Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Солонгост нислэгийн үеэр зорчигч онгоцны ослын хаалгыг нээжээ DNN.mn

Өчигдөр өдөр Өмнөд Солонгосын Жэжү арлаас Тэгү хотын чиглэлд нисэж байсан онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нээсэн хэрэг гарчээ.

194 зорчигчтой Asiana Airlines компанийн энэ онгоц Тэгү хотын нисэх буудалд газардахын өмнөхөн ийм хэрэг гарсан байна.

Онгоц газраас 255 метрийн өндөрт байх үед хаалгыг нээсэн ч ямар нэг хохирол эндэгдэлгүй газардаж чаджээ.

Цагдаа нар ослын хаалгыг нээсэн 33 настай эрэгтэйг баривчилсан байна. Хаалгыг нээсний дараа зорчигчдоос есөн хүний амьсгаа боогдож, цочролд орсныг эмнэлэгт хүргэжээ. Гэхдээ тэдний эрүүл мэнд ноцтой муудаагүйг албаныхан мэдээлсэн байна.

Онгоц нэгэнт газардахаар бэлдэж байсан тул бүхээгийн багийнхан зорчигчийн аюултай үйлдлийг зогсоож чадаагүй гэнэ.

Баривчлагдах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан зорчигч яагаад ослын хаалгыг нээх болсон шалтгаанаа хэлэхээс татгалзаж байгааг цагдаагийн байгууллага мэдээлжээ.

“Түүнтэй одоогоор хэвийн ярилцах боломжгүй байгаа. Бид хэргийг мөрдөн шалгаж, зохих шийтгэлийг оноох болно” гэж Тэгү хотын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Хаалга нээсэн этгээд ганцаараа зорчиж байжээ.

Уг нислэгийн зорчигчдын дотор Бямба гарагт Улсан хотод болох спортын тэмцээнд оролцохоор бага, дунд ангийн 48 сурагч явж байсан байна.

“Хүүхдүүд айсандаа чичирч, уйлж байсан. Ослын хаалганы ойролцоо сууж явсан хүмүүс хамгийн их цочирдсон байх” гэж хүүхдүүдийн нэгнийх нь ээж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *