Categories
гадаад мэдээ

​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m

Дугуйтай явж байгаад осолд орж 12 жилийн өмнө тэргэнцэрт “хадагдсан” Нидерландын иргэн Герт-Ян Оскамын амьдрал тархи, нугасанд суулгах чип гэх шинэ технологийн ач тусаар үндсээрээ өөрчлөгдөв. Учир нь эдгээр утасгүй хос микро чип нь түүний бодлыг хөл рүү нь шууд дамжуулж, түүний хөлийг дахин явах боломжтой болгожээ. Энэ бүхэн нь шинэ технологи гэх бүхэл бүтэн систем туршилтын эхний шат боловч шинжээчид үүнийг маш ирээдүйтэй туршилт гэж дүгнэж байна. Учир нь Герт-Ян Оскам эхлээд зөвхөн босон зогсож байсан бол одоо алхаж бүр шатаар өгсөж, урууддаг болсон аж.

Оскам “ВВС”-д өгсөн ярилцлагадаа “Би дөнгөж алхаж сурч байгаа хүүхэд шиг л байна. Энэ бол миний мөрөөдөж ч чадахгүй байсан зүйл” гэж хэлжээ.

Герт-Ян Оскамын өөрөө бие даан хөдлөх чадварыг сэргээх ажиллагаа 2021 оны долдугаар сард Швейцарийн эрдэмтэн, профессор Блох түүний гавлын ясны хоёр талд 5 см хоёр дугуй нүх гаргаж хөдөлгөөнийг нь удирдах үүрэгтэй хоёр чип суулгаснаар эхэлсэн бөгөөд энэ нь тархины дохиог буюу өөрөөр хэлбэл, Герт-Яны хүслийг толгой дээрээ зүүсэн тусгай малгайгаар дамжуулан нугасны хоёр дахь чипээр хөлний булчинд зориулсан заавар өгдөг аж.

Оскам нь тархи болон нугасандаа суулгац хийлгэсэн анхны өвчтөн биш юм. Анх 2018 онд Дэвид Мзее ийм мэс засал хийлгэсний ачаар өнөр өтгөн гэр бүлтэй болсон ажээ. Хожим нь мотоциклийн ослын дараа хоёр хөлийн мэдрэмжээ бүрэн алдсан Мишель Рокатти ийм мэс засал хийлгэн Швейцарийн технологийн ачаар алхаж эхэлсэн юм байна. Гэхдээ энэ хоёр залуугийн хувьд хөдөлгөөн нь компьютерт бүрэн програмчлагдсан байдаг тул тэд роботтой адил хөдөлгөөнтэй байдаг. Харин Герт-Ян “Өмнө нь би энэ систем намайг удирддаг гэж боддог байсан, одоо би үүнийг өөрөө удирддаг” гэж хэлжээ.

Гэхдээ энэхүү шинэ системийг байнгын ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ систем нь хэт том байгаа учир чип суулгасан хүн долоо хоногт 1-2 удаа л дасгал хийлгэж байгаа юм. Иймээс хэтэрхий том хэмжээтэй бөгөөд энэ системийг жижиг болгох хөгжүүлэлтийн шат хэрэгжиж байгаа юм. Профессор Кертиний үүсгэн байгуулсан “Onward Medi­cal” нь өдгөө арилжааны зориулалтаар өөрийн шинэ технологийг боловсронгуй болгон жижиг овортой болгохоор тууштай ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хүн бүр ашиглах боломжтой болох аж. Профессор Куртин “Герт-Янд энэхүү чипийг осол болсноос 10 жилийн дараа суулгасан. Хэрэв гэмтэл авснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа энэ системийг хэрэглэвэл юу болохыг төсөөлөөд үз дээ. Эдгэрэх боломж асар их байх болно” гэжээ. Иймээс тун удахгүй хүн төрөлхтөн “Тэргэнцэр минь баяртай” гэж хэлэх бололтой.

Г.АМАРСАНАА