ХХААХҮЯ-ны шинжээч Г.Наранчулуунаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар малын тоо толгой хэдээр хорогдоод байгаа вэ?
-Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.5 сая толгойд хүрсэн. Энэ нь 71.1 сая малын 2 хувийг эзэлж байгаа юм.
– Цаг агаарын нөхцөл байдал малчдад хүндхэн тусаж байна. Зудын байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын нөхцөл байдал, хүчтэй салхи шуурганы тохиолдол олон жилийн дунджаас их байгаа. Үүнтэй холбогдуулан өвс, тэжээлийн эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн. Өвөлдөө олон жилийн дунджаас 1.1-4.2 хэмээр хүйтэн,
өдөртөө 30 хэмээс давж хүйтэрсэн хоногийн тоо нь олон жилийн дунджаас 10-15
хоног үргэлжилж, нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан зудтай, 30 гаруй хувь нь хар
зудтай нөхцөлд хүндхэн өвлийг давлаа.
– Мал төллөлт болон төл бойжилтын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
–Өнөөдрийн байдлаар 27 сая эх мал төллөхөөс 10.9 сая нь төллөөд байна. 10.2 сая төл бойжиж, төллөлт 40.0 хувьтай байна.
– Ер нь аль аймагт нөхцөл байдал хүнд байна вэ?
– Малын хорогдол ихтэй аймгуудад хаваржилт хүндэрч байна. Архангай аймгийн хувьд малын их хорогдолтой байгаа. 341.932 мал хорогдсон. Тус аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлтэй үнэлэгдсэн 10 суманд 50 хувийн хөнгөлттэй үнээр 72 тонн малын тэжээлийн будааны дэмжлэг үзүүлсэн. Мөн Увс 219.230, Хэнтий 132.314, Завхан 121.981, Сүхбаатар 118.345 аймгуудад малын хорогдол их байна.
Салхи шуурганы аюулаас хоёр хүний амь эрсдэж, 56 гэр нурсан. Барилгын дээвэр, хашаа хууларч унасан тохиолдол цөөнгүй гарлаа. Харин хээрийн түймрийн улмаас гэр орон, адуу мал, бэлчээр ус нь шатсан малчид нэмэгдэж байна. Ер нь хаврын тариалалтаас эхлээд захиалгаар тэжээлийн тариалалтыг хийх шаардлага тулгараад байна.