Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“ГЭР” глампинг амралтын газар Япон улсад анх удаа нээгдлээ DNN.mn

Намуун сэвшээ салхи сэрчигнэж, үүлгүй цэлмэг тэнгэр хөхвөртөн, цэцэг навч алаглаж, цэнгэг голын ус шаагин шуугисан хаврын өдөр сүрлэг үзэсгэлэнт хайрхан Цүкүба уулын энгэрт монгол хүний гараар бүтсэн гоёмсог бөмбөгөр цагаан гэрүүд ханаа шийрлэж, “Гэр” глампинг амралтын газар тавдугаар сарын 1-нд нээгдэн, зочдоо хүлээн авч, үйл ажиллагаа эхэллээ. Үүнийг онцлохын учир гэвэл үсрэнгүй хөгжилт Япон улсад анх удаа ой модтой зэлүүд энгэрт бүгдийг тэгээс эхлэн бүтээн босгож, нэг ч алхам ухралгүй, бас зогсолгүй хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, болохгүйгээс болох хүртэл зүтгэсэн залуу гэр бүлийн хичээл зүтгэлийн үр дүнд нэгэн шинэ голомт бадран ассаных юм.

Их уулын бэлийн нов ногоон ойн дунд, хотын эмх замбараагүй дуу шуугианаас ангид, навчсын сэрчигнээн, шувуудын жиргэх дуунаас өөр чимээ аниргүй нам гүмд, дотоод сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй тайвширмаар, байгаль дэлхийдээ уусан, зөөлөн газар шороонд нь хөл нүцгэн алхаж газар эх, уул усны хязгааргүй их эрч хүчийг мэдэрмээр ер бусын гайхамшигт орчин цогцлох ажээ. Анх энэ газар долоон жилийн өмнө эхлэлээ тавьсан залуу хосын хичээл зүтгэл ийнхүү биеллээ олов.

Японд Точиги болон Гүнма мужид монгол гэртэй амралтын газар ердөө хоёрхон байдаг. Эзэд нь япон хүмүүс. Мөн амралтын газрыг тодотгоод байгаа глампинг гэдэг үгийг товчхон тайлбарлахад glam­orous /үзэсгэлэн төгөлдөр, дур булаам/ camping /хээр тал, уул, нугад зугаалах/ гэсэн англи үгийн нийлэмж аж. Ийм нэршил, бас зэрэглэл үүссэний гарал түүх тун сонирхолтой. Тэр нь Монголын их эзэнт гүрний үеийн нүүдэлч ард түмний сууц болох гэрээс үүсэлтэй бөгөөд 1600 оны үед европ дахь хаад ноёд хээр гадаа зугаалахдаа майхан дотроо тохитой, тансаг амран цэнгэх болж, 1900 оны үеэс хээр цөл нутагт майхан дотроо тансаг амрах гэж бүр боловсронгуй болгон хөгжүүлжээ. Тэгсээр яваад өнөө үед үзэсгэлэнт байгалийн дунд цагийг хамгийн тансаг, тайван өнгөрөөх үнэтэй амралт зугаалгын дээд зэрэглэл болон хөгжжээ. Тиймээс Япон улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй бөгөөд анхны глампинг хэв загвартай амралтын газар 2015 онд Нагано мужид “Хошино Фүжи” резорт, дараа нь 2019 онд Нийгата мужид “Сноү пик” нэртэй байгуулагдан, түүнээс хойш резорт амралтын бүс хүрээгээ тэлэн хөгжиж буй. Чухам яг ийм үед монгол эзэнтэй “Гэр” глампинг амралтын газар үүд хаалгаа нээснээр Монголыг сонирхох япончуудын тоо улам ихсэх нь дамжиггүй.

Корона цар тахлын улмаас хүмүүсийн хөл хөдөлгөөн татарч, амралт цэнгээн, зугаалгын газар, зочид буудлуудын үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги болж, тун хэцүү байдалтай байсан ч энэ жилээс жуулчдын тоо ихэсч, үйл ажиллагаа хэвийн болж эхэлж байна. Японд хээр хөдөө зугаалж, задгай, уужим агаарт кэмп хийх ихэссэн нь бас л корона цар тахалтай холбоотой байв. Олон хүн цугласан газраас зайлсхийж, гэр бүл, эсвэл хамт олноорооо уул тал, хээр хөдөө, ой модонд амарч, майхан барьж, хонож өнжин, амралтын цагаа өнгөрүүлэх болсон юм.

Япон улсын нийслэл Токио хотын төвөөс машинаар явахад ердөө л цаг хагасын дайтай яваад хүрэх газарт “Гэр” глампинг амралтын газар үүд хаалгаа нээж, нээлтийн ёслолын үйл ажиллагаандаа Японд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Ибараки мужийн Ишиока хот, Ясато дүүргийн захиргааг төлөөлсөн зочид болон тусалж дэмжсэн ойр дотнын найз нөхдөө урьсанаар тэд хүрэлцэн очиж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, морин хуур, уртын дууны эгшиг аялгуутай нижгэр сайхан өндөрлөв. Япон зочдыг төрөл бүрийн монгол хоолоор дайлах үед хорхогны хав халуун чулуу алгандаа өнхрүүлэх монгол хүмүүсийг үл мэдэг гайхан харах япон гийчин ч байв.

Гүн их ногоон ойн дунд оюуны өмчөөр баталгаажсан тусгай патенттай “Буянт” компанийн өвөрмөц дизайн хийцтэй нарс модоор урласан долоон гэр болон үүдэндээ пийшин, тохилог буйдан, ширээ бүхий саравчтай терас байх аж. Яг л Монгол эх нутагтаа байгаа юм шиг халуун дулаан мэдрэмж төрж, гэрийн тооноор хөх тэнгэр, ногоон моддын орой үзэгдэнэ. Амар амгалан, ууч уужим ертөнцийг мэдрэх зуурт алжаал ядаргаа хаа тийшээ хийсэн одохын хамт эх орноо санагалзах сэтгэл ч хуу хамагдан явчих шиг зөнгөөрөө уужран тайвшрах нь ер бусын. Тэр хавь нь агаар, ус цэнгэгээрээ гойд бөгөөд арвин их жимс ногоо ургадаг, Японы хамгийн амттай илжгэн чих жимстэй гэх бөгөөд тэрхүү жимс нь жил бүр эзэн хаандаа өргөн барьдаг идээний дээжист ордог гэнэ.

Асар их эрчим, эрчисийн бүс болох ариун дагшин хайрхан гэдгээрээ алдартай Цүкүба ууланд “Гэр” глампинг амралтын газар үүссэн түүх долоон жилийн өмнөөс эхэлжээ. Тус амралтын газрын эзэн “MJ corporation” компанийн захирал Т.Мөнхзул Монгол руугаа машин илгээх бизнес эрхэлдэг байж. Гэтэл машин ашиглалтын талбайн түрээс жил ирэх тусам нэмэгдэж, хямд газар хайж эхэлснээс энэ бүхэн үүджээ. Газар хайж явсаар, энэхүү үзэсгэлэнт газрыг худалдан авч, анх найзуудтайгаа ирж, майхан барин, мах шарж, амарч өнгөрүүлдэг байснаа жил ирэх тусам өргөжүүлсээр амралтын газар байгуулах зориг шулууджээ. Монголд анх “приус” машиныг хамт оруулж, эрсдэл болон амжилтыг хамтдаа үүрэлцсээр ирсэн үеэл Г.Лувсансамбуу нь энэ бүхнийг бүтээлцэхэд чамгүй хувь нэмэр оруулжээ. Гэргий Ч.Амарзул нь энэхүү амралтын газраа гардан хариуцах бөгөөд өдийг хүртэл бүтээж босгох замдаа олон саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн гэнэ. Тэр анх 2005 онд дэлхийд шинжлэх ухааны судлал, нээлт, судалгааны төв гэдгээрээ алдартай Цүкүба их сургуульд суралцаж, ажил амьдралын гараагаа эхлэхдээ энэ нутаг усанд татагдсанаас хойш аль хэдий нь гурван охины ээж болжээ.

Тэрбээр Японд ирэхээсээ өмнө Монголд орчин үеийн тохилог гэр амралтын газраас ажлын гараагаа эхэлж, аялал жуулчлалын бизнест ойр байсан туршлага нь өнөөдрийн ажил үйлстэй нь холбоотой аж. Ханьтайгаа зөвлөлдөн шийдэж, газар худалдаж авснаас үүдэн тэрбээр олон янзын судалгаа эхлүүлж, Япон дахь худалдаа аж үйлдвэрийн танхим болон жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй нягт ажиллаж, бизнес-эдийн засгийн шат дараалсан сургалтанд сууж, холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, Засгийн газрын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулах хөтөлбөрт оролцох зэрэгт удаа дараалан төсөл боловсруулж, хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, тал бүрээр өөрийгөө сорьж, цуцалтгүй зүтгэсээр л байж. Тэгж байтал хамгийн сүүлд оролцсон төсөл нь Засгийн газрын төсөлд дэмжигдэхээр болж, уртын урт мөрөөдөл нь биелэгдэхэд ойрхон болжээ. Түүгээр ч барахгүй хотын дарга нь хүлээн авч уулзан, ус татах хоолой, шугам сүлжээ тавихад туслан дэмжжээ. Ийнхүү ажлынх нь хамт олон болон Японы ард түмний дэмжлэг, халуун дулаан сэтгэл дундаас “Гэр” глампинг сууриа тавьсан аж.

Одоо Японд амьдран суугаа монгол, япон хүмүүс амран цэнгэж, япончуудад Монголоо сурталчилж, албан ёсны мэдээллээр хангах нэг том боломж нээгдэв. Чингэснээр Монголыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэхээс гадна Монголд айлчлах юмсан гэсэн сэдлийг төрүүлж, сонирхолыг нь бадраах болов уу гэж бодном. Залуу гэр бүлийн хоёр ч тийм л газар болгох чин хүсэлтэйгээ хэлж байв. Тэдний хэлэхийг сонсоод монгол хүний язгуур ухаан, уламжлалт соёл, гүн сэтгэлгээ нэвт шингэсэн бөмбөгөр цагаан гэрүүд үзэсгэлэнт уулын энгэрт цайран буйг харахад өөрийн эрхгүй бахдал төрнө. Тиймээс би “Хойшид олон хүний мөр жим ийш тасрахгүй байж, тэр бүрийд Монгол хэмээх нэр улам дуурсаасай” хэмээн хүсэв.

Япон улсад суугаа манай сонины сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *