Чингэлтэй дүүрэг “Ногоон бүс” болжээ. Тодруулбал тус дүүргийн гудамж, тохой, орц бүрийг цаг минут тутам хянах камеруудыг байршуулсан байна. Нягтаршил өндөртэй орчин үеийн камер байршуулснаар Чингэлтэйн нутаг дэвсгэрт хэн юу хийж байгааг цаг алдалгүй дэлгэцээр хянах боломж бүрджээ. Харанхуй гудамжаар алхахдаа хэн хаанаас гарч ирэх бол гэх айдсаа Чингэлтэй дүүргийнхэн авч хаяад хэдэн сар болж байгаа юм байна. Асуудал үүсэхэд л нэгдсэн системээс цагдаад мэдээлэл хүрч гэмт этгээдийг тав алхуулахгүй бариад авах орчин нөхцөл тус дүүрэгт бий болжээ.
Үүнийг ажил хэрэг болгоход Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгжийн зүгээс 125 сая төгрөгийн санхүүжилт босгож, дэмжлэг үзүүлсэн гэнэ. Үр дүнд нь гэмт хэрэг тасардаггүй байсан Чингэлтэйнхэн амар амгалан аж төрөх болсныг дүүргийн цагдаагийн газрын удирдлагууд онцлов.
Тухайн дүүргийн хөдөлгөөн бүрийг хянах болсноор халаасны хулгайчид гишгэх газаргүй болж. Жишээ татаад хэлэхэд Мөнгөн завъяагийн нүхэн гарцны үүдэнд алхаж явсан эмэгтэйн цүнхнээс утсыг суйлсан хэрэг шинэ оны үеэр гарсан байна. Хэрэгтнийг халуун мөрөөр нь дагаж хэдхэн цагийн дотор илрүүлж арга хэмжээ тооцжээ. Хулгайч этгээд Мөнгөн завъяагаас утас суйлаад Теди орж борлуулах замдаа 8-9 камерт бичигдсэн байх бөгөөд хулгайн утас авсан ченж нь ч хэргийн хамсаатнаар татагдсаныг хэрэг дээр ажилласан мөрдөгч нь онцолсон. Хэрэгтэнд үйлдлийнх нь бичлэгийг харуулахад нүд нь орой дээрээ гарах шахсан талаар ч ярьж байв. Энэ мэтчилэнгээр халаасны болон орон байрны хулгайн хэргийг шуурхай илрүүлснээр бусдын халаас руу шагайж илүү хардаг нөхөд Чингэлтэйн нутаг дэвсгэр рүү зүглэхээ больжээ. Тэр ч утгаараа тухайн дүүрэгт гэмт хэргийн илрүүлэлт өсч, хэргийн гаралт буурчээ.
Халаасны хулгайч нарын гол бай Дэнжийн мянга, Хүчит шонхор гээд түм түжигнэж, бум бужигнасан газрууд гандангийн хаалга шиг л амгалан болж. Хаанаас юугаа алдах бол гэх айдсаа энэ хавийнхан үндсэндээ гээжээ. Аж ахуйн нэгжүүд ч тэр гэмт халдлагаас ангид үйл ажиллагаа явуулах болсон байна.
Түүнчлэн зогсоолд байршуулсан тээврийн хэрэгсэл шүргээд зугтдаг, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед дугаар харагддаггүй хэрэг замхардаг гээд асуудлуудаа ардаа үлдээжээ.
Ч.Бадамцэрэн:Айлуудөдөр бүр шахАМ гэрээ ухуулдаг үзэгдэл алга болсон
Гэх мэтчилэнгээр гэмт хэрэг өдрөөс өдөрт буурч байгааг дүүргийн цагдаагийн газрын дарга нь ч онцолж байв. Түүнчлэн ноцтой гэмт хэргүүдийг ч тэр дор нь илрүүлсэн жишээ энд байна. Тодруулбал зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг мөргөөд 100 орчим метр чирч, амийг нь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тэр дор нь л илрүүлсэн байна. Чингэлтэйн өөр нэг онцлох зүйл нь гудамж бүр камержсанаар хашааныхаа гадаа хогоо хаядаг үзэгдэл цэгцэрсэн талаар хорооны Засаг дарга нь онцлов. Энэ талаар долдугаар хорооны иргэн Ч.Бадамцэрэнтэй ярилцлаа.
-Чингэлтэй дүүргийн булан тохой бүрийг камержуулжээ. Үүний ач холбогдлыг та яаж харж байна вэ?
-Наад зах нь гэмт хэрэггүй, эрүүл бүс болж байна. Айдасгүй амгалан амьдрах боломж бүрдлээ. Хамгийн гол нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж чанартай камер суурилуулснаар шөнийн үйл явдлыг ч өдөр шиг хянаж байх боломж бүрдэж байгаа юм. Ийм тайван амгалан дүр зургийг бид Солонгос, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнуудаас л хардаг. Хороо маань ийм болж байгаа нь өндөр хөгжилтэй орны жишигт нэг алхам ойртлоо гэж харж байна.
-Бүрэн камержаад бага биш хугацаа өнгөрчээ. Иргэдийн хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Гудамжиндаа хог шороогоо асгадаг үзэгдэл цэгцэрсэн. Үүнийг дагаад хорооны өнгө үзэмж нэмэгдлээ. Өмнө нь гудамжинд сагсны шийд босгоход л торыг нь хайчлаад аваад явчихдаг байлаа шүү дээ. Одоо бол өөр болсон. Цаашлаад хаа хамаагүй газарт шээж, баадаг асуудал харагдахаа болиод удаж байна. Тамхи татахдаа
ч зориулалтын цэгт татдаг болсон. Камержуулалт дагаад иргэд соёлжиж байна. Өмнө нь бол энд орон байрны хулгай гаарчихсан байсан. Манай гудамжинд л гэхэд ёс юм шиг өдөрт нэг айл хашаанаасаа юмаа хулгайд алддаг байв. Энэ үзэгдэл ор мөргүй арилсан. Ер нь бол хөгжилтэй орны жишиг рүү том алхам ойртлоо.
Чингэлтэйд өдөрт л нэг айл халдлагад өртдөг үзэгдэл байхгүй болжээ.
Дүүргийн цагдаагийн удирдлагуудын онцолж байгаагаар бол гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн гэм буруугийн асуудлыг олж тогтооход ч тус нэмэр болж.
Жишээ татаад хэлэхэд согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн иргэн биеэ авч явах чадваргүй болж савж унаснаар гэмтэлд хүргэгдэж, нас барсан хэрэг энэ оны эхээр гарсан байна. Дээрх хэрэгт талийгаачтай хамт явсан ажлын хамт олныг буруутгаж байж. Гэсэн ч дээрх үйл явдал камерт бичигдэж үлдсэнээр хэрэг тодорхой болж, талийгаачтай хамт явсан залуус цагааджээ. Хэрэв камерт бичигдээгүй бол дээрх залуус асуудалд орж болзошгүй байж. Энэ мэтчилэнгээр камержуулалтын үр ашиг гарч байна.
Харин хувь нууцтай холбоотойгоор жирийн иргэнд камерын бичлэг үзүүлэх боломжгүй гэнэ. Шаардлагатай тохиолдолд харьяа хорооны цагдаад хандаж зөвшөөрлийг бичиг аваад шүүх боломжтой. Та таксинд эд зүйлээ мартаж буусан бол хорооны цагдаадаа хүсэлт гаргаж, зөвшөөрөл аваад л камер хараад асуудлаа шийдэх юм байна. Булан тохой бүр камержсан учраас хаана ч аль ч гудамжинд буусан бүрэн бичигдэж үлдэнэ. Суурилуулсан камер нь хоёр сарын хугацаанд бичлэгээ хадгалах багтаамжтай гэнэ. Өөрөөр хэлбэл хоёр сар ажиллаад дата нь шинэчлэгдээд явах юм байна.
Цаашид нийслэлийн дүүргүүд бүрэн камержих гэнэ. Одоогоор “Ногоон бүс” төслийг Сүхбаатар дүүрэгт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Хэрэгжүүлэхэд санхүүгийн асуудалтай тодорхой хэмжээнд тулгарч байгааг нийслэлээс онцолсон. Үүнд аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байна. Зөвхөн нийслэлийн дүүргүүд ч бус хөдөө орон нутагт ч энэ төслийг хэрэгжүүлэхээр сонирхоод эхэлж. Ингэснээр хоногт л хэдэн зуугаар бүртгэгддэг хулгайн хэрэг цэгцэрнэ гэж үзэж байгаа юм байна. Камержуулалт дагаад иргэдийн хандлага зүгширч, нийгэмд эрүүлжинэ гэж харж байгаа ажээ.