Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Т.Баярсайхан: Малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байна DNN.mn

Дотоодын зах зээлийг хамгаалах, гурван сая гутал үйлдвэрлэх боломж, импортын гарц, шийдлийг хэлэлцэх “Гутал” үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн боллоо. Уг хэлэлцүүлэгт Монголд арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 3 үйлдвэр байна. Мөн арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Арьс, ширний авлбарт нийт 4200 гаруй ажилтан ажилладаг.


Монголын арьс ширний үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Ерөнхийдөө түүхий эдийн чанар муу, боловсон хүчин дутагдалтай, импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар муу байна. Сайн технологи нэвтрүүлэх шаардлагатай. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрийг нүүлгэх асуудал ч бий. Үүнийг Засгийн газар дэмжиж байгаа. Боловсон хүчний хувьд бид цалингаа нэмэх шаардлагатай. Зарим үйлдвэрүүд 2 сая төгрөгийн цалин өгч байхад зарим нь сая хүрэхгүй төгрөгийн цалин өгдөг. Энэ нь бүтээмж, борлуулалт, үйлдвэрээс шалтгаалдаг. Монголд 2.5 саяас дээш төгрөгийн цалин өгөх хэрэгтэй.

Гэхдээ 2.5 сая төгрөгийн цалин өгөхөөр нийгмийн даатгалд 600 мянган төгрөгийг нь авчихдаг. Үүнийг эргэж харах шаардлага үүссэн байна. Мөн түүхий эдийн чанарын хувьд Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах, мөн малчид маань стандартын цаг хугацаандаа ариутгал, халдваржуулалт сайн хиймээр байна.

Малаа тоолдог биш бүртгэдэг болмоор байна. Заавал махны үйлдвэрт нядалсан малын махыг зардаг технологид шилжих хэрэгтэй. 

Хаа дуртай газраа нядалснаар махны чанар муудаж, цаашлаад махаа экспортолж чадахгүй байна” хэмээн ярилаа.

Үндэсний боловсруулах үйлдвэрүүд 140,0 тэрбум төгрөгийн 7.5 сая, арьс шир худалдан авч боловсруулж, 1.0 сая хос гутал, 10 сая гаруй савхин бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн “Судалгаа хөгжлийн төв”-ийн захирал Б.Батхүү “Өнөөдөр арьс ширний салбарт тулгамдаж буй асуудал их байна. Бидний хувьд сүүлийн 30 жилд хийгдэж байгаагүй арьс ширний гэмтлийн судалгааг хийсэн. Хамгийн их санаа зовж байгаа асуудал нь нядалгааны үеийн гэмтэл юм. Мал нядлах үедээ арьсыг нь зүсэж, цоолсноор арьсны салбарын түүхий эдийн тогтолцоонд хямрал нөлөөлөөд байгаа юм. Нэмүү өртгийн сүлжээнд ашиг олох байтал тэр нь доголдоод байна гэсэн үг. Ер нь бол Эмээлтийн мал нядлах үйлдвэрүүд өдөрт хэдэн тооны мал нядалж байгаагаар цалин олгодог.

Ингэхээр мах нядалж байгаа иргэд нь олон мал нядлахын тулд энд тэнд нь их хэмжээгээр зүсэж байна. Энэ их том асуудал. Цаашдаа эргэн мөшгөх системийг нэвтрүүлнэ. Нэг гутал авахад barcode байршуулна. Утсаараа уншуулаад ямар хүний хаана үйлдвэрлэсэн байна гэсэн нарийн мэдээлэл нь гарч ирнэ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм системийг нэвтрүүлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *