Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ц.Жамбалсүрэн: Төв аймаг Монгол Улсын түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болно DNN.mn

Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.


-Төв аймаг байгуулагдсаны 100 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс аймгийн үүх түүхээс ярилцлагаа эхэлье?

-Анх 1923 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 38 дугаар тогтоолоор аймгуудын нэрийг газар орны нэрээр нэрлэхээр шийдвэрлэж, Түшээтхан аймгийг Богдхан уулын аймаг гэж нэрлэсэн түүхтэй. Богдхан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойд талаараа ОХУ, өмнөд талаараа Хятад улсын хил хүрч Монгол Улсын газар нутгийн дөрөвний нэг орчмыг хамарсан өргөн уудам нутагтай байсан

Засаг захиргааны анхны нэгжээ Лүн сумын нутагт Өвөр долоод гэдэг газарт төвлөсөн түүхтэй. Улмаар аймгийн төвийг Улаанбаатар хот руу нүүлгэж 1942 он хүртэл Нийслэл хотод байрлаж байгаад, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн, Богдхан уулын өвөр Манзушир хутагтын зуны өргөө байсан Зуунмодны сэрүүн дэнжид төвлөрүүлсэн юм. Ийнхүү Төв сайхан нутгийн маань түүхт 100 жилийн ой өнөө жил тохиож байна.

-Төв аймаг бол алдартан суутнуудын өлгий нутаг билээ. Танай нутгаас төрөн гарсан алдартнуудаас дурдвал…

-Түүхэн 100 жилийн хугацаанд Төв аймагчуудын дундаас Улсын баатар гурав, Хөдөлмөрийн бааар 65, Ардын жүжигчин 20, Ардын уран зохиолч тав тэргүүтэй 32 ардын цолтон, Гавьяат цолтон 317, Улсын аварга тариаланч, тариаланч хамт олон нийлээд 283, Улсын аварга малчин 209 төрөн гарсан байна.

Мөн Төв аймагчуудаас Чингис хаан одонгоор хоёр, төрийн шагналаар 31 эрхэм шагнагдаж, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртсэн байна.

Мөн Төв аймагчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын ялалтыг байгуулахад манлайлан оролцож, дайны жилүүдийн болон энх цагийн батлан хамгаалах үйл хэрэгт олон зуун эрэлхэг хөвгүүд охидоо илгээж байсныг үргэлж санаж явах учиртай.

Түшээт хан Гомбодорж, түүний алдарт хөвгүүд, хошуу захиран суусан вангууд монгол төрийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, арвижуулан баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг түүх гэрчилнэ.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн II богд Лувсандамбийдонмэ, автономит Монгол Улсын Ерөнхий Сайд Гончигжалцангийн Бадамдорж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах, хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэн, түүний дараа нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд манлайлан оролцсон Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд, Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж, монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Шадар сайд, Дотоод хэргийг бүгд захирагч яамны тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Дамбын Чагдаржав, Ерөнхий Сайдын орлогч Цэрэндоржийн Ширнэндамдин, Гадаад яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Дотоод яамны тэргүүн сайд Тогоочийн Пунцагдорж нарын байгуулсан гавьяаг бид үеийн үед дурсан санах учиртай.

-Төв аймаг 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарсан байна.

-Төв аймагчууд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол өсгөж, хариуцлага, сахилга баттай ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж, нийт 10 удаа Улсын тэргүүний аймгаар шалгарлаа.

Төв аймагчуудын үндэсний хэмжээний эдийн засагт оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгэм хүмүүнлэгийн салбарт гаргасан амжилтыг Монгол Улсын төрөөс өндрөөр үнэлж, 1987 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2013 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнасан.

-Аймгийн гудамжаар алхаж байхад ойг угтсан олон бүтээлч ажил хийж байгаа харагдсан. Манай уншигчдад онцлох ажлуудынхаа талаар танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Бид түүхт ойгоо угтан энэ сайхан нутгаар овоглодог хүн бүр зүрх сэтгэлээ гарган, томоохон хөрөнгө оруулт, бүтээн байгуулалтын ажлуудаас эхлээд сум баг, иргэн бүр хашаа хороогоо өөд татахаас эхлээд иргэн бүр ойгоо сайхан угтахыг хичээн ажиллаж байгаа нь үнэхээр талархалтай байна.

Бид 100 жилээ угтан…

-Аймаг бүр өөрийн онцлогтоо тулгуурлаж хөгжлийн замаа зурдаг. Төв аймаг хөгжлийн хэтийн төлөвөө яаж харж байгаа бол. Дараагийн зуунд ямар салбарт тулгуурлаж яаж хөгжихөөр зэхэж байна вэ?

-Бид Төв аймгийн ирээдүйн хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулан гинжин тойрог хэлхээ үүсгэн “Хөгжлийн алтан тойрог” хэмээн нэрийдэж, стратеги зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байна.

Монгол Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болох ирээдүйг харан хөгжиж байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар болсон Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлтийг боловсруулан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн суурь дэд бүтцийг бий болгоход зориулагдсан бөгөөд гинжин хэлхээг бий болгох, борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилгоор томоохон төслүүдийг боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна.

Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, мах үйлдвэрлэлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлэх зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Бид цаашдаа аймгийнхаа нутаг дэвсгэрийн давуу тал, хөгжлийн боломжид тулгуурлан Зуунмод орчмын бүс нутгийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг хэрэгжүүлэх Үйлдвэр технологийн паркийн цогцолбор, Олон улсын нисэх онгоцны буудал, Богдхан төмөр замыг түшиглэсэн тээвэр логистикийн сүлжээ, агуулахын аж ахуй байгуулах томоохон төсөл хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Төв аймгаа хөгжлийн төв цэг болгон өнөө цагийн хөгжлийн шинэ жишиг болгох болно.

Бид голлох салбаруудаас гадна гадаад харилцаа, аялал жуулчлалын хөгжлийг Төв аймгийн дараагийн зууны хөгжлийн бас нэгэн тулгуур хэмээн харж байгаа.

-Хөгжил ярихад эдийн засгийн бие даасан байдал чухал байдаг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгохын тулд цаашид ямар арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байгаа бол?

-Төв аймаг дунд хугацааны бодлогын баримт бичгүүдээ “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудтой уялдуулан хэрэгжүүлснээр хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай аймаг болохоор зорин ажиллаж байна.

Манай аймаг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдүүлэн ажиллаж ДНБ-ний өсөлт 2021 онд 851,2 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 925,4 тэрбум төгрөгт хүрч 8.7 хувиар өссөн бөгөөд энэхүү ажлын үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, аймгийн эдийн засагт аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын өсөлт нэмэгдэж, аймгийн болон нийслэл орчмын бүс нутаг, сумдад мах, сүү, хүнсний ногооны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйнууд, мал амьтны гаралтай түүхий эд, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлж, мал сүрэгт цөм болон цэвэр, өндөр ашиг шимт малын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Мал аж ахуйн салбарт малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд үхэр сүргийг Сэлэнгэ үүлдэр, сүү махны хосолмол ашиг шимт Алатау үүлдрийн ашиг шимийн судалгааны ажлын үр дүнд орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон “Буган халиун” үхрийн шинэ үүлдрийн хэсэг бий болгон хөгжүүлж, хонин сүргийг Баянцагааны илүү нугаламт, ямааг Өнжүүл үржлийн хэсгийн ямаагаар сайжруулан хамгийн олон эрчимжсэн аж ахуйтай аймаг болоод байна.

Эдгээр ажлын үр дүнд манай аймаг зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болж сүүлийн жилүүдэд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 8-12 хувиар тогтмол өсч байна.

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухааны ололт, сайн туршлагыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулан өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах үндсэн зорилтыг дэвшүүлэн, “Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөө” боловсруулан мах сүүний эрчимжсэн аж ахуйн бүс, газар тариалангийн хөгжлийн бүс, Туул, Хэрлэн голын савыг дагасан жимс, жимсгэнэ, таримал ургамлын бүс, уламжлалт мал аж ахуйн бүс болгон бүсчлэн хөгжүүлж байна.

Бид сүүлийн жилүүдэд иргэдийнхээ орон нутагтаа ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэр үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж, /668,3 тэрбум/ 26 сумыг нэгдсэн халаалтын симтемтэй болгож, 13 суманд инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, 16 сум автозамаар холбогдож, Зуунмод суманд дулааны станц, 4500 айлын орон сууцны хорооллын барилгын ажлууд явагдаж байна.

Боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил, хамгаалалын салбарт онцгойлон анхаарч, улс, аймаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв, соёл спортын 84 шинэ барилга барьж ашиглалтад оруулан, 148 барилгад их засвар хийгээд байна.

Мөн үндэсний хэмжээний палеонтологи археологи, угсаатны зүйн лаборатори музейн барилга баригдаж байна.

Манай аймагт үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж, эдийн засгийн чөлөөт бүс, Богдхан төмөр зам, Шинэ Зуунмод, Майдар хотууд байгуулагдаж байна.

Төв сайхан нутаг Төв аймгийн маань ирэх он жилүүдийн хөгжлийн чиглэл, өнгө төрх улам тодрон гэрэлтэж байна.

Зуунмод сумын гал голомт болсон 30 мгВ-тын дулааны станц, шугам сүлжээ, цахилгаан дамжуулах агаарын шугам, цэвэр усан хангамжийн эх үүсвэр, үерийн далангийн ажил хийгдэж байна.

Мөн нэхмэл, сүлжмэл, оёдлын үйлдвэрийн төрөлжилтийг бий болгох, ХАА-н бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах үйлдвэрүүд, ХАА-н бирж, эрчимжсэн кластер аж ахуйг байгуулах, зам, дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон төслүүдийн ажил хийгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *