Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Соёл: Ганцхан сувилагч гурван хүний ажил хийж байна DNN.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж, тэдэнд урам зориг өгөх зорилгоор шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах анхны “Эрдэнийн чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. “Эрдэнийн чагнуур”-т ерөнхий мэргэжлийн сувилахуй, хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй, мэс засал,

гэмтэл согогийн сувилахуй, нүүр ам, нүд, чих, хамар хоолойн сувилахуй, мэдрэл, сэтгэцийн сувилахуй, сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй зэрэг 13 төрөлд цомын эздийг тодруулсан юм. Энэ үеэр “Ерөнхий мэргэжлийн сувилахуй” төрлөөр “Эрдэнийн чагнуур” цом хүртсэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Диабетийн төвийн сувилагч, чихрийн шижин өвчний сургагч багш Б.Соёлтой ярилцлаа.


-Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөлд анхны “Эрдэнийн чагнуур” цомын эзнээр шалгарсанд нь баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Монгол Улсад энэ жил анх удаа сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд эмч нарын дунд шилдгийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ шиг “Эрдэнийн чагнуур” гэж ёслолыг хийж шагнал гардуулж байна. Өөрийн хийсэн бүтээсэн ажлаа тайлагнаж илгээн анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн боллоо. Анхны “Эрдэнийн чагнуур” шагналын эзэн болсондоо маш их баяртай байна.

-Та сувилагч мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сувилагч мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш улсад тасралтгүй 24 жил ажиллаж байна. 2005 онд чихрийн шижингийн сургагч багшаар мэргэшсэн. Түүнээс хойш Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд чихрийн шижингийн сургагч багшаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа олон улсад диабетийн төвийн зарчмаар ажилладаг туршлагыг Монголд нэвтрүүлэхийн тулд Сүхбаатар дүүрэгтээ анхдагч болж диабетийн төвийг нээж байсан. Өөрөө төсөл бичиж 5000 ам.долларын төсөл авч, төслөөрөө 2016 онд Диабетийн төвийг нээсэн. Нээгдсэн цагаасаа хойш Диабетийн төв олон улсын зарчмаар хөгжиж ажиллаж байгаа. Бусад дүүргүүдэд хийгддэггүй бүх сургалт, үзлэг, шинжилгээнүүд бүгд хийгддэг, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг багаар үзүүлж чаддаг онцлогтой дүүрэг юм. Энэхүү хөдөлмөрөө үнэлүүлж чадсандаа маш их баяртай байна.

Ажиллах хугацаандаа төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдий

хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Хамгийн сүүлд 2022 онд чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амны хөндийн эрүүл мэндэд 16.5 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж үр дүнг тооцож ажилласан. Ер нь судалгаа дүгнэлттэй ажиллахыг хичээдэг дээ. Монгол Улсад анхдагч болж чихрийн шижингийн сургагч багш мэргэжлийг эзэмшсэн учраас ижил мэргэжилтнээ сургаж ажиллахад хувь нэмрээ оруулан явж байна. Увс аймгийн нийт 20 гаруй сургагч багшийг эмнэл зүйн тойролтоор дагалдуулан сургадаг. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Этүгэн их сургуулиудын оюутнуудыг дадлагажуулан сургадаг. Диабетийн төвийг сургалтын бааз эмнэлэг гэж үздэг учраас сурагчид чихрийн шижингийн тойролтоо манайд хийж, сургалтыг нь удирдаж, сургадаг.

-Сувилагчаар 24 жил ажилласан гэлээ. Анх сувилагч мэргэжлийг хэрхэн сонгох болсон бэ?

-Би багаасаа эмч мэргэжилтэй болно гэж боддог байсан юм. Ингээд эмчийн мэргэжилдээ конкурс өгөөд тэнцэж чадаагүй. Эмнэлгийн мэргэжилтэн болж энэ салбарт ажиллах хүсэлтэй байсан учраас эмчийн мэргэжлээ авч чадаагүй ч сувилагчаар суралцъя гэж конкурс өгч, эхний гуравт орж мэргэжлээ сонгож байсан. Түүнээс хойш сонгосон мэргэжилдээ одоог хүртэл үнэнчээр ажиллаж байна. Би намайг дагалдаж буй оюутан, шавь нартаа “Сувилагч мэргэжилдээ үнэнч, тууштай байж хичээгээрэй. Нэг өдөр л хөдөлмөрийн чинь хариу болж шагнал ирнэ шүү” гэж хэлж зоригжуулдаг.

-Сувилагч мэргэжлийн сайхан болон хүнд хэцүү зүйлээс та хуваалцахгүй юу?

-Олон жил мэргэжлээрээ ажиллаад ирэх үед хүн маш их туршлагатай, мэргэшсэн болдог. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн хамгийн ойрын хүн бол сувилагч байдаг шүү дээ. Эмч нэг өвчтөнд үзлэг хийж 10-15 минут л харьцаж чаддаг бол сувилагчид тухайн хүнтэй хоёр, гурван цаг ярилцаж, зөвлөн тусалж, үйлчилгээ үзүүлдэг. Хэвтэж эмчлүүлж буй хүмүүст 10-20 хоног үйлчилдэг хүн бол сувилагч л байдаг. Тиймээс өвчтөний хамгийн ойрын туслагч, найдвартай тусламж үйлчилгээ үзүүлж буй анагаах ухааны баримт нотолгоонд

суурилсан хэрэгцээтэй тусламж үйлчилгээг гардан үзүүлдэг хүмүүс бол сувилагчид юм.

Одоогийн байдлаар сувилагчдын ажлын ачаалал маш их болж нэмэгдсэн. Өдөрт 30-40 хүнд үйлчилж, тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой байтал одоо дунджаар 70-80 гаруй хүнд үйлчилж байна. Ажлын ачаалал, ажлаас халшрах хам шинж их байна. Миний хувьд “Ковид-19” цар тахлын үед улаан бүс рүү нийтдээ таван удаа орж ажилласан. Тэр үед улаан бүс рүү өдөрт 4-5 удаа

орж ажиллаж буй хүмүүс сувилагчид л байсан шүү дээ. Эмч нар өдөрт 1-2 удаа ороход, сувилагчид өвчтөнүүдийнхээ эмчилгээг хийхийн тулд 4-5 удаа орж ажилладаг, улаан бүсэд хамгийн их цаг өнгөрүүлдэг байсан. Сувилагчдаа хайрладаг, ажлын ачаалал тэнцвэртэй, ажлын ачаалалдаа тохирсон цалин хөлсийг аваасай гэж боддог. Ингэж байж л сувилагч мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэх байх. Үүнд төр засаг анхаарч сувилагч мэргэжлийн цалин хөлсийг нэмж, ар гэр амьдралын баталгааг сайжруулбал энэ мэргэжлээр хүмүүс дуртай ажиллах байх. Одоо сувилагчдын дунд ажлаас халшрах хам шинж 80 хувьд бий байх. Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа. Олон улсад Монголын нэг сувилагчийн ажлыг бараг 10 сувилагч хувааж хийдэг.

-Таны бодлоор сувилагчдын ажлын ачааллыг бууруулахад юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхний ээлжинд хүний нөөцийн асуудалд анхаарах хэрэгтэй. Хүний нөөц маш их дутагдалтай байгаа учраас Монгол Улсад нэг эмчид гурван сувилагч ногдох ёстой байтал нэг эмчид нэг сувилагч ноогдож байна. Ганцхан сувилагч гурван хүний хийх ёстой ажлыг хийж байна шүү дээ. Ирээдүйд сурагчдыг сувилагч мэргэжлийг сонгох хүсэл эрмэлзэлтэй, сонирхолтой болгоход төрөл бүрийн хөшүүргүүд хэрэгтэй. Тухайлбал, цалин өндөр байх, ажлын ачааллыг зохицуулах, ажлын байрыг сайжруулах, ар гэр нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон асуудалд анхаарвал сувилагч мэргэжлээр ажиллах сонирхолтой болж магадгүй. Сувилагч мэргэжлийг сонгох хүн маш ховор байна гэсэн судалгаа ч байдаг.

-Сувилагчийн мэргэжилд юу хамгийн чухал байдаг вэ?

-Мэргэжилдээ ур чадвартай, тууштай, хайртай дуртай байх нь хамгийн чухал. Өөрийн мэргэжилдээ дуртай байж мэргэжлийн үнэ цэнэ харагдана. Ур чадвар, мэдлэгтэй байх ёстой. Чадвартай байж өвчтөнүүддээ тусламж үйлчилгээг оновчтой зөв үзүүлдэг. Чадваргүй байж алдаа гаргавал түүний цаана хүний амь нас яригдах учраас ур чадвартай, хүнлэг энэрэнгүй, өвчтөнөө ойлгодог, мэргэжлээ мэдэрдэг байх хэрэгтэй гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *