Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Д.Отгонбаяр: 2024 оны гуравдугаар сард “Бүсгүй” дууны клипийг задлан үзүүлсэн уран сайхны романтик киногоо нээнэ DNN.mn

“Хурд” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Хамтлагийн 30 жилийн ойн тоглолт болон уран бүтээлийн талаар Монгол Улсын гавьяат жүжигчин, гитарчин, продюсер Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Тун удахгүй “Хурд” хамтлагийн 30 жилийн түүхэн ойн тоглолт болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэрхэн, хэдэн хувьтай хангагдаж байна вэ?

-Энэ жил “Хурд” хамтлагийн түүхэн ойн жил учраас ойн баярын тоглолтын бэлтгэлийг эртнээс хийж эхэлсэн. Урьд урьдын концертуудыг бодвол харьцангуй эрт буюу он гараад нэгдүгээр сараас эхлэн бүх төлөвлөлтөө хийсэн. 30 жилийн ойн тоглолт маань “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар зохион байгуулагдах гэж байна. Зургадугаар сарын 10-ны өдөр болох концерт яалт ч үгүй Монгол туургатны томоохон хөгжмийн наадам болох юм. Өвөрмонгол, Тува, Халимаг, Буриад гээд дэлхийн монгол туургатнуудаас маш олон аялал, жуулчлалын компаниуд маркетингийн албатай холбогдон, тоглолтын тасалбараас эхлүүлээд нарийн зохион байгуулалтуудыг, VIP суудлыг их сонирхож байна.

Зөвхөн хамтлагийн 30 жилийн ой гэж ярихад 30 жил тасралтгүй зүтгэж явсан хамтлаг учраас монголчуудын баяр юм. Монголчууд маань бидэнд их хайртай, хаа ч очсон “Миний Хурд” гэж л хүмүүс хэлдэг болсон. Бид ч өөрсдөө их урам зоригтой, бэлтгэл сургуулилалтаа маш сайн хийж байгаа.

-Анхны тоглолтоо 1995 онд хийж үзэгч түмэн олондоо хүргэж байсан. Энэ хугацаанд тоглосон 33 тоглолтоо 30 жилийн ойн баярын тоглолт юугаараа илүү онцлог байх вэ. Үзэгч түмэн олондоо ямар гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа юу?

-Дууны хөтөлбөр тоглолтод их чухал. 30 жилийн түүхэнд хитийн хит болсон дуунуудаа тоглох гэж байна. Энэ хитүүдээсээ шигшээд 60 гаруй дуу болчихоод байсан учраас 36, 37 дуун дээр тогтсон байгаа. Энэхүү шигшмэл дуунуудыгаа нийтэд нь нэг болгон дуулж түүх болгон хурааж, 30 жилийн ойдоо тоглох гэж байна. Тэгэхээр анхны “Чамайг зорино”, “Цэргийн бодол” дуунуудаас эхлүүлээд энэ он цагуудыг туулсан дуунуудаас тоглогдох юм. Тоглолтын үеэр шинэ дуунууд ч мөн тоглогдоно. Хамгийн сүүлд гарсан “Норсон зүрх” гэх мэтчилэн рок дуунууд дуулагдана. Монгол хүний амьдрал ахуйтай “Хурд” хамтлагийн нэг түүх, нэг дуу заавал холбогддог. Магадгүй хурим дээрээ найз бүсгүйгээ гуйх гэж “Чи минь байгаа болохоор” дууг тавих зэрэг маш том дурсамжуудын он цагийн хэлхээсүүд байдаг. Тийм учраас тоглолтын онцлог гэвэл яг энэ хэлхээсүүдийг л бид үзэгч түмэн олондоо үзүүлэх юм. Тоглолтоос урам, сэтгэлийн таашаалыг авч баяр баяслыг мэдрэхийн тулд бүгд зорьж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний 30 жилийн ойн тоглолтоос дуу хуураас гадна эв нэгдэл гэдэг зүйлийг харах ёстой. Төв цэнгэлдэх хүрээлэнд 30 мянган хүн цуглана. Тэдний дуу, хоолой цуурайнаас ямар сайхан энерги ялгарах бол газар газраас, хөдөө орон нутаг баруун, зүүн аймгуудаас ялангуяа анги хамт олон, найз нөхдөөрөө он цагийн хэлхээсүүд бүгд цуглана гэдгээрээ өвөрмөц юм. Түүнчлэн тоглолтод хөгжмийн дуугаралт, тайзны гэрэл тавилт маш чухал. Бидний хувьд маш том тайз засч, тайзан дээрээ үсэрч, гүйж харайна. 1993 оны гүйж харайдаг байсан залуучууд шиг үсэрч, гүйж харайж байж эрч хүчээ ард түмэндээ бэлэглэж өгөхгүй бол болохгүй шүү дээ. Тийм учраас бид ид бэлтгэл дээрээ спортоо ч хийж хөнгөн шингэн, эрүүл байх хэрэгтэй зэрэг олон хүчин зүйлс байна. Хамгийн гол нь бидний түүхт 30 жил тохиож байна. 30 жил нэг л удаа тохионо. Магадгүй бид 40 жилийн ойгоороо Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч түмэн олонтойгоо дахин уулзалдаж магадгүй байх аа. Бидний 30 жилийн ойг “Эрүүл ойн төлөө” гэсэн уриатайгаар Стратегийн түнш “Рио Тинто” ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.

-20 жилийн ойн баяраараа алтан пянз гаргаж байсан. Энэ жил мөн пянз гаргаж буй гэсэн үү?

-Тийм. Бид 20 жилийн ойгоороо гаргасан алтан пянзныхаа орлогыг бид цуглуулан хүүхдийн нярайн тасгийг тохижуулж явдаг. Болж өгвөл нийгмийн бусад эмзэг, тусламж хэрэгтэй байгаа салбар руу иргэнийхээ үүргийг биелүүлэн “Хурд” хамтлаг, урлагаар дамжиж орж ирсэн түмэн олны буяныг бусадтай хуваалцах нь бидний үүрэг байх ёстой. Яагаад гэвэл бид Монгол эх орондоо төрсөн, эх оронсог хамтлаг. Тийм учраас “Ковид-19” цар тахлын үеэр “Буцааж нэхэхгүй хайр” цахим хандивын тоглолтын үеэр цугласан 340 сая төгрөгийг цуглуулж Улсын онцгой комисст нэг ширхэг маск, нярайн хүүхдийн тариа болчихоосой гэж концертыг санаачлан анхдагч болж хийж байсан. Энэ жилийн пянзны хувьд дөрвөн улирлыг бэлгэдсэн өнгөтэй, дөрвөн төрлийн “Хурд” гэсэн үгний үсгүүдээс бүрдсэн, нийлүүлж авбал “Хурд” болдог пянзыг гаргаж байна. Түүнчлэн амьд хөгжим сонирхдог залууст өдөр тутмын хэрэглээний малгай, пудволк, малгайтай цамц, зүүлт зэргийг гаргана.

-1993 оноос хойш өдийг хүртэл хөгжмөөс холдолгүй 30 жил тасралтгүй урлагтаа зүтгэжээ. Эргээд харахад их хугацаа өнгөрсөн ч “Хурд” анх байгуулагдаж байсан шигээ эрч хүчтэй, дүрэлзэж байна. “Хурд” хамтлагийн амжилтад хүрэх гол түлхүүр, амин сүнс нь юу вэ?

-“Хурд” хамтлагийн амин сүнс нь Монгол шүү дээ. Тэр чигээрээ л монгол рок хамтлаг. Бид гадны өндөр хөгжилтэй рок хөгжмийг Монголынхоо цаг уур, мэдрэмж, пентатоник аялгуутайгаа хольж энэ урсгалыг нутагшуулсан. Тийм ч учраас дахин давтагдашгүй цорын ганц “Хурд” байгаа юм. Гадаадын томоохон хамтлагуудыг яг адилхан дуурайж тогловол бид араас нь хөөгөөд хэзээ ч барахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Монгол үнэртэй, монгол зүрх сэтгэл нь “Хурд” хамтлагийн амин сүнс.

Түүнчлэн миний хувьд “Хурд” хамтлагийн амин сүнсийг ижийгээ гэж боддог. “Хурд” хамтлагийн амин сүнс нь миний ээж юм. Миний ээж бага байхаасаа л Монголын хамгийн алдартай дуучин болно гэж арван хүү, нэг охин алтан хэвлийгээсээ төрүүлсэн. Ээж минь залуудаа “Би Монголын Бөмбөгөр ногоон театрын хамгийн алдартай дуучин болно” гэж ярьдаг байсан. Миний ээж цангинатал сайхан дуулдаг байсан. Энэ бүхнээс эхтэй хүсэл мөрөөдөл нь өөрийнх нь алтан савнаас Монгол орон даяар “Хурд”, “Чоно” хамтлаг болон асгарсан байна л гэж боддог доо. Тэгэхээр “Хурд” гэдэг бол ээж минь юм. Монгол эмэгтэй хүний зүрх сэтгэлээс агуу хүчтэй хүсэл мөрөөдөл нь асгарч, ундарч одоог хүртэл 30 жил тасраагүй баярлуулдаг их хүчтэй байна.

-“Эх орон”, “Цэргийн бодол”, “Хамаг Монгол” гээд үе үеийн хитийн хит уран бүтээлүүд бүтсэн түүхүүдээс хуваалцахгүй юу?

-Энэ бол хүн төрдөг шиг би 1973 онд төрөх л ёстой байсан болоод ээж аавынхаа ариун нандин хайраас ундарч гарч ирсэн гэдэг шиг “Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог” дуунуудын шүлэг нь Төрийн соёрхол хүртсэн. Үүний араас “Эх орон” дуу. “Эх орон” бол “Цэргийн бодол” дуунаас эхтэй. “Цэргийн бодол” дуу хайрын сэдэвтэй юм шиг хэрнээ цаад утгаараа эх орон, гэр бүлээ хайрлах, тэдэн рүүгээ тэмүүлэх сэтгэлийг өдөөж өгсөн дуу учраас 45 жил тасралтгүй дуулагдлаа. Тэгэхээр “Хурд” хамтлагийн он цагийн хэлхээс болсон эх орны дуунууд дээр авч үзэхэд яг л хүн төрдөгтэй адил, цаг үеэ олсон. Цаг үедээ ирээд буцдаг гэдэгтэй адил ирээд л яалт ч үгүй он цагийг эзэлж, одоо хүртэл буухгүй эзэлж байна шүү дээ. Учир нь амин сүнс нь “Хурд”. Одоо л идэр насан дээрээ 30 насны ойгоо тэмдэглэж байна. Монголын ард түмний өв соёл болтлоо зүрхэнд нь оршдог хайртай хамтлаг болтлоо явлаа. Тэгэхээр Монголын ард түмний өмч болчихож байгаа юм. Тийм учраас эх орны дуунууд цаг үеэ олж, түүний араас нэлээд олон он цагийг туулсан, Монголын ард түмнийг соён гэгээрүүлсэн, хайр, урам зоригийг багтаасан сэдвүүдийн дуунууд бий. Эх орны тухай сэдэв бол “Хурд” хамтлагийн хамгийн хүчтэй зэвсэг.

-Таны хувьд телевизийн дэлхийн хэмжээний томоохон шоунд шүүгчээр ажилласан. Дараа дараагийн ажиллах томоохон энтертайнмент төслүүд юу байна вэ?

-Одоогийн байдлаар “Хурд” хамтлагийнхаа 30 жилийн ойд анхаарч ажиллаж байна. Одоо ажлын саналууд ирж байгаа ч миний хувьд маш сайн судалдаг. Би чадахгүй байвал яах юм бэ, чаддаг юмандаа хүн бардам орох ёстой байдаг. Чадахгүй байж зурагтаар гарахын дон туссан юм шиг, би түмний нүдэн дээр ил байж од байх ёстой зэрэг амбицид их дургүй хүн. Чаддаг зүйлдээ л би орж ажиллана. Ирэх жил уран сайхны киногоо нээчихээд “Хурд”-тайгаа хийх нэг том мөрөөдөл байна. Үндэсний урлагийн их театрын найрал хөгжимтэй Бурхан Халдун уул дээр очиж оркестртой “Хурд” хамтлагийнхаа шилдэг 12 дуу, “Эх орон” дууг тоглох хүсэлтэй. Үүнийг л биелүүлж, Бурхан Халдун уул дээрээс дэлхий даяар цацмаар байна даа. Ер нь бид чинь их энгийн шүү дээ. Бидний хажууд л бүх амьдрал байж байдаг. Аз жаргалыг хаанаас ч хайгаад хэрэггүй, аз жаргал хүний сэтгэл дотор л буцалж байдаг юм. Түүнийг өөрөө маш сайн мэдрэмж гаргаж, төлөвлөж чадвал салбар салбарт байгаа монголчууд их чадалтай. Монголчууд ямар хүчтэй вэ гэдгийг би монгол хүнээс мэдэрдэг. Чехэд гутлын үйлдвэрт ажил хийхэд монгол хүн хамгийн түрүүнд хийж дууссан байх жишээтэй. Энэ мэтчилэн хувирах чадвар сайтай, мэдрэмж өндөртэй, бүтээлч чанартай. Монгол сэтгэл нэгдэж зөв эерэг энерги бадарч бие биенээ сайхан хайр, уучлал талаас нь харж найрсаг, хүндлэлтэйгээр яг ижий аавтайгаа байгаа юм шиг хандаж харьцах хэрэгтэй. Бид нэг усны ундарга булгаас ус ууж, нэг агаараар амьсгал авч буй шиг монгол сэтгэл, нэгдэл буюу өөрт буй зүйлээ бага зэрэг амирлуулахад миний Монгол ямар хурдтай хөгжих вэ. Хамгийн гол нь хүн нь хөгжих хэрэгтэй байгаа юм. Бидэнд байшин барилга, машин хангалттай байна. Дэлгүүрт ороход бараа бүтээгдэхүүнүүд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрал хэцүү байгаа тухай бид ярьдаг ч тэр хүний сэтгэл чухал. Хөдөлмөрч хүн талхгүй хонохгүй, барааны савангүй болохгүй, гэр орноо бохир заваан болгохгүй. Тиймээс сэтгэлийн тэвчээртэй, урам зоригтой өглөө бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Ирж буй он цагуудад надад олон адал явдал, энтертайнмент саналууд орж ирнэ. Хэрвээ надад хэрэгтэй биш миний Монголын соёл урлагийн хөгжилд хэрэгтэй л гэвэл би зүтгэнэ.

-Одоо орчин үеийн шинэ залуу хамтлагууд их гарч ирж буй ч “Хурд” шиг дүрэлзэж, амжилтад хүрч чадахгүй байх шиг харагддаг. Та залуу уран бүтээлчдэд хандан зөвлөгөө өгөхгүй юу?

-Тийм. Энэ нь нэг талаасаа нийгмээс их шалтгаалдаг. Өдөр тутмын мэдээлэл зэрэг ч багтана. Хамтлаг байгуулна гэдэг бол гитар бариад тайзан дээр дуулахын нэр биш. Энэ бол асар том зохион байгуулалт, асар их мэдрэмж, бие биенээ хүндэлж найрсаг, эв нэгдэлтэй байх юм. Хамтлаг л болсон хойно санал зөрөлдөх, хэн нэгэнд гомдох, нэгнээ гомдоох зэрэг муудаж, маргалдах маргалдаан байлгүй л яах вэ. Өдөр тутмын амьдрал л болсон хойно олон зүйл тохиолдож байгаа шүү дээ. Шинэ залуу хүүхдүүд мэдээлэл ихтэй байж тэд өдөр бүр хувьсаж өөрчлөгдөж байна. Хүний сэтгэл, оюун бодол өнөөдөр ямар салхи шуурга шиг болсон байгаа билээ. Үүнтэй л холбоотой юм. Нийгэм ч гэсэн өнөөдөр маш савлагаатай байна. Нийгэмд нэг асуудал гарч ирж шуурахад бүгд л хуйлардаг, яг л дөрвөн улирлынхаа шинж чанарыг агуулсан хэлбэртэй байна. Бид уг суурь их системээ бүх салбарт маш зөв болгох ёстой юм шиг байгаа юм. Систем бага зэрэг гажуудаж савлагаатай болж эхлэх үед нийгэм савлагаатай болно. Нийгэмд юм таалагдахаа больж, хүн бүр байгаа зүйлдээ сэтгэл ханаж чадахгүй, аливаа зүйлд би л болж байвал болоо гэж боддог сэтгэл илүү их давамгайлж байна.

Бид хөгжинө, хөгжинө гэж ярьдаг. Яг үнэндээ Монгол айхавтар хөгжиж буй орон шүү дээ. Намайг 19, 20 настай байх үед дэлгүүр бүр хов хоосон зөвхөн бор давс, 45-ын гутал, бор гутал байсан цаг үеийг эргэж бодоод одоогийн Улаанбаатар хотоо харчих л даа. Бид үнэхээр хөгжихгүй биш хөгжиж байгаа. Өнөөдөр хамгийн гол нь монгол хүний сэтгэл хөгжих хэрэгтэй байна. Байшин барилга, орчин үеийн сүүлийн ухаалаг гар утастай, орчин үеийн болсноороо хөгжөөд байгаа юм биш ээ. Хүн өөрөө хөгжих хэрэгтэй байна. Хүний хөгжил илүү хоцроод байгаа болов уу гэж хардаг. Тэгэхээр орчин үеийн хамтлаг дуучдын тэсвэр тэвчээр, урлагтаа үнэнч, хүний үгийг сонсож дааж сурах, хүнтэй нөхөрлөж сурах, зөв амьдралын хэв маяг, өдөр тутмын төлөвлөлт зэрэг бүх зүйлээс хамаарна. Түүнээс биш хамтлаг байгуулаад хүн харахад тайзан дээр тоглож байгаа нь л хүмүүст гоё харагддаг боловч үүний ард өдөр бүрийн төлөвлөлт, бэлтгэл гээд нэг бодлын хүн залхмаар байдаг. Тийм учраас маш их тэвчээр хэрэгтэй. Ер нь хөгжимчдийн амьдрал уучлал, тэвчээр хоёр дээр л тогтдог гэж би боддог. “The Voice of Mon­golia” шоунд шүүгчээр ажиллаж байхад орчин үеийн авьяастай хүүхдүүд ямар их төрж, мундаг дуулж байна гэж бодно. Гэхдээ яагаад тэд тэсэрч гарч ирч чадахгүй байгаад маш их учир бий. Түүнээс урлаг гэдэг бол телевизээр гарч, тайзан дээр дуу дуулахын нэр ерөөсөө биш юм. Урлаг гэдэг бол өөрийн амин сүнстэй. Түүнийгээ өөрөө боловсорч, дуртай байж, уйгагүй өдөр шөнөгүй зүтгэж бэлдэж төлөвлөлтөө хийж байж үр шимийг нь хүртдэг болохоос биш өнөөдөр зүгээр нэг хамтлаг байгуулчихаад сар болоод тарвал энэ урлаг хийж байгаа асуудал биш юм. Тэвчээр, уучлал, тэгээд өөрийн өмнөх дуртай зүйлээ хийж, энерги таардаг найз нөхөдтэйгөө нийлж хамтлагаа байгуул. Магадгүй 30 жилийн дараа “Хурд” хамтлагаас илүү явахыг л бид хүсч байна. Өнөөдөр “Хурд” хамтлаг магтаал, алга ташилтыг 30 жилийн турш ард түмнээсээ хангалттай авлаа шүү дээ. Одоо бид Төв цэнгэлдэх хүрээлэнд шинэ стандарт, дуугаралт, шинэ найруулгатай, монголын рок хамтлаг, гадаад, дотоодын жуулчдад Монголын нүүр царай юм.

Гэртээ гитар тоглож буй 19 настай хүүхдэд 30 жилийн дараа Отгоо ах шигээ хамтлагаа байгуулна гэх үлгэр жишээ нь болж итгэл, найдвар урам зоригийг өгмөөр байна. Тэгэхийн тулд “Хурд” хамтлаг энэ жил 30 жилийнхээ ойг их онцгой хийж байгаа. Түүнчлэн ирэх есдүгээр сард хамтлагийнхаа дуунуудаар дэлхийн стандартад нийцсэн мюзикл тоглох гэж байна. 2024 оны гуравдугаар сард “Бүсгүй” дууны клипийг задлан үзүүлсэн уран сайхны романтик киногоо нээнэ. Бид “Хурд” контентыг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 28-наас Бурхан Халдун уулнаас эхэлж Монголын 30 үзэсгэлэнт газарт очиж аккустик тоглолтыг хийсэн нь цуврал болон цацагдаж эхлэх гэж байна. Энэ мэтчилэн асар том үлгэр жишээ, хөдөлмөрч зан, үлгэр жишээг залуустаа үлгэрлэж байна даа. Бид бусдад заах гээд байгаадаа биш юм. Зүгээр л салбар бүрийнхэн чаддаг зүйлээ хийж, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаа үргэлж хүндэлж хайрлаарай. Үүний маш том жишээ нь “Хурд” хамтлаг. Бид хийдэг зүйлсээ хийгээд, хангалттай алга ташилтыг авч, өнөөдөр үнэхээр сайхан байна. “Хурд” хамтлаг Монголын ард түмэндээ чин зүрх, үнэн сэтгэлээсээ маш их баярлаж, талархаж, мөргөж, залбирч явдаг даа.

-Таны бодлоор Монголын урлаг ямар түвшинд байна вэ. Урлагийн хөгжлийг цаашид хэрхэн харж байгаа вэ?

-Урлагийн хөгжил өдөр ирэх тусам дэвшиж, техник хэрэгсэл, лед гэрэл, дэлгэц, тайзнынхан гээд маш сайн сайжирч байна. Урлагийн арын албаныхан маш сайн хөгжиж, маш сайн хөрөнгө оруулалтуудыг хувийн хэвшлүүд хийж, нэг үеэ бодвол Монголд сүүлийн үеийн тайз, гэрэл, хөгжим гээд бүгд орж ирж байна. Нөгөө талаасаа хүн хөгжихгүй байгаа юм. Инженерүүд маань сургуулиа төгсөж ирэх шаардлагатай байна. Хөгжмийн дуугаралт, сонсгол гэдэг бол томьёо, одоо шинжлэх ухаан болчихоод байна. Ийм гадны томоохон сургалтуудад залуус маань хамрагдаж амьд хөгжим, симфони оркестр, студи, телевизийн дуугаралт гээд дэлхийн стандартад нийцсэн мэргэжилтнүүдээ бид бэлтгэмээр байна. Сая цахим хуудаст сурагчдын тэтгэлэг, оюутны зээлийн талаар асуудал хөндөгдөх үеэр би улсын тэтгэлгийн талаар судалж үзэхэд нэг ч хөгжмийн нарийн мэргэжлийн сургалтад тэтгэлэг байдаггүй юм байна. Энэ бол маш эмгэнэлтэй. Монгол Улс спортын салбартаа маш сайн мөнгө зарцуулдаг ч урлагийн салбартаа мөнгө зарцуулж чадахгүй байна. Яах вэ эдийн засаг, цаг үе ийм байна гээд чадах ядахаараа бид мөлхөж байгаа ч Монголын нийгмийн нүүр царайг урлагаар тодорхойлно шүү. Урлагаар дэлхийд маш хурдацтай гарах гарц, урлагийг эдийн засаг болгох аргачлалууд байна. Бидэнд дэлхийд гайхагдах ямар их өв соёл, нөөц байдаг билээ. Дэлхий ертөнцийн булан тохойг нэгжээд ч олдохгүй тийм их өв соёл бидэнд байгаа юм. Үүнийг зах зээлийн эргэлтэд оруулж, илүү авьяастнуудыг дэмжих хэрэгтэй. Солонгост уул уурхайтай газар байхгүй ч бүтээлч чанараараа буюу кино, хөгжим, хоолны соёлоороо жилдээ зөвхөн дуу хөгжмөөрөө 56 тэрбум ам.доллар олж байна. Бидэнд ийм нөөц бололцоо маш их бий. Монголын The Hu хамтлаг очиж фестивальд тоглоход тэд өвөг дээдэс, дэлхийг удирддаг удирдагчид нь ирсэн юм шиг хүлээж авч байна. Энэ бол бидэнд маш том боломж байгааг харуулж байна шүү дээ. Тиймээс нийгэмд соёл, урлагийн салбарыг дэмжих нь зүйтэй. Компаниуд болоод улс нийтээрээ соёл урлагийн салбарыг эдийн засаг болгож, уул уурхай, соёл урлагаараа биет болон биет бус өв соёлоороо дэлхийгээс хэдэн тэрбум ам.доллар татах бүрэн боломжтой. Оюуны бүтээл монголчууд шиг дотоод сэтгэлийн хүч чадал тэнхээтэй ард түмэнд өндөр байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *