Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Ганхуяг: Хотын статусаар дүүргээ хөгжүүлбэл хэт төвлөрөлт багасаж, эдийн засгийн өсөлттэй хөгжил бодитой бий болно DNN.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хүн амын талаас их хувь нь Улаанбаатар хотод суурьшиж байна. Тэр утгаараа төвлөрлийг задлах, дүүргүүдийг хот болгох асуудал яригдаж байна. Ерөнхийдөө их хотын хөгжлийн жишгээр явах цаг нь болсон гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Таны хувьд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа хотын хөгжлийг ямар байдлаар харж байна вэ?

-Сая гишүүд бид иргэдтэйгээ уулзаад ирлээ. Энэ үеэр ҮХНӨ-ийг танилцуулж, мөн иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Таны асуусан хотын хөгжил, олон төвт хотуудтай болгох асуудлыг иргэд ч мөн ярьж байсан. Энэ удаагийн ҮХНӨ-өөр хотын статусын асуудал огт хөндөгдөөгүйг та мэдэж байгаа. Харин иргэдийн хувьд үүнийг хөндөж, ҮХНӨ-өөрөө нэг мөр оруулаад ирэхгүй яасан юм бэ гэдэг саналуудыг хэлж байсан. Учир нь Үндсэн хуульд төрийн захиргааны бүх байгууллагууд байгаа газрыг хот гэнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг Хөшигийн хөндийг хот болгох гэх зэрэг нь эрх зүйн хувьд боломжгүй болчихож байгаа юм. Хэрэв хот болгоно гэвэл Төв аймгийг Улаанбаатар хотын харьяанд оруулах шаардлага бий болно. Ингэж байж л хот болгоно шүү дээ. Тэр утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа бол хоёрхон зүйл дээр биш энэ мэт асуудлаа оруулаад цогцоор нь явуулахгүй яасан юм бэ гэдэг саналыг цөөнгүй ирүүлсэн.

-Улаанбаатар хотоос гадна бусад дүүргүүдийг хот болгон хөгжүүлэх, хотын статустай болгох тухай ярьж байгаа. Ингэхийн тулд эрх зүйн хувьд эхлээд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай гэж хэлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Үндсэн хуульд нэгэнт тэгээд заачихсан учраас өөрчилж байж эрх зүйн орчин нь бүрдэнэ гэсэн үг. Улаанбаатар хотын хувьд 1990 онд 580 мянган хүн амтай байсан. Гэтэл одоо нэг дүүрэгт тухайлбал Баянгол 270 мянга гаруй хүн амтай байна. Сонгинохайрхан, Баянзүрх тус бүр 300 мянга гаруй хүн амтай. Дүүргийн жишгээр яваад байя гэхээр төсвийн хөрөнгө оруулалт бага, төсөв нь нийслэл рүүгээ татагдаад тэндээ хуваарилагдахаар дүүргийн хөгжил хоцрогдож эхэлдэг сул талтай л даа. Тэгэхээр дүүргийг хот болгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэж, бусад хотуудтай өрсөлдөх чадвар нь дээшилснээр хотын хөгжил бодитой бий болох нөхцөл бүрдэнэ.

-Таны хувьд гадаадын олон хотоор явж байсан байх. Тэр утгаараа бусад томоохон хотуудын хөгжсөн туршлага, загвар ер нь ямар байдаг вэ?

-Туршлага, загвар гэвэл маш олон бий.

Үүнийг бид хаанаас хэзээ ч олоод харж болно. Нэг хот бус жижиг жижиг хотуудад хуваагдан хөгжиж байгаа улсууд олон бий. Тухайлбал Америкийн хотууд ингэж хуваагдан тусдаа хотын статусаар хөгжсөн байдаг. Манайд хот болгоно гэдэг асуудал ярихаар зарим иргэдийн хувьд төрийн алба улам данхайна гэж шүүмжилдэг.

Тэгвэл тийм зүйл огт биш. Хот болно гэдэг бие даасан хөгжил бий болно гэсэн үг. Хот болно гэдэг нь өөрөө хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүү нь нэмэгдэх боломж гэж харах хэрэгтэй. Манайд хот, дүүргийн засаг даргыг ИТХ-аасаа томилдог. Гэтэл гадны хотууд Засаг даргыг иргэд нь сонгож томилдог байх жишээтэй. Учир нь хот гэдэг бол аж ахуйн ажил нь илүү давамгайлдаг учраас иргэд нь Засаг даргыгаа сонгодог. Манайд яагаад ч юм, хот нэмнэ гэхээр ямар нэгэн байдлаар тэр ажил нь гацчихаад байдаг л даа. Угтаа энэ зууныг хотуудын эдийн засгийн зуун гэж ярьдаг. Яагаад гэвэл хот төвтэй эдийн засаг дээр суурилж хөгждөг болсон. Тухайлбал, Хятад улсыг хараад үзээрэй. Шанхай, Хонгконг гэх мэт хотууд дээр эдийн засаг нь төвлөрч хөгжиж байна. Түүнийгээ дагаад дэд бүтэц нь ч дагаад хөгждөг. Тиймээс манайх хотын статусаар дүүрэг, аймгуудаа хөгжүүлээд явбал хэт төвлөрөлт багасах, цаашлаад эдийн засгийн өсөлт, хөгжил бодитой бий болох юм.

-Таны хэлдгээр хот төвтэй эдийн засгийн зуунд хөл нийлүүлээд явъя гэхээр юу саад болоод байна вэ. Эрх зүйн өөрчлөлт мэдээж яригдах байх л даа…?

-Мэдээж эрх зүйн том өөрчлөлт хийх шаардлагатай. Тэр дундаа Үндсэн хуулийн тэрхүү заалт мөн нөлөөлж байгаа. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдож байна. Тэр утгаараа орон нутгийн гишүүдийн санал илүү давамгайлж шийдвэрлэгддэг гэсэн үг. Үүний нэг том жишээ бол мал төрийн хамгаалалтад одоог хүртэл байгаа нь шүү дээ. Яагаад гэвэл 48 гишүүн нь орон нутгаас сонгогдсон учраас мал төрийн хамгаалалтад байна гэдэг нь өөрчлөгдөхгүй яваад байгаа юм. Хэрэв нийслэл, орон нутгийн гишүүдийн төлөөлөл УИХ-д яг тэнцүү байсан бол мал төрийн хамгаалалтад орохгүй л байсан болов уу. Малчид гишүүдийгээ очихоор өвс өг гэж загнахгүй. Тэр малчин өөрөө бэлчээрээ сүйтгээд, өөрийнхөө хувийн малыг маллаж байж өвс өг гэдэг нь юу гэсэн үг вэ. Ийм асуудал хотод огт байхгүй. Хэрэв малчдын хандлагаар бол хотын иргэн гэрийнхээ нохойг тэжээхийн тулд гишүүддээ нохойн хоол захих, авчрахгүй бол загнах болж байна уу. Мал ч тэр, нохой ч тэр адилхан л гэрийн тэжээвэр амьтад.

-Орон нутгаас сонгогддог гишүүд их байна гэлээ. Зарим туршлагатай хуульчдын хувьд нийслэлийн гишүүдийн тоог нэмэх нь зөв гэдэг байр суурийг илэрхийлж байна л даа. Энэ нь таны саяны ярьсантай нийцэж байна гэж ойлгох уу?

-Жагсаалтын гишүүдийг нэмчих юм бол асуудалгүй л дээ. Гэхдээ тэр жагсаалтын хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь өнөөгийн 76 гэдгийн дийлэнх олонх буюу 48 нь орон нутгаас гарч ирсэн. Өөрөөр хэлбэл гуравны хоёр нь орон нутаг, нэг нь хот байна гэсэн үг. Тэгэхээр нийслэлийн гишүүдийн тоог 40 хувиар нэмчихвэл энэ харилцаа тэнцвэртэй болоод ирнэ гэсэн санаа. Тэнцвэртэй болно гэдэг нь цаашдаа хот илүү давамгайлж шийдвэр гаргана гэсэн үг. Хот илүү байх нь эдийн засаг илүү хөгжинө гэсэн үг шүү дээ. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь орон нутгаас сонгогдчихоор халамж түлхүү давамгайлдаг. Харин тэнцүү болчихвол эсвэл нийслэлээс сонгогдсон гишүүд нь олонх болчихвол эдийн засаг илүү давамгайлна. Бусад улсын жишиг ийм л байдаг.

-Та сая бүлгийн хурлаас гарч ирлээ. Бүлэг дээр ҮХНӨ-ийн асуудлыг гишүүд юу гэж ярьж байна. Бүгд л тойрогтоо ажиллаад ирцгээсэн шүү дээ…?

-Үнэхээр янз янзын байр суурь илэрхийлж байна. Гэхдээ олон нөхцөл байдлаас шалтгаалж, олон төрлийн байр суурь илэрхийлэгдэж байгаа л даа. Өөрөөр хэлбэл тухайн гишүүн тойрогтоо хэрхэн ажилладаг, иргэдтэйгээ ойр эсэх, нэр хүнд зэрэг олон нөхцөлөөс хамаарна гэсэн үг. Зарим тойрог дээр иргэд нь 76 гишүүнийг нэмэхгүй байх санал бодолтой байна гэсэн. Гэхдээ дийлэнх буюу улсын хэмжээнд гэвэл иргэдийн олонх нь 76 гишүүнээ нэмэх нь үнэхээр зөв гэдгийг хэлж байна лээ. Дүгнээд хэлбэл холимог системийг иргэд зуун хувь дэмжиж байна. Харин гишүүдийн тоог нэмэх нь зөв гэдгийг олонх нь дэмжиж байгаа юм байна. Гэхдээ 152 гэсэн өндөр тоог дэмжихгүй иргэд ч цөөнгүй байна гэсэн үг.

-152-ыг шууд дэмжих иргэд олон биш байна гэдгийг танай нам хэдийнэ мэдэж байсан юм биш үү. Юутай ч өндөр тоог эхлээд гаргаж ирье, дараа нь бага ч болтугай нэмэгдэнэ гэсэн бодлого барьсан уу, үгүй юу?

-Ёстой мэдэхгүй. Надад яг ингэж хэлсэн зүйл огт байхгүй. Анх Сонгуулийн хуулийг 50:50 гэж өргөн барьсантай л холбоотойгоор 152 гээд оруулаад ирсэн байх. Түүнээс биш нам дотор эсвэл аль нэг улс төрийн хүчнүүд нийлээд ингээд оруулж ирсэн тоо огт биш ээ. Гэхдээ 152 байх нь буруу ч зүйл биш шүү. Олон гишүүд байх тусмаа л хяналт сайжирна гэж боддог.

-ҮХНӨ-ийн хажуугаар Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх жилийн төсвийн төсөөлөл зэргийг байнгын хороодоор хэлэлцэж эхэлсэн. Ер нь ирэх жилийн эдийн засаг ямар төлөвтэй байхаар байна вэ?

-Манай улсын орлого өөрөө тогтворгүй байдаг. Тухайлбал, нэгдүгээр улирлын орлого дөрвөн тэрбум ам.доллар шахам байсан. Гэхдээ нэгдүгээр улирал нь хамгийн бага экспорт хийгддэг улирал шүү дээ. Гэтэл дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Тэр утгаараа дөрвөн улиралд үржүүлэхээр энэ жилийн экспорт 16 тэрбум ам.долларт хүрчих юм биш үү гэсэн төсөөлөл харагдаж байгаа. Хэрэв энэ хэмжээнд бид экспорт хийчихвэл 30 гаруй хувиар экспорт өсөх чигтэй байна. Экспорт нэмэгдэнэ гэдэг манай улсын валютын нөөц, ам.доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн гээд бүх зүйлд нөлөөлнө. Үнэхээр экспорт энэ хэмжээнд нэмэгдчихвэл ДНБ 10 хувьд хүрэх ч магадлалтай. Гэхдээ энэ төсөөлөл магадлал бодит болох эсэх нь гагцхүү нүүрсний ханштай л холбоотой. Харин ч манай улсын нүүрсний хувьд дэлхийд өрсөлдөх чадвар сайтай байдаг нь сайн. Нөгөөтэйгүүр экспортоо нэмэгдүүлье гэхээр боомтын асуудал яригддаг. Анхнаасаа төмөр замаа нарийн царигаар тавьчихсан бол манай улс ковидын үеэр ч ингэтлээ доошоо орохгүй л байх байсан болов уу. Ер нь ажрахгүй давах байсан даа. Тэр утгаараа алдагдсан боломжоос үүдэлтэй сөрөг нөлөөлөл гарч ирэх нь тодорхой. Тэгэхээр ирэх жилийн эдийн засаг эдгээр түүхий эдийн үнээс л шууд хамаарна.

-Ганцхан нүүрс биш бусад бараа бүтээгдэхүүн гаргах салбараа анхаарвал эдийн засаг сайжрах юм биш үү?

-Эдийн засгаа солонгоруулна гэж ярьдаг. Зарим эдийн засагчид үүнийг өөр олон салбарыг хөгжүүлэх тухай ярьж, ойлгодог. Гэтэл манай улсын хувьд уул уурхайн салбараас өөр салбарыг хөгжүүлснээрээ эдийн засаг солонгорох боломжгүй л дээ. Макро түвшнээрээ бол маш бага л нөлөө үзүүлнэ. Түүний оронд уул уурхайн салбараа солонгоруулах шаардлагатай. Угаасаа уул уурхайн салбараас олж байгаа хөрөнгө нь өөрөө маш өндөр. Гэтэл ийм хэмжээний орлогыг нөхөх, энэ тэнцэх салбар манай улсад байхгүй. Бий болгоё гэсэн ч боломж ч байхгүй.

-Засгийн газар ирэх жил 50 сая тонн нүүрс экспортолж, түүнээсээ 3.3 их наядын орлого олно гэсэн. Үүнийхээ 2.2 их наядыг цалин, тэтгэвэр нэмэх чиглэлд хуваарилна гэж төсөөлж байгаа юм билээ. Энэ төсөөлөл бодитой байж чадах уу?

-Нийт таван сарын байдлаар манай улс 10 сая тонн нүүрс гаргачихсан байна. Энэ хурдаараа явбал 30 сая тонн болно. Гэхдээ үүнд төмөр замын холболтын асуудал маш чухал нөлөө үзүүлнэ. Миний хувьд 50 сая тонн нүүрс гаргах хэцүү л гэж үзэж байна. Гэхдээ авто замын Цагаан дэл уул боомт нээгдчихвэл 50 саяд хүрэх магадлалтай шүү. Учир нь Гашуунсухайт нь Хятадын Баяннуур аймаг. Ханги мандал гэхээр бүр өөр аймаг болно. Ер нь Хятад талдаа гэвэл аймгууд нь хоорондоо маш их өрсөлддөг юм билээ. Тэр утгаараа Цагаан дэл уул боомт цаашаа гарахаараа өөр аймагт очно. Тиймээс Цагаан дэл уул боомт ашиглалтад ороод манай талаас дээрх гурван боомтоор нүүрсээ зэрэг гаргавал 50 сая тонн-д хүрэх магадлалтай. Тиймээс энэ бол их л өөдрөг төсөөлөл орж ирж байна гэж ойлголоо. Ер нь 50 сая хүрэхгүй дээ…

-Төмөр замын холболтын асуудлыг та хөндлөө. Үүнийг холбоно гэдэг нэг том асуудал болчихсон юм биш үү. Гэхдээ зайны хувьд биш газар зүйн тогтцын хувьд маш том ажил болохоор байгаа гэх юм. Өөрөөр хэлбэл манайхаас очиж байгаа төмөр зам Хятадын талтай холбох төмөр зам хоёрыг газрын гадаргын тэгш байдлаар нь харьцуулбал тэмээ, ямаа хоёр шиг өндөр нам газрууд болчихоод байгаа гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Юуны өмнө яагаад экспортын төмөр зам бус Зүүн Баяны төмөр замыг барьсан юм бэ. Яагаад Таван толгойгоос Гашуунсухайт руу төмөр зам барив. Яагаад Гашуунсухайтаас эхлээд Таван толгой руу төмөр замыг явуулаагүй юм бэ. Хил дээр Хятадын төмөр зам ороод ирчихсэн байна. Тэр төмөр замаас нь дотогшоо чиглэлд төмөр замаа барьж хөөж болоогүй юм уу. Энэ чинь энгийн логик биз дээ. Үүнд маш том нөлөө орсон. Тухайн үед нь би хэлж л байсан. Одоо ч ярьж л байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *