ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….
Босс ажил дээрээ бухимдуухан байвал “Эхнэртэйгээ муудалцсан юм болов уу” хэмээн таамагладаг. Эсрэгээрээ нөхөр нь ажил төрлийн бухимдлаа эхнэртээ гаргах нь бий. Үүнээс ч ноцтой дүгнэлтийг судлаачид хийсэн байна лээ. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэй бухимдлаа хүүхдэдээ гаргадаг гэнэ. Нөхөртөө зодуулдаг, дарамтлуулдаг уураа хүүхдээсээ өөр хэнд гаргах вэ. Гэр бүлийн дайн хүсэх юм биш. Энэ бүх уур бухимдал хуримтлагдаад хүүхдэд ирдэг гэхээр хамгийн аймаар. Бага балчир хүүхдүүд өөрийгөө хамгаалах чадваргүй, сул дорой. Тэдний бяцхан бие, хөгжиж гүйцээгүй сэтгэхүйд энэ бүхэн хар толбо болж үлдэнэ. Загнуулж шийтгүүлж зодуулж байдаг хүүхэд өөртөө итгэлгүй болдог аж. Хүүхэд хэнд уураа гаргах болж байна. Нөхөртэйгөө муудалцсаны дараа сэтгэл санаа муу байх үед хүүхэд элдэв ааш гаргаад, үгэнд орохгүй бол ээж нар тэвчихэд хэцүү л дээ. Ийм үед яаж тэсэх талаар сэтгэл зүйчид олон зөвлөгөө өгдөг. Зүгээр л бүхнийг орхиод, хүүхдээ хөтлөөд салхинд алхах хэрэгтэй гэнэ. Ядаж л салхивчны дор зогсоод, гүнзгий амьсгаа ав. Хүүхэд рүүгээ бухимдаж, хашгирч, гар далайхын оронд түүний бяцхан биеийг энгэртээ нааж тэвэр. Эсвэл гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ энэ ус хамаг муу муухай бүхнийг хаман авч байна гэж төсөөлөх хэрэгтэй. Угаалга цэвэрлэгээ хийсний дараа дотор уужирдаг бол гэрээ зад цэвэрлэж болно. Гэхдээ цэвэрлэгээ хийхэд бухимдал төрдөг бол дэлгүүр хэссэн ч болно шүү дээ.