Categories
мэдээ цаг-үе

Энэ долоо хоногт юу болох вэ DNN.mn

“Өдрийн сонин” долоо хоног бүрийн даваа гаригийн дугаартаа тухайн долоон хоногт болох үйл явдлуудыг тоймлон хүргэхээр “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг нээсэн билээ. Ингээд уншигчиддаа энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засгийн хурал лекц, форум, спортын үйл явдал, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтуудын талаар мэдээллийг хүргэе.


Улс төр

• Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.

• Мөн Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаанаар СӨБ-ын тухай хууль болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• Маргааш УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана.

• Харин Хууль зүйн байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Тавдугаар сарын 10-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалт хийх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Түүнчлэн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль, тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Лекц, форум

• Шинжлэх ухаан – танин мэдэхүйн цуврал лекцийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Shima Seiki training center” сургалт судалгааны төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, академич Д.Энхтуяа “Ноолуур судлал: Ололт, шаардлага, зорилго” сэдвээр тавдугаар сарын 10-ны өдөр ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд 15:00 цагаас тавина. Тус лекцийг Zoom платформоор сонсох боломжтой бөгөөд meeting ID: 89224188264, passcode: 174618 байна.

• “Чихрийн шижин хэв шинж хоёр” сэдэвт вебинар онлайнаар үнэ төлбөргүйгээр тавдугаар сарын 13-ны өдөр 10:00 цагт болно. Уг вебинар нь монгол орчуулгатай явагдах бөгөөд АНУ-ын Дотоод шүүрэл судлалын эмч, Хавайн Маноа их иургуулийн ахлах профессор, Mederva Health-ын ерөнхий эмч, Станфорд эмнэлгийн радиологич Dr. Mohammed Kaleel, Интермед эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын эмч Б.Батжаргал нар хөтлөн явуулах аж.

• Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган энэ жил “Асрахуйн эдийн засаг” XIV чуулган “Шангри-ла” зочид буудалд тавдугаар сарын 10-ны өдөр 8:30 цагт зохион байгуулагдана.

• “Уул уурхайн биржийн эко систем” форум тавдугаар сарын 10-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн их танхимд 9:00 цагт зохион байгуулагдана. Тус форумын талаар “Эрдэнэс Ай Ти Консорциум” ХХК-ийн Бизнес хөгжил хамтын ажиллагаа хариуцсан захирал С.Ганзоригоос тодрууллаа. “IT-ийн чиглэлийн 11 компани нэгдэн “Эрдэнэс Ай Ти Консорциум” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Уул уурхайн биржийн мэдээллийн системийг тус компаниуд хөгжүүлж байгаа юм. Эко системд нь уул уурхайн биржийн арилжааны систем, хяналтын систем, төлбөр тооцооны систем, тээвэр ложистикийн систем багтаж ийм экосистемийн бүрдлийг хөгжүүлсэн байгаа. Форумын үеэр уул уурхайн бүтээгдэхүүний биржийг зах зээлийн оролцогч талуудын хамтаар бий болгох зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй уг форумд үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн эко систем бүхий шийдлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн Форумд холбогдох мэргэжлийн холбоод, уул уурхайн болон мэдээллийн технологийн компаниудын төлөөллүүдийг багтаасан нийт 150 гаруй зочид оролцож, салбарын өнөөгийн дүр зураг, ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцох юм” хэмээв.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 16 дахь өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

• Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

• Иргэн Д.Монголхүүгийн давж заалдах шатны шүүх хурал маргааш 09:00 цагт Нийслэлийн иргэний хэргийн шүүх дээр нээлттэй явагдана.

• Улаанбаатар төмөр замын орлогч дарга С.Батдөлийн цагдан хорих хугацаа энэ долоо хоногт дуусч буй. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шийдвэрийг шүүх энэ долоо хоногт хэлэлцэнэ.

• Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны өдөр товложээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Найруулагч, гэрэл зурагчин Б.Отгонсүрэнгийн “…Цэг биш, таслал” баримтат, арт, байгалийн гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улаан гэр галерейд 18:30 цагт болно.

• Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч А.Лхагва “Монгол зураачид-2023” номын нээлт, зураач урчуудын нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт маргааш 18:00 цагт Монгол арт галерейд болно.

• Монголын урчуудын эвлэлийн уламжлалт “Хавар” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд тавдугаар сарын 10-нд 14:00 цагт нээлтээ хийнэ.

• “Монголын урлагийн хосгүй бүтээлүүд” тусгай үзэсгэлэн тавдугаар сарын 10-15-ны хооронд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт дэлгэгдэнэ.

Жүжиг

• Мөрөөдлийн театр “Шөнө буусан аадар” драмын жүжиг тавдугаар сарын 8, 9, 10-нд 19 цагт тус тус Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд тоглогдоно.

• У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжиг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тавдугаар сарын 11-нд 19:00 цагт, 12-нд 19:00 цагт, 13-нд 18:00 цагт, 14-нд 18:00 цагт тоглогдоно.

Концерт

• “Дэлхийн сонгодог Монголд” тоглолт маргааш Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт тоглогдоно.

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т тавдугаар сарын 9, 11, 12, 14-нд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт Хүн театрт тавдугаар сарын 9-нд 18:00 цагаас тоглогдоно.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Чингүнжавын “Зун болдог байх” тоглолт тавдугаар сарын 10-ны өдөр 19:00 цагаас UB Palace-д зохион байгуулагдана.

• “Orchestra night” хөгжмийн концерт тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд тус тус 17:00 цагт Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдоно.

• Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Айганы “Аялгуут Домбор” бие даасан анхны тоглолт тавдугаар сарын 14-ний 17:00 цагт тоглогдоно.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 13-нд 12:00 цагаас Улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

• Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 14-нд 12:00 цагаас “Алтан жолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

• Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Катарын Доха хотод эхлэв. Монголчууд энэ тэмцээнд бүтэн багаараа орж байна. Тэмцээнийг C1 телевиз эх орон даяар шууд дамжуулна. Хэсгийн барилдаан 16:00 цагаас, шигшээ барилдаан 23:00 цагаас явагдах хуваарьтай байна.

• Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тэмцээн Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд явагдана.

Нийгэм

• Өнөөдөр Олон улсын Улаан загалмайн өдөр буюу Монголын хүмүүнлэгийн өдөр тохиож байна.

• “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан “Таны ирээдүйд – Татварын боловсрол” нээлттэй хаалганы өдөрлөг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд тавдугаар сарын 11-нд 8:30 цагаас 16:00 цагт болно.

• Алтанмед эмнэлгээс “Иргэдэд зориулсан зөв дадад хэвшлийн сургалтыг Алтанмед эмнэлэг дээр тавдугаар сарын 13-ны өдөр 9:00-11:00, 11:00-13:00, 15:00-17:00 цагийн хооронд тус бүр хоёр цаг зохион байгуулна.

• Зөв шийдэл сургалтын төвөөс шатар сонирхогч, суралцагч хүүхдүүдийн дунд Шатрын тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэхийн зүүн талын Хурдын рапид хороолол 21 байрны 76 тоотод 9:30-12:00 цагийн хооронд I-II ангийн сурагчид, 11:30-14:00 цагийн хооронд III-V ангийн сурагчид, 13:30-16:00 цагийн хооронд VI-XII ангийн сурагчдын дунд тус тус зохион байгуулагдах аж.

• “Future Doctor 2023” буюу эрүүл мэндийн салбарын мэргэжил таниулах өдөрлөг АШУҮИС-ийн “Оюутны соёлын төв”-д тавдугаар сарын 13-нд 10:00-16:00 цагт болно.

• Европын холбооноос “Европын өдөрлөг 2023” өдөрлөгийг тавдугаар сарын 14-ний өдөр 11:00 цагаас 17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *