“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтжээ. Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар түүний эгч н.Оюунбадам өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тухайн үйл явдал ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 15 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Мөн элэг, уушги нь бяцарсан. Яваандаа нөхөгддөг гэж эмч нар тайлбарлаж байгаа.
Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор гэрээрээ эмчлүүлж байгаа. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй.
Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хэрэг нь шийдэгдээгүй байхад тус компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон байхад тухайн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон зүйл алга.
Тархины гэмтлийн хувьд манай улсад нарийн мэргэжлийн эмч байхгүй тул бид БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хандсан. Гавлын яс нөхөх хагалгаанд орох юм. Одоохондоо бид нарт хариу ирээгүй байна” гэв.