Үндсэндээ долоо хоногийн дараа улсын наадам болох нь. Зарим бөхчүүдийн сэргэлтийн бэлтгэл өндөрлөж, орон нутгийн наадамдаа зодоглох нь бууж байна. Харин улсын наадамд барилдах бөхчүүд нь 10 болон 11-ний өглөө шууд наадамдаа барилдахаар бэлтгэлээ өндөрлүүлнэ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн томоохон галуудын сорилго барилдаанууд болов. Энэ үеэр хэний бэлтгэл ямар байгаа нь харагдлаа. Баяр наадамд барилдах бөхчүүдийн цөм нь Сүүж уул амралтад төвлөрчээ. Сүүлийн хэдэн жилийн баяр наадмын өнгийг энд бэлтгэл базаасан бөхчүүд тодорхойлж ирсэн. Энэ жил ч тэд тодорхойлохоор харагдаж байна. “Сүүж” ууланд “Ховд” дэвжээний их гурвал болох улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нар айлсаж, бие биенээ хурцалж хамтдаа бэлтгэлээ базааж байна. Тэр дундаа улсын заан Баярхүүгийн Бат-Өлзийгийн бэлтгэл өнөө жил гойд сайн байгаа аж. Халгатал тунасан Хангайгаасаа бага зэрэг хоцорсон нь өөрийгөө ирлэж өөр түвшинд бэлтгэхэд хүргэжээ. Энэ жилийн түрүү бөхийн таавар түүнтэй л холбогдож байна. Түрүүлэхийн тулд тэр гол барилдаанаа долоо болон наймын даваанд тунаж хийнэ. Өөрөөр хэлбэл Архангайн улсын харцага О.Мөнх-Эрдэнэтэй тунаж барилдах магадлал тавиас илүү хувьтай. Нөгөө талд “Бөх билэгт” дэвжээнээс бэлтгэж байгаа гол хөзөр нь Мөнх-Эрдэнэ харцага. Энэ хоёр тунасан нөхцөлд давсан нь цаашаа түрүү, үзүүрт гарч өрсөлдөх боломжоо нээнэ. Өмнөх өрсөлдөөний үзүүлэлтүүдийг сөхөж харвал Бат-Өлзий заанд магадлал илүү харагдаж байгаа юм. Энэ давааг л аюул осолгүй гэтлээдэхвэл Бат-Өлзийгийн түрүүлэх таавар бодитоор биеллээ олоход үндсэндээ ганц алхам л үлдэнэ. Энэ жилийн наадмаар идэвх харж хасна гэх мэдээллийг бөхийн салбар хорооноос хийсэн. Энэ шийдвэр Бат-Өлзийд сөргөөр нөлөөлж болох талтай. Барилдааны идэвхээр л хасагдчих гээд байдаг бөх бол Бат-Өлзий заан. Бусдаар бол заалны барилдааны “мангас” Бат-Өлзийгийн гарыг нугалах хүчтэн энэ жил алга.
Нөгөө талд О.Хангай ч цол дагаж бяр нэмээд 102 жилийн ойдоо хүч үзнэ. Харин хий зай нь хэр дарагдсан нь анхаарал татаж байна. Тэрбээр улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, аймгийн харцага Э.Өлзийсайхан гээд төрөл бүрийн барилдаантай бөхчүүдтэй хамтран бэлтгэлээ базааж байгаа. Үр дүнд нь тэр улсын наадамд түрүүлсэн. Энэ жил ч барилдааны гол бэлтгэлээ өнөөх хэдтэйгээ л хийж. Ирийг нь мэдээж Ц.Мягмарсүрэн заан тааруулна. Аварга Хангайгийн хааяахан гаргадаг хий зайг нь засч янзлахаар ард нь бүтэн баг ажилладаг юм билээ.
Мөн улсын заан Б.Пүрэвсайхан арслан цолны төлөөх сүүлийн сумныхаа нэгийг хүчтэйхэн тавихаар бэлтгэж байгаа бололтой. Энэ улиралд заалны барилдаанд хоёр ч удаа түрүүлсэн түүний хувьд өндөр даваанд гарч өрсөлдөөн үзүүлэх бүрэн боломжтой.
Түүнчлэн улсын заан М.Лхагвагэрэл энд бэлтгэлээ базааж байгаа. Гавьяат багш Б.Адъяахүү, Б.Баттулга нарын туршлагатай багш нар залуу зааны ирийг тааруулж буй. М.Лхагвагэрэл “Даян” дэвжээний наадмын сорилго барилдаандаа түрүүлж мөн л бэлтгэл сайн байгаагаа харуулаад амжсан. Энэ жилийн тухайд “Даян” дэвжээнээс наадмын дэвжээнд дээгүүр даваанд гарч өрсөлдөх нь улсын заан М.Лхагвагэрэл л байна. Өнгөрсөн жил хамгийн залуу начны даага хөтөлсөн Э.Батмагнай Баянхонгор аймгийнхаа галын наадмын сорилго барилдаанд түрүүлсэн байна лээ. Инээдэг гарьд П.Сүхбатын ид үеийн гал цогтой эрэмгий барилдааныг санагдуулдаг энэ хүү наадмын дэвжээнд цахиур хагалах л бөхчүүдийн нэг. Энэ жилдээ архагуудтай өрсөлдөхөд арга туршлага нь арай жаахан нимгэдэж болно. Цаг мөч бүрээр л ур чадвар нь ахиж яваа Баянхонгорын Батмагнай начин ирэх он жилүүдэд олон наадмын өнгийг тэр ч тодорхойлох байх. Гавьяат тамирчин Ц.Нацагдоржийн гарын шавь Совдын Мөнхдуулдах Э.Батмагнайн бэлтгэл сургуулилалтыг хариуцаж ажилладаг юм.
Наадмын өнгийг тодорхойлох дараагийн хүчтэнүүд “Бөх билэгт” дэвжээнд бий. Тэд өнгөрсөн улиралд багаараа сайн ажиллаж “Алтан цом”-ын анхныхыг нь Архангай нутагтаа залсан. Өнгөрсөн жилийн наадмын долоогийн даваанд л “ажлаа дуусгасан” тэд энэ жил дутуугаа гүйцээхээр чамбай бэлтгэж байна. “Бөх билэгт” дэвжээний дасгалжуулагч улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нарын тоглох гол хөзөр нь улсын гарьд М.Бадарч, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар. Тэднийгээ наадмын өндөр даваанд хосоор нь сойно. Сүүлд 2016 оны тэгш ойн жил давхар цохилт хийж үнэмлэхүй амжилт үзүүлж байв. Энэ жилийн тухайд дээрх амжилтаа давтахад хэцүү. Энд харин улсын цолд яригдах хэд эдэн залуу бий. Аймгийн хурц арслан С.Сүхбат, цэргийн арслан Л.Отгонбаатар, аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь нарыг онцлох байна. Эдний хоёр нь улсын цолны босгоор алхах бодит боломжтой. Учир нь улсын аварга Ч.Санжаадамба өнгөрсөн сар шинийн үеэр нэвтрүүлэгт орохдоо залгамжаа бэлтгэж, залуусаа цолны босгоор алхуулахад гар бие оролцох талаар шулуухан хэлсэн байдаг. Бүр тодруулбал аймгийн хурц арслан С.Сүхбатыг онцолж хэлсэн. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва нутгийн залуусаасаа нэгийг нь дэмжих болов уу. Эв нэгдэлтэй, багаар ажилладаг энэ дэвжээнээс улсын цолтон төрөх нь дамжиггүй. Сүүлд нь онцлоход улсын харцага Батсүхийн Зоригтбаатар энд бэлтгэлээ базааж байгааг мартаж болохгүй.
Увс нуур галынхан урьдын адилаар Цонжин болдогоос хойшоо даваад Харзтай дахь “Шүтээн” амралтад бэлтгэлээ базааж байна. 25 жилийн арвин түүх, зузаан намтартай энэ галын наадмын сорилго барилдаан бямба гаригт болов. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Д.Дорлигжав, дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд цуглаж сонирхсон энэ наадамд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүрлэсэн юм. Даян аварга Н.Батсуурь галын наадамдаа зодоглосон ч Сэлэнгэ аймгийн заан Баттөрийн Ганбаярт унасан. Харин улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр нар энэ удаа наадмын сорилго барилдаанаа өнжсөн юм. Бөхийн барилдааны үеэр ширүүн бороо асгарч, чөлөөгөөр нь үүлэн завсраар нар цухуйж солонго татах үзэгдлийг харсан наадамчид жигтэйхэн бэлгэшээж байна лээ. Галын наадмаар нь бороо асгарсан жил эндээс наадмын түрүү бөх тодордог зүй тогтол бий гэнэ. Тодруулбал 2020 онд Нагалхан уулын өвөрт болсон наадмын сорилгын үеэр нэг их хүчтэй аадар асгармагцаа мөд удалгүй цэлмэж, солонго татаад эхэлж л дээ. Тэр жилийн наадмаар П.Бүрэнтөгс аварга түрүүлж улсын аварга болж байсан гэнэ. Н.Батсуурь нь үзүүрлэж энэ гал давхар цохилт хийж байв. Энэ жил ч тийм л амжилт хүлээж байгаа бололтой. Энэ жилийн тухайд Увс нуур дэвжээний гол найдвар нь улсын даян аварга Н.Батсуурь. Дөрвийн давааг л аргалаад гарахад их шөвөг хүртэл ногоон гэрлээр гүйх боломжтой. Учир нь тэр наадмын дэвжээнд амласан бөхдөө унадаггүй том онцлогтой бөх. Өрсөлдөгчөө зөв үнэлж, ухаалаг барилддаг Н.Батсуурь аварга энэ наадмын чимэг нь байх болов уу.
Харзтайн ойролцоо улсын арслан Баярсайханы Орхонбаяр наадмын бэлтгэлдээ гарсан байна. Тэрбээр өөрийн багш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн хамт “Увс нуур” дэвжээний галын барилдааныг сонирхоод явж байна лээ. Н.Батсуурь аваргын барилдааныг анхааралтай ажиглаж байгаа нь наадмын барилдаанаа тооцоолж байгаа мэт. Учир нь тэд энэ жил ахин таарах магадлалтай. Аймгийн арслан Г.Дармаажанцан, аймгийн харцага Х.Наранбаяр, цэргийн начин Г.Баянмөнх, аймгийн начин М.Баяржавхлан нарын залуус Б.Орхонбаяр арслангийн бэлтгэлийг базаалцаж байна. Ирийг нь Т.Өсөх-Ирээдүй харцага тааруулж буй. Орхонбаяр арслан хавар бэртэл авснаас хойш гарч барилдаагүй. Яг ямар форумтой Төв цэнгэлдэхэд очих нь мэдэгдэх юм алга. Ид барилдаж байгаа залуу хүчтэний тухайд наадмын түрүүг л зорьж байгаа болов уу.
Мөн хамгийн олон фэнтэй бөх улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар нар наадмын бэлтгэлээ хамтдаа базааж байгаа гэнэ.
Энэ жилийн наадмын өнгө тодорхойлох бөхчүүдийн талаар энд онцлоход ийм байна. Өөрөөр хэлбэл энэ хэдийн хооронд л гол өрсөлдөөн гарна гэсэн үг. Төрийн жолоог атгаж буй Хэнтийнхэн улс төрд Оюун-Эрдэнийг, улсын наадамд Оюунболдыг харна гэж сонгуулийн PR хийж байсан ч өнөөх нь дахиад л допингийн асуудалд орооцолдчихлоо. Төрийн жолоог атгасан ах нар нь ч Оюунболдыгоо ингээд орхиж байгаа бололтой. Дээд талд ямар ч эрхтэн дархтан байгаад аргалж болдоггүй асуудал гэж бас байдаг юм байна. Өнөө жил Хэнтийнхэн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй. Тэд залуухан харцага Ганцогтын Бадрахыгаа наадмын дэвжээнд харна. Гэхдээ түрүү, үзүүрийн талаар ярихад арай эрт болов уу. Ирэх жилүүдэд харин арал чацтай энэ Бадрах харцага наадмын дээгүүр даваанд хүрэх нь дамжиггүй.
Сүүлд нь онцлоход найраа гэх асуудал наадам бүрийн дараа л яригддаг. Энэ жилийн тухайд тийм асуудал гарахгүй нь бололтой. Учир нь бөхийн найраа, морины наймаанд баруун солгойгүй мөнгө цацдаг баячуудын цөм нь нүүрсний хулгайн асуудалд орооцолджээ. Наймаа, найраатай манатай л амьсгаа өндөр яваа бололтой. Ямартаа ч бид өнөө жил шударга өрсөлдөөн үзэх нь. Энэ жил дөрвөн ч аймгийн 100 жилийн ой тохиож буй. Тэд харин ганц нэг ирээдүйтэй залуугаа начинд зүтгүүлэхээр мундагдаж мэдэх юм. Бусдаар бол өндөр даваанд янз бүрийн найраа, хар хороос ангид цэвэр шударга, өрсөлдөөн гарах нь. Допинг хэрэглэх хүн ч гарахгүй байх биз ээ. Барилдах эрхээ 4-8 жилээр хасуулаад баларч байгаа бэлэн жишээ байна.