Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд гарсан зардлыг гэм хорын хохирол гэж үзэхэд учир дутагдалтай DNN.mn


Иргэн Б.Б, Д.Б нар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж С.Т хариуцагч нараас сэтгэл санааны хохирол 3,678,800 төгрөг, хүүгээ долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200 төгрөгийг нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн заалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х дээд шүүх гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд, аливаа эд зүйл өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Хулгайлах гэмт хэрэгт малыг, тээврийн хэрэгслийг гээд бүгдийг үнэлдэг. Хүмүүс хулгайд үхэр, хонио алдвал үнэлгээний байгууллага үнэлээд хохирлыг нь шүүхээс гэм буруутай этгээдээс гаргуулдаг. Үүнтэй ижил хүн ч гэсэн маш их үнэ цэнтэй бодгаль билээ. Хүүхэд өсгөхөд хүүхдийг төрүүлсэн эх хүн 38-40 долоо хоног хэвлийдээ тээдэг. Энэ маш их хөдөлмөр. Хүүхдээ төрүүлсний дараа нэг нас хүртэл нь эх хүн бүтэн нойртой хонохгүй, шөнө бүр 1-3 удаа сэрж босож хүүхдээ хөхүүлнэ, хуурайлна. Заримдаа өвдсөн үед нь шөнөжин нойргүй хонох ч тохиолдлууд байна. Хүүхэд өсгөхөд хувцас, хоол хүнс, витамин, өвдвөл эм тариа, эмнэлэгт үзүүлэх замын зардал, дулаан тохитой орон гэр, эцэг эх хүний маш их хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө зарцуулсны үр дүнд хүүхэд эрүүл энх өсөж том болдог. “А Ү” ХХК-ийн гаргасан “Хүний амь насанд учирсан хохирлын үнэлгээ” дотор талийгаач хүүхдийг долоон нас хүртэл нь өсгөхөд түүний эцэг, эхэд гарсан зардал болон үнэлж болох эд хөрөнгийн хохирол тусгагдсан байгаа. Ийм байхад шүүх үүнийг үнэлж болохгүй эдийн бус гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Хоёр, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд…гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад тэр дундаа “амь насанд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байхад нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь, хуульд шаардах эрхийг нь заасаар байтал үнэлгээний байгууллага хүүг нас барснаар хүүг долоон нас хүртэл нь өсгөхөд ээж аав нь хамгийн багаар бодоход 16,321,200 төгрөг зарцуулсан байгааг, хүү амьд байсан бол ямар их баялаг бүтээх байсныг, мөн эцэг эхийн сэтгэл санаанд учирсан хохирлыг… үнэлсэн байна. Ийм байхад үнэлж болох эд хөрөнгийн хохирол байхгүй эдийн бус хохирол байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлүүлэх, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзсэн.

… Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхыг заасан байх боловч ийм зохицуулалт байхгүй. Иймээс шүүх Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.” гэж зааснаар гэм хорын ерөнхий зохицуулалтын агуулга, зарчмыг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хорын ерөнхий зохицуулалт болох уг хэм хэмжээнд гэм буруутай этгээд эдийн бус гэм хорын хохирлыг арилгах үүрэг ч багтана.

Нэхэмжлэгч нь сэтгэл санаанд учирсан хохирлоо “А Ү” ХХК-ийн үнэлгээгээр нотолно гэжээ. Уг үнэлгээг Америкийн нэгдсэн улсын муж бүрээр тогтоосон одоо мөрдөж байгаа сэтгэл санааны хохирлын үнэлгээний доод төвшин /250,000 ам.доллар, Бүгд найрамдах Солонгос улсын сэтгэл санааны хохирлын шинэчилсэн суурь үнэ /100,000,000 вон/ зэргийг Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ, ДНБ-ний харьцаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэрэг шалгуурыг харьцуулан сэтгэл санааны хохирлыг 36,164,000 төгрөгөөр тогтоожээ. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирлоо 3,678,800 төгрөгийн хэмжээнд тодорхойлсон тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй байжээ.

Харин хүүхдээ долоон нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлэхэд гаргасан зардлыг гэм хорын хохирол гэж үзэхэд учир дутагдалтай. Учир нь эцэг эх нь үр хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхдийг тэжээн тэтгэхэд ийнхүү гаргасан зардлыг бусдаас шаардах үндэслэл нь эцэг эхийн хуулиар хүлээсэн үүрэг болон жам ёсны эрхэд нийцэхгүй юм. Нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж өгөхийг хүссэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн байна.

(Энэхүү шүүхийн шийдвэрийн агуулгыг товчлон бичсэн болно)

Эх сурвалж: www.shuukh.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *