Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Нарангэрэл: Ээж минь Монголын ард түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ танигдсан гайхамшигтай эмэгтэй DNN.mn


Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн охин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Нарангэрэлтэй ярилцлаа.


-Та сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу. Ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Уран бүтээлч хүн байнгын формтай байхын тулд үргэлж дасгал сургуулилалт, бэлтгэлтэй байдаг. Ганцхан удаа тайзан дээр гарч дуулахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Үүнийхээ дагуу сүүлийн үед дасгал сургуулилалт, бэлтгэлээ хийж байгаа. Шинэ уран бүтээлийн хувьд Цэн.Эрдэнэбатын аялгуу “Нутаг ижий хоёр”, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдын “Ижийгээ санасан сэтгэл” гэдэг дуунуудад төвлөрөн ажиллаж байна.

-Таны дахин амилуулсан “Магнаг цэнхэр дэлхий” дуу олон түмэнд их хүрсэн. Та анх хэрхэн энэ дууг дуулах болсон бэ. Түүхээс нь хуваалцахгүй юу?

-“Магнаг цэнхэр дэлхий” дууг олон түмэн сонсож байгаад уран бүтээлчийн хувьд их баяртай байна. Би хамгийн анх зургадугаар ангид байхдаа “Магнаг цэнхэр дэлхий” дууг А.Долгор багш дуулж байхыг CD-нээс нь сонсож, ямар гайхамшигтай сайхан дуу вэ гэж тухайн үедээ бодож байлаа. Түүнээс хойш А.Долгор багшийнхаа шавь болж, 2018 онд багш минь гуравдугаар сарын 8-нд жил бүр уламжлал болгон хийдэг тоглолтоо шавь нартайгаа хамтран хийсэн. Тэр үед багш минь шавь нартаа дуулах уран бүтээлүүдийг нь хуваарилан өгөхөд надад “Магнаг цэнхэр дэлхий” дуу оногдож багш минь дуул гэсэн юм. Энэ сайхан бүтээлийг тухайн үед дуулахдаа өөртөө нэлээн чамлангуй хандсан. Хоёр, гурван жилийн дараа багшдаа хамтран дуулах санал тавьж энэ дууг хамт дуулсан.

-Таны хувьд анх хэрхэн урлагийн салбарт орж дуу хөгжимд татагдах болсон бэ. Гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү?

-Мэдээж гэр бүлийн орчин чухал нөлөө үзүүлсэн. Бага байхдаа Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадад эмээ өвөөгийндөө амрахдаа радиогийн “Хүсэлтийн хариу” их сонсдог байлаа. Тэр үед эмээ минь надад “Ногоон зүлэг байна аа гээд

Наадмын ёстой бөх шиг” (дуулав) гээд дууг зааж өгсөн. Энэ дуу миний хамгийн анхны дуулж сурсан дуу юм. Эмээгээрээ дуу заалгаснаас хойш дууг сонсох дуртай болж, урлагт татагдаж эхэлсэн. Хот руу гэртээ буцаж ирэхэд ээж минь үргэлж тоглолтод намайг дагуулж явна. Үргэлж урлагийн орчинд байсан нь намайг урлагийн хүн болоход их нөлөөлсөн байх. Мэдээж гэр бүлийн орчин, хүмүүжил хүнд маш чухал нөлөө үзүүлдэг учраас гэр бүлийн орчин минь урлагийн салбарт ороход маш том нөлөө үзүүлсэн.

-Таны ээж “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг шүү дээ. Та ээжийнхээ тухай болон гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

-Ээж минь “Өнөр бүл” киноны Цэрмаагийн дүрээр олонд танигдсан. Монголын үзэгчдэд танил болсон энэ сайхан кинонд өөрийн залуу насаа мөнхөлсөнд нь ээжээрээ бахархдаг. Түүнчлэн хамтран ажилласан киноны бүх уран бүтээлчдийг хүндэлж биширч явдаг даа. Ээж минь Монголын ард түмэндээ сайхан дуучин, сайхан дүрээрээ танигдсан гайхамшигтай эмэгтэй. Гэр бүлийн хувьд ээж минь үнэхээр ухаантай, ажилсаг, маш их үлгэр дуурайлыг үзүүлдэг. Биднийг хүмүүжүүлэхдээ хийх ёстой зүйлсийг зааж загнахгүйгээр өөрөө үлгэр жишээ байж тод томруун жишээгээр үзүүлж хүмүүжүүлдэг. Мэдээж хүн бүрийн л ээж үр хүүхдэдээ энэ дэлхийн хамгийн сайхан нь байдаг. Үүнтэй адил би гэр бүл, ээж ааваараа үргэлж бахархаж явдаг. Энэ хорвоод хүмүүн заяаг хайрласан ижийдээ “Өдрийн сонин”-оор дамжуулан маш их баярлаж, талархаж явдагаа илэрхийлье. Тандаа хайртай шүү. Таны эрч хүчтэй, уйгагүй, ажилсаг, хичээнгүй, хүн бүхний төлөө гэсэн гайхамшигтай сайхан сэтгэлийг охин нь чадах чинээгээрээ өвлөн авч хүмүүст тусалж, таныхаа нэрийг сэвтээхгүй, гэр бүлийнхнийхээ удам судрыг өндөрт өргөж явахыг хичээх болно.

-Та МУАЖ А.Долгор багшийнхаа тухай ярихгүй юу?

-Би 2004-2009 онд Ардын жүжигчин А.Долгор багшийнхаа удирдлагад Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр таван жил суралцаад төгссөн. Монгол түмний дунд хүндлэл хүлээсэн сайхан дуучин багшийнхаа шавь нь болсон хувь заяандаа үргэлж талархаж явдаг даа. Багш минь шавь нартаа байгаа бүхнээ зориулж, үр хүүхэд шигээ хайрлаж, санаа тавьж бүх эрдэм мэдлэгээ зориулж, дуулах урлагийн талаар зөвлөхөөс гадна амьдрал дээр биеэ хэрхэн авч явах зэрэг маш их зөвлөгөө өгдөг. Он цаг хугацаа өнгөрөх тусам багш минь яг л найз шиг минь болж дотнын нандин зүйлсээ хүртэл хуваалцан ярьдаг болтлоо дотносчээ. Надаар хэлүүлэлтгүй Монголын ард түмэн сайхан багшийг минь мэднэ дээ.

-Өнгөрсөн сард өөрийн анхны бие даасан тоглолт болох “Магнаг цэнхэр дэлхий мину” тоглолтоо хийсэн. Үзэгч түмэн олон хэрхэн хүлээж авсан бэ?

-2023 оны дөрөвдүгээр сарын 15-н буюу хаврын нэгэн сайхан өдөр миний хамгийн анхны бие даасан тоглолт болж өндөрлөсөн. Үзэгч түмэн олон маань намайг чин сэтгэлээсээ дэмжиж, маш гайхамшигтай сайхнаар хүлээж авсан. Үүнд маш их урам орж үнэхээр илүү сайн дуулж, сайхан уран бүтээлээр үзэгч олноо дайлах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрлээ. Тоглолтын тасалбар маань тоглолт болохоос гурван хоногийн өмнө борлуулагдаж дууссан. Өөртөө итгэж өгөхгүй, сайхан тоглолт хийх юмсан гэсэн догдлол дүүрэн байлаа. Тоглолт маань олон хүний дэмжлэгээр маш сайхан болсон. Ганц хүний амжилт гэж байдаггүй шүү дээ. Гайхамшигтай сайхан авьяаслаг хүмүүсийг цуглуулж тоглолтыг бэлтгэхэд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, “Анир” студи, уран бүтээл дээр минь хамтран ажилладаг хөгжмийн зохиолчид, яруу найрагчид гээд маш олон хүн хамтарч ажилласны үндсэнд гайхамшигтай сайхан тоглолт болсон. Мэдээж ар гэрийн зүгээс ханийн минь түшиг хамгийн чухал байлаа. Гэр бүлийнхэн аав, ээж, ах эгч нар маань намайг дэмжиж, чадах чадах зүйлээрээ бүх зүйлд тусалж энэ том давааг давахад ачаанаас минь хөнгөлж өгсөн. Гэр бүлийнхэндээ маш их баярлаж байна. Намайг зорин ирж үзсэн үзэгч түмэндээ хязгааргүй баярлалаа. Энэ сайхан өдрийн дараа илүү их сайхан уран бүтээл хийх эрч хүч урам зориг дүүрэн болсон.

-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ”, “Ижийтэй орчлон” зэрэг ард түмний сонсох дуртай сайхан дуунуудын талаар ярихгүй юу. Анх хэрхэн эдгээр дууг дуулах болсон бэ?

-“Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууны үгийг Д.Дашдондов, аяыг Б.Бямбабаяр зохиож энэ дууг ээж минь хамгийн анх дуулсан байдаг. Тийм учраас бага наснаасаа л сонсож өссөн гэсэн үг.

Хамгийн анх ээж минь “Мөнхөд эгшиглэх дуун” тоглолтоо МҮЭСТО-д хийхэд “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дууг тайзан дээр ээжтэйгээ хамтран дуулж байсан. Энэ дуу бид хоёрт утга, агуулга нь их таарч тохирдог. Мөн намайг дуучин болгосон анхны минь дуу юм. Ээжтэйгээ адилхан юм гэж хэлэхэд хүн бүр дуртай байдаг байх. Ээжийнхээ сайн сайхан чанаруудыг илүү сайхан өвлөж авах юмсан гэж боддог. Энэ сайхан дууг их олон жил дуулж байна. “Эндүүрмээр гэнэ ээ би ээжтэйгээ” дуундаа их хайртай. Ард түмэн сайн мэддэг дуу шүү дээ. Ээжтэйгээ тайзан дээр хамтран дуулахдаа үнэхээр жаргалтай байдаг. “Ижийтэй орчлон” дууны үгийг Г.Мөнхцэцэг бичиж, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал аялгууг зохиосон. Б.Мөнхжаргал эгч минь надад зохиож өгч байсан. Ямар ч уран бүтээлч байсан сайхан уран бүтээл хийх юмсан гээд үргэлж шинэ уран бүтээлийн эрэл хайгуул хийж явдаг. Б.Мөнхжаргал эгч минь намайг оюутан байхаас тусалж, дэмждэг байлаа. Намайг уран бүтээлч болж дуучин мэргэжлийг сонгоход мөн л томоохон нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Эгч минь надад “Хайрын домог”, “Ижийтэй орчлон,”, “Чи минь” гэсэн гурван дууг өгсөн юм. Түүний нэг нь “Ижийтэй орчлон”. Энэ дууны үг, ая нь үнэхээр гайхамшигтай.

Энэ сайхан дууг дуулсандаа баяртай байдаг. “Цагаан дарь эх шиг миний л ижий

Цагийн уртад залбирч л яваа даа

Цаанаа наанаа эндүүтэй хорвоог

Цайгаа өргөөд аргадаж л суудаг сан” гээд үнэхээр сайхан дуу. Дууг минь хүмүүс сонсож, тэдэнд дуу минь хүрч байгаад үнэхээр баяртай байна.

-Та цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Цаашдын зорилго, тэмүүлэл дүүрэн байна. Одоогийн байдлаар гол төлөвлөсөн ажлуудаа нууц хэвээр үлдээе. Мэдээж уран бүтээлч хүний хувьд чанартай, сайхан уран бүтээлүүдийг гаргахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *