийн бөхөө, харж биширч явдаг өөрийнхөө бөхийг дур зоргоороо давуулаад нэг бөх түрүүлэх биш арав хорин бөх түрүүлээд тэр бүгд нь аварга арслан болоод явах юм байна л даа. Гэвч бид чинь төртэй, хууль дүрэмтэй, түүнээ дагаж мөрдөх үүрэгтэй ийм улсууд. Үүнийхээ хүчинд ч наадам маань наадам хэвээрээ оршин тогтнож байгаа юм.
Ер нь бол идэвхээр нь хасдаг энэ заалт нь монгол бөхийг аврах сүүлчийн гарц байж ч мэднэ. Бөхийн барилдаан цагт баригддаггүй, зай талбайд баригддаггүй, дэлхийд ганц монгол бөх минь энээ тэрээ гэсэн энэ элий балай ойлголтоосоо одоо салах хэрэгтэй. Бөхийн барилдааныг хуульчилж өгсөн дүрэмтэй, тухайн заасан цагт нь хаялцаагүй тохиолдолд хэн идэвх санаачилгатай байсанд нь ялалт өгдөг энэ шийдвэр хамгийн зөв. Монгол төрийн наадамд хоёр бөх нь барилдаад хонохоо шахаж байсан тохиолдол олон бий. Тэр жил Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ хоёр юу боллоо. Дөрөв таван цаг хэн хэнийгээ баглаж чилийтэл зогсоод наадамчин олныг залхаахын дээдээр залхааж, муу сайн юмнуудыг яасан ч яадаг юм гэсэн байдалтай зогсож байсныг бид мэднэ. Төрийн шадар сайд нь очиж тэр хоёр бөхөөс хурдан барилдахыг гуйж гувшиж байлаа.
Тэгвэл энэ дүрэм бол бөхийг хурдан шуурхай барилдах, хамгийн гол нь идэвх санаачилга үзүүлэх, зүгээр барьц сонгохыг хүлээгээд, зүгээр нэг зуураад зогсчихыг болиулсан, бөхийн барилдааны үхээнц тогтонги байдлыг өөрчилсөн ийм л дүрэм. Тиймийн тулд монгол бөхийг аврах сүүлчийн ганц боломж ч байж мэднэ гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр монголчууд минь гаргасан дүрэм журмаа нийтээрээ эсэргүүцэн дайрах биш харин ч ягштал баримталдаг, дагаж мөрддөг болохыг энэ жилийн наадмын бөхийн барилдаан харууллаа. Архангай нь ч байна уу, Өвөрхангай нь ч байна уу, аль нутгийн бөх түрүүлсэн нь сонин биш. Хамгийн гол нь гаргасан дүрмээ баримталж, хаа хаанаа хариуцлагатай байхгүй бол бид өнгөтэй өөдтэй бүхнээ дур мэдэн устгасан энэ дэлхийн хамгийн бүдүүлэг улс үндэстэн болох нь гэдгийг харуулсан наадам боллоо.
Д.Батболд