АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган 6 дугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Монгол Улс дахь Америкийн худалдааны танхимаас (АмЧам) жил бүр зохион байгуулдаг АНУ-д хийх бизнесийн төлөөлөгчдийн айлчлалд нэгдэнэ.
Элчин сайд Буанган АНУ, Монгол Улсын хооронд худалдааг бэхжүүлэх энэ жилийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдэхдээ баяртай байгаа бөгөөд энэ талаар тэрээр “Бизнесийн орчныг сайжруулах нь нэн чухал бөгөөд хувийн хэвшлийн манлайллаас хамаардаг” гээд “Монгол Улсыг хөрөнгө оруулагчид итгэлтэйгээр орж ирдэг, бизнес эрхлэхийг эрмэлзэж буй залуучууд шинэ санаачилга, хичээл зүтгэлээ үнэлүүлдэг, олон талт эдийн засагтай байлгахыг бид хүсэж байна. Монголын ард түмний итгэл найдвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ирээдүйг цогцлоож буй Монгол Улстай хамт байгаадаа АНУ баяртай байна” хэмээжээ.
АмЧам нь 2014 оноос хойш АНУ-д бизнес төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулж ирсэн. Тус танхим нь хөрөнгө оруулалтыг татах, хадгалах зорилготойгоор чөлөөт зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийг дэмжихэд чиглэн ажилладаг бөгөөд энэ хүрээнд Монголын бизнесийн салбарын манлайлагчдыг Вашингтон хотноо өндөр түвшний бодлого боловсруулагчидтай холбогдоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2023 оны төлөөлөгчид Монголын төрөл бүрийн салбараас бүрдсэн бөгөөд АНУ-ын Худалдааны танхим, Байдены засгийн газрын удирдах ажилтнууд, Конгрессын төлөөлөл, мөн стратегийн зөвлөгөөний фирм болох Эйша Групп (The Asia Group) болон Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн олон улсын төв (CIPE) зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзах юм.