Categories
цаг-үе эдийн-засаг

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ DNN.mn

 Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, орон нутгийн алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг бодлогоор дэмжих зорилгоор төслийг боловсруулжээ. Түүнчлэн агаарын тээврийг өргөжүүлэн тогтворжуулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй эдийн засгийн зохицуулалтыг бий болгох, агаарын навигацын хураамжийн тодорхой хувиар нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх, иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах асуудлуудыг төсөлд тусгасан байна. Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах, агаарын навигацын, аэродромын болон аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг бие даасан аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэгч байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хараат бус байх зэрэг асуудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Иргэний нисэхийн загвар хууль”, стандарт шаардлага болон зөвлөмжид нийцүүлэхээр холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэв. Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, С.Ганбаатар нар асуулт асууж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 51.4 хувь нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *