Он гарснаас хойш дэлхий нийтэд “Ковид-19”-ийн тохиолдол тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэв.
Тэрбээр мэдээлэлдээ, “Зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30-80 мянган тохиолдол бүртгэгджээ. Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байна. Манай улсын хувьд он гараад 18 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ПГУ шинжилгээгээр эерэг гарах нь нэмэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн дүн юм. Омикроны дэд хувилбар XBB.1.5 мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байгаа юм” гэв.
Мөн тэрбээр олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг зөвлөлөө.