Кофе бол хүн төрөлхтний хувьд цагийн байдал, улирал харгалзахгүй аагийг нь сэнгэнүүлэн амтархан уудаг гол ундаа болчихсон. Антарктидад очсон аялагч, Гималайн нуруун дээрх кэмптээ буусан уулчин, газрын доорх далд уурхайн ажилчин, бүр сансарт жингүйдэж яваа Олон улсын сансрын станцынхан яг энэ мөчид кофе шимж байгаа ч юм бил үү. Ингэхээр кофе бол хил хязгааргүй, бүр орон зайн хязгаарлалтгүй тархсан дэлхийн ундаа болжээ.
Улаанбаатарт ч кофегоор дагнасан олон улсад нэр хүндтэй, брэнд болсон кафенууд ар араасаа үүдээ нээж, сүлжээ нь нийслэл хот, бүр хөдөө аймгуудад нээгдэж кофе гэх ундааны соёл Монголд дэлгэрчихлээ. Магадгүй энэ нийтлэлийг уншиж буй эрхэм та хаа нэгтээ “Tom n Toms coffee”-гийн аль нэг салбарт нь сууж ч байж мэднэ. Эсхүл ажлын ширээнийхээ ард, буйдан дээрээ, цонхоор гадагш харан зогсонгоо кофе оочлон зогсож ч байж болох юм. Монголчууд гэлтгүй, дэлхий гэх энэ цэнхэр гаригийн хүмүүс яагаад кофег ингэж талархан уудаг болов, кофе уухын сайхан нь юундаа байдаг юм бол. Энэ асуултыг 20-40 жил кофе ууж байгаа хүмүүсээс асууж л дээ. Тэд “Кофе уусны дараа илүү аж жаргалтай болчихдог. Амьдралын сайхныг улам ихээр мэдрүүлдэг. Кофе ууж буй тэр агшин өөрөө сайхан” гэж нэгэн дуугаар хариулсан байна.
Кофенд агуулагддаг гол найрлага болох кофейн нь ядрахыг багасгаж, эрч хүч нэмж, биеийн бодисын солилцоог хурдасгах замаар өөх тосыг шатаадаг юм байна. Цаашлаад ой санамжийг сайжруулж, сэтгэл санааны байдлыг өөдрөг болгож, хариу үйлдэл үзүүлэх хурд, сэтгэц, тархины ерөнхий үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг аж. Өдөрт кофе тогтмол уудаг бол сахарын өвчин тусах магадлалыг 50 хувиар бууруулдаг. Кофе нь серотин, норадерналин, допамин зэрэг аз жаргалын даавруудыг ялгаруулах үйл явцыг улам нэмэгдүүлж сэтгэлийг сэргээдэг. Улмаар мэдрэлийн импульсийг дамжуулдаг биологийн идэвхит бодис ялгарснаар сэтгэл хөдлөлөө удирдахад тусална. Кофе уухад сэтгэл дүнсгэр байхаа больж, сэргэлэн цовоо, ухаан хурц болж толгой эргүүлсэн ямар ч асуудлыг зөвөөр шийдвэрлэх чадвартай болдог. Кофе уухаас гадна үнэр нь таны сэтгэл санааг тайвшруулж, стрессийг мартуулдаг. Түүнчлэн кофе нь үхлийн эрсдэлийг бууруулдаг. Энэ ундааг өдөр бүр уудаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл 25 хувиар бага байдаг. Кофе хорт хавдрын эрсдэл, цус харвах эрсдэлийг тус тус бууруулдаг. Харвардын их сургуулийн судалгаагаар өдөрт хоёр аяга ба түүнээс дээш кофе уусан хүмүүсийн тархинд цус харвах, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл буурсныг тогтоожээ. Кофе тархийг хамгаалдаг бөгөөд паркинсон, альцгеймер өвчин тусах эрсдэлийг багасгадаг сайн талтай. Мөн хөгшрөлтөөс сэргийлнэ. Кофег тохиромжтой хэмжээгээр ууж хэвшвэл уушги, элэг, бөөр, дотор эрхтнүүдэд сайнаар нөлөөлж, астма, цөсний чулуу, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг юм байна.
Дэлхийн улс орнууд өөрийн өнгө аясыг кофе уух ёс жаягт оруулж өгсөн байдаг. Зарим орны кофетой холбоотой соёлоос товчхон сонирхуулъя.
Өмнөд Америк: Кофег халуунаар, хүйтнээр, сүүтэй, чихэртэй, давстай, коньяктай гэх мэт олон бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэдэг.
Этиоп: Хүмүүс нь заавал гар болон амаа угаасны дараа маш өтгөн, гоньдтой, давстай бас цөцгийтэй кофе уудаг.
Турк: Кофег бага багаар балгаж мөстэй усаар даруулж ууснаар жинхэнэ амтыг мэдэрдэг гэж үздэг.
Дамаск: Тус хотын иргэд жижиг аяганы ёроолд байгаа кофенд хэлээ хүргэхэд л уг шингэн кофены сэргээх чадварыг бүрэн мэдэрдэг гэлцдэг.
Америк: Кофег том аяганд уудаг ч сайхан кофе таалъя гэвэл жижиг шаазан аяганд уух нь зөв гэж үздэг.
Барууны орнуудад: Кофены аяга, халбаганд ихэд ач холбогдол өгч, кофег хутгах халбаганы чимээ нь хүртэл кофег ямар амттай байхыг шийддэг гэцгээдэг юм байна.
Монгол: Ихэнх оронд цай уудаг, кофе уудаг хүмүүс гэж ангилдаг. Харин монголчууд кофе, цайг хоёуланг нь уудаг сонин орноор шалгарчээ.