Categories
мэдээ цаг-үе

Цасан шуурганд төөрсөн 8 иргэний 1 нь нас баржээ DNN.mn

Зүүн аймгуудын нутгаар болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан.

Тэгвэл өчигдөр оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо.

Тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэн мэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байв.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Харин Хэнтий аймгийн хувьд Хэрлэн, Баян-Адарга, Батноров сумдад гарсан цахилгааны гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан, цаг агаарын үзэгдэл орчим арилах төлөвтэй байна гэсэн мэдээллийг ирүүлжээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *