АНУ-ын Элчин сайдын яамны Хэвлэлийн төлөөлөгч Жон Браунтай USAID буюу АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.
-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) 2023-2028 оны Монгол Улс дахь Стратегийн баримт бичиг буюу төлөвлөгөөгөө зарлажээ. Ярианы эхэнд уг агентлагийн талаар товч танилцуулахгүй юу?
-АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) нь 1961 онд анх байгуулагдсан бөгөөд хүмүүсийн амь насыг аврах, ядуурлыг бууруулах, ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэхийн төлөө ажиллаж ард иргэдэд дэвшин өөдлөхөд нь дэмжлэг үзүүлэх олон улсын хөгжлийн болон хүмүүнлэгийн үйлсийн тэргүүн эгнээнд явдаг юм. АНУ-ын ОУХА нь бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, дэлхийн тогтвортой байдлыг дэмжих, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, түншлэл, шинэчлэлийг эхлүүлэх, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулахаар 100 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулж байна. 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсад ардчилсан шилжилтийн эхний жилүүдийг даван туулах, чөлөөт зах зээлийн үндэс суурийг тавих, институцүүд болон тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, Засгийн газар болон ард түмний түншлэлийг хөгжүүлэхэд АНУ-ын ОУХА туслалцаа дэмжлэг үзүүлж ирлээ. Монгол Улс энхийг эрмэлзэгч, ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон улс орон болон хөгжиж хүчирхэгжсэнээр ОУХА-ийн хөгжлийн тусламж он жилүүдийн явцад өргөжин тэлсэн.
Монгол Улсыг ардчилсан хөгжлийнхөө зорилтуудад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын ОУХА-аас өнөөгийн байдлаар 260 сая ам.доллар буюу 920 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.
-Манай улсад USAID үйл ажиллагаа явуулаад 32 жил болжээ. Урт хугацаа шүү?
-Тийм ээ. АНУ-ын ОУХА Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлээд 32 жил болж байна. Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг, ардчилсан замыг сонгосны дараахан буюу 1991 онд АНУ-ын ОУХА Монголд анхны хөтөлбөрөө эхлүүлж байв. Эрчим хүчний салбарын яаралтай тусламжийн санхүүжилтээр III цахилгаан станцад ОУХА-аас техникийн мэргэжлийн зөвлөгөө болон сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн ба үүний ачаар тухайн жилийн өвөл цахилгаан станц бүрэн зогсож гамшгийн байдалд орохоос зайлсхийж чадсан юм. Тухайн үеийн бусад үйл ажиллагаа нь хоол хүнс яаралтай нийлүүлэх, Монгол Улсад шинээр үүсч байсан салбар болох төрийн бус байгууллагын салбар зэрэгт туслалцаа дэмжлэг үзүүлэхэд анхаарч байлаа.
Монгол Улсын ардчилалд шилжих явц гүнзгийрч эхэлснээр ОУХА цаашид дэд бүтэц, эдийн засийн болон шүүхийн тогтолцооны шинэчлэл, төрийн санхүүгийн менежмент болон зах зээлийн эдийн засгийн хөгжилд туслалцаа дэмжлэг үзүүлэх болсон. 1999 онд Говийн бүсийн хөгжлийн санаачилгыг эхлүүлснээр хөдөө орон нутаг дахь бизнесийн хөгжилд анхаарлаа хандуулсан олон улсын анхны хандивлагчдын нэг нь АНУ-ын ОУХА болсон юм.
2002 онд ОУХА-ийн эхлүүлсэн Гэр санаачилга нь хүн амын шилжилт хөдөлгөөний улмаас нийслэл Улаанбаатар болон бусад том хотуудын төвийг тойрон гэр хорооллууд үүссэн тул иргэдийг ажлын байраар ханган орлоготой болгох, дээрх газруудад эдийн засгийн үйл ажиллагаа явуулах зэрэг шинээр тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирэхэд ач тустай болсон. Бусад тусламжийн хөтөлбөрүүд нь гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх, 2000 оны өвөл тохиосон цаг агаарын аюулт үзэгдэл зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, банкны секторын шинэчлэл (Хаанбанкийг дампуурлаас урьдчилан сэргийлэх, Хас банкийг байгуулах зэрэг) болон 2008-2009 оны үеийн дэлхийн санхүүгийн хямралыг даван туулахад Монгол Улсад туслалцаа үзүүлэх зэрэгт чиглэж байв.
Сүүлийн жилүүдэд засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийг хангах, ажил эрхлэлтийг дэмжих таатай орчин бүрдүүлэх зэрэг замаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд АНУ-ын ОУХА-ийн тусламж чиглэгдэх болсон.
-Уг стратеги нь Монголд ардчилсан институцийг бэхжүүлэх, үндэсний тусгаар тогтнолоо бататгах, эдийн засгаа төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-АНУ-ын ОУХА-ийн зүгээс ардчиллын ололт амжилтыг бэхжүүлэхэд тусалж илүү үр бүтээлтэй, хариуцлагатай, хариу арга хэмжээ авдаг Засгийн газрыг төлөвшүүлэх үйл ажиллагааг дэмждэг. Хуулийг дээдлэх, улс төрийн шударга шулуун байдлыг бэхжүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн санал шүүмжлэлийн дагуу хариу арга хэмжээ авдаг Засгийн газрыг төлөвшүүлэх хөтөлбөрүүд дээр уг стратеги төвлөрч байна. Үүний сацуу Засгийн газарт шаардлага тавих олон нийтийн идэвх болон чадавхыг бэхжүүлэх, иргэдийн иргэний боловсролыг дээшлүүлэх, охид эмэгтэйчүүдэд олгох боломжийг өргөтгөхийг ОУХА-аас мөн зорьж байна.
-Үүнийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу. Жишээ нь ардчилал, засаглалын чиглэлд гэх мэтээр?
-Ардчилал ба засаглалын тухайд, Ардчиллыг манлайлах залуусын Лийд Монгол хөтөлбөр: Монгол Улсын дараагийн үеийн удирдагчид, ардчиллын төлөө тэмцэгчдийн авьяас чадвар, дуу хоолойг дэмжихийн тулд Ардчиллыг манлайлах залуусын буюу LEAD хөтөлбөрөөс хэд хэдэн сургалт, чадавхыг хөгжүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулсныг хэвлэлээр өмнө мэдээлж байсан. Уг хөтөлбөр нь гурван хэсгээс бүрддэг: (1) жил бүр эх орондоо болон Америкт зохион байгуулагддаг төлөвшиж буй манлайлагчдад зориулсан сургалтын солилцооны хөтөлбөрүүд, (2) ардчилалд хүрэх зам нь саад тотгортой тулгарч буй бусад орны (Бутан, Мьянмар, Киргиз зэрэг) Лийд хөтөлбөрт хамрагдагсадтай уулзан туршлага солилцдог жил тутмын бага хурал болон (3) дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан улс төрийн идэвхийг хөгжүүлэх иргэний боловсролын хөтөлбөр багтдаг. Лийд хөтөлбөр 2021 онд дуусгавар болсноос хойш хөтөлбөрийн оролцогчид өөрсдийн холбоог байгуулан маш идэвхтэй ажиллаж, авлигатай тэмцэх, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг Монголын залуусын зүгээс чухал хэмээн үзсэн асуудлуудаа тэд үргэлжлүүлэн тавьсаар байна.
“Монголын залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх (SWYEEPPM)” хөтөлбөр: SWYEEPPM хөтөлбөр нь иргэдийн оролцоо (онцгойлон залуучууд эмэгтэйчүүд), иргэдийн санал шүүмжлэлийн дагуу хариу арга хэмжээ бөгөөд засаглал, улс төрийн хариуцлагын тогтолцоо зэрэг асуудлуудаар хэд хэдэн интерактив үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Үүнд: (1) нийгмийн оролцоог хангах сэдэвт уулзалтууд (улс төрийн нэн тэргүүний асуудлуудыг хараат бусаар нарийвчлан тунгаан бодох асуудал, хариуцлагын тогтолцоо ба оролцоог хангахад тулгарч буй бэрхшээл зэрэгт онцгой анхаарсан), (2) иргэдийн оролцоог хангах, залуус, эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг хөндсөн бодлогын гол асуудлуудын талаарх ойлголт өгөх бага хурлууд, (3) сонгогчдын боловсролын талаарх өргөн цар хүрээтэй кампанит ажил (4) сэтгүүлчид ба нийгмийн идэвхтнүүдэд зориулсан сургалт семинар зэрэг багтана. Улсын Их Хурлын сонгуультай зэрэгцэн таарч явагдсан хөтөлбөрийн эхний жилд сонгуульд оролцон саналаа өгсөн эмэгтэйчүүд болон залуусын тоо 12 хувиар өссөн болно.
Эдийн засгийн өсөлтийн чиглэлд: Монгол Улс олборлох аж үйлдвэрээс хамааралтай байж, Орос, Хятад улсад хэтэрхий найддаг нь эдийн засгийг нь ихэд эмзэг болгодог. АНУ-ын ОУХА-ийн эдийн засгийн өсөлт хөгжлийн хөтөлбөр нь нийгмийн шударга хуваарилалт, тэгш оролцоог хангасан өсөлт хөгжлийг дэмжих замаар нийгмийн эрх тэгш байдлыг хангаж, эдийн засгийг солонгоруулахад чиглэгдсэн болно. Бидний ажил нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг аль болох олон салбарт нэмж оруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийг дэмждэг. Үүнээс гадна эдийн засгийн ноён нуруу болсон жижиг дунд үйлдвэрийн (ЖДҮ) чадавхыг хөгжүүлэхэд манай хөтөлбөр чиглэгддэг юм.
Бизнесийн Тогтвортой байдал, ил тод байдлын БЕСТ хөтөлбөр: Монгол Улсад бүртгэлтэй бизнесийн байгууллагуудын 75 хувь нь жижиг дунд үйлдвэр (ЖДҮ) гэсэн ангилалд багтдаг боловч санхүүжилт дутмаг байгаагийн улмаас тэдний өсөлт дэвшил хязгаарлагдмал байна. Монгол Улсын санхүүгийн байгууллагууд ЖДҮ-ийг санхүүжүүлэх асуудлыг эрсдэлтэй хэмээн үздэг тул ЖДҮ-үүд нэг бол санхүүжилт авч чаддаггүй, эсвэл их өндөр хүүтэй санхүүжилт авдаг. BEST хөтөлбөр нь засгийн газар болон хувийн секторын түншүүдтэй хамтран ЖДҮ-үүдийн бизнес төлөвлөгөө, ажил үйлчилгээ, санхүү тооцоо, корпорацийн засаглал зэргийг сайжруулах замаар тэдний хөгжих таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах шаардлагыг хангах мэдлэг чадвартай боловч тэтгэлэгт хамрагдаж чаддаггүй ЖДҮ-үүдэд BEST хөтөлбөрийн зүгээс багахан хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Нийт 40 сая ам.доллар буюу 141 тэрбум төгрөгийн зээл авахад нь ЖДҮ-үүдэд BEST хөтөлбөрийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлээд байна.
-2028 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөг сонирхож болох уу. Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр ямар ажлууд байх вэ?
-BEST хөтөлбөрийг дараагийн хэдэн жил үргэлжлүүлэн явуулна. Хөтөлбөрийн хүрээний амжилтууд дээр тулгуурлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, мөн ЖДҮ-ийн хөгжилд шаардлагатай бусад чиглэлүүдийг хамран ажиллах төлөвлөгөөг АНУ-ын ОУХА-аас боловсруулж байна. Түүнчлэн агенлаг нь хүнс хадгалах, түгээх зэрэг дотоодын хүлэмжийн салбарыг өргөтгөх зорилго бүхий аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ажлыг дэмжих төслийг эцэслэж байна. Ингэснээр Монгол Улс хүнсний ногоогоо өөрсдөө ургуулж, хэрэгцээгээ илүү сайн хангадаг болно.
-АНУ-аас цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зориулж Монгол Улсад найман сая ам.доллар буюу 25 тэрбум орчим төгрөгийн туслалцаа үзүүлсэн байна. Ирэх таван жилд USAID манай улсад хэдий хэрийн тусламж үзүүлэх бол, сонирхож болох уу?
-Цар тахлын үед вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, сургалт явуулах болон техникийн туслалцаа үзүүлэх хэлбэрээр АНУ-ын ОУХА-аас цар тахлын үр нөлөөг бууруулахад Монгол Улсад туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. ОУХА нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмч эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийг хамгаалах, шинжилгээний лабораторийн хүчин чадлыг өргөжүүлэх, өвчний тархалтын судалгаа хийх, хүмүүст чанартай асаргаа сувилгаа үзүүлэхэд Эрүүл мэндийн яамтай хамтран ажилласан. Агентлагаас мөн амьсгалын аппаратын сүүлийн үеийн хиймэл уушги 50 ширхэгийг нийлүүлэх ажлыг зохион байгуулсан ба тэдгээрийг улс орон даяар байрлах голлох эмнэлгүүдэд тараан өгч, төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх, ерөнхийд нь арчилж хамгаалах талаар сургалт явууллаа. Түүнчлэн ОУХА-аас 1.3 сая тун вакцин хандивлах арга хэмжээг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагааг 2022 онд явуулж дуусгасан бөгөөд одоогоор Ковид-19-тэй холбоотой санхүүжилт төлөвлөгдөөгүй байна.
-Ардчиллыг бэхжүүлэх, тухайн улсын тусгаар тогтнолыг бататгахад хараат бус сэтгүүлзүй, үндэсний хэмжээний томоохон хэвлэлүүдийн нөлөө их бий. Энэ тал дээр Олон улсын хөгжлийн агентлаг ямар нэгэн анхаарал хандуулах уу?
-АНУ-ын ОУХА энэ тал дээр санал нэг байна, агентлагийн зүгээс ардчилал, засаглалын шинэ үйл ажиллагааг удахгүй эхлүүлэх гэж байна. Уг хөтөлбөр ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, нийгмийн оролцоо, ардчилсан засаглал зэргийг хөгжүүлэх нэн хэрэгцээт санал санаачилгыг дэмжих бөгөөд үүнд хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарах юм. Үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллагууд болон ТББ-ын зохион байгуулалт, судалгаа шинжилгээ, хамтран харилцан холбоотой ажиллах сүлжээ, ухуулга сурталчилгааны чадавхыг бэхжүүлэн, эдгээрийг хэрэгжүүлэх орчныг тэлэх юм. АНУ-ын ОУХА-аас SWYEEPPM хөтөлбөрөөр дамжуулан сэтгүүлчдэд мөн сургалт явуулж ирсэн билээ: төрийн болон хувийн салбарын тоглогчид хариуцлага хүлээдэг болох, хараат бус хэвлэл мэдээллийг бэхжүүлэх, худал эсвэл ташаа мэдээллийн эсрэг зогсох зорилго бүхий энэхүү сургалтын ажлыг шинэ үйл ажиллагааныхаа хүрээнд агентлагаас үргэлжлүүлэн явуулах болно.