Categories
мэдээ нийгэм

Р.Онончимэг: Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийг зорьж байна DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед шүүх дээр хэргийн шийдвэрлэлт харилцан адилгүй, ижил төстэй хэргүүдэд эрс тэс ял шийтгэл оногдуулж байгаа талаар нэлээд шүүмжлэл өрнөж байна. Хэн байхаас үл хамаарч шүүгч тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой биз дээ?

-ШЕЗ бол шүүхийн захиргааны дээд байгууллага. Үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчаас шүүгчийг шилж олох. Таны асуулт бол хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаатай холбоотой асуулт учраас энд ямар нэгэн албан ёсны хариулт өгөх боломжгүй.

Харин хуульч хүний хувьд ийм шүүмж яриаг мэдээж анхааралтай сонсдог. Шүүгч ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үздэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн орчин, нөхцөл байдал, тухайн хэргийг анх удаа үйлдсэн үү, давтан юм уу, насанд хүрсэн, хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эсвэл хохирлоо төлсөн үү гээд хуульд заагдсан олон нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгч шийдвэрээ гаргадаг. Нэг ёсондоо яг ижил төстэй гэх ойлголт харьцангуй учраас хариуцлага хуульд заагдсан хүрээнд харилцан адилгүй байна гэж хуульчийн хувьд хардаг.

ШЕЗ оны өмнөхөн “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг”-ийг баталсан юм. Түүнтэй холбоотойгоор суурь судалгааг хийж байхад шүүхээр үйлчлүүлж байсан иргэд шүүхийн талаар илүү бодит мэдээлэлтэй, шүүхэд итгэх итгэл харьцангуй өндөр хувьтай байдаг нь анзаарагдсан. Харин шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдээс судалгаа авахад “Шүүхэд итгэхгүй байна” гэсэн хандлага нэлээд өндөр байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр бид мэдээллийг бодит эх үүсвэрээс авдаг уу, өөрт нь тохиолдсон асуудалд тулгуурлан дүн шинжилгээ хийж байна уу гэдэгт анхаарах ёстой юм байна даа гэж харж байлаа.

-Бас шүүх дээр хэрэг удааширч, сунжирдаг. Өндөр албан тушаалтан, авлигын хэргүүд сунжирсаар сүүлдээ сураг алдардаг. Шүүгчид нөлөөнд автаад байна гэж олон нийт үздэг. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр ШЕЗ анхаарч байна уу?

-Энэ бол олон шалтгаантай. Нэг талаасаа нийслэлийн хувьд шүүх, шүүгчийн ачаалал маш өндөр байна. Бид Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэ саналыг хүргүүлэхтэй холбоотойгоор хуульд заасан шалгуур үзүүлэлтийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийхэд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нэг шүүгчийн ачаалал 50-150 хувиар давсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн шүүхийн байрны асуудал, шүүх танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалдаг. Сүүлийн үед Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал болж байгаатай холбоотойгоор өмгөөлөгчид шүүхийн байрны талаар шүүмжлэл өрнүүлж байна. Манайх ч бас шүүхийн байрны талаар бодит байдлыг олон нийтэд мэдээлэхэд анхаарч ирсэн. Шүүх танхимын хүрэлцээ хүлээн авч байгаа хэрэгтэй харьцуулахад үнэхээр бага байна. Улсын хэмжээнд ганц гайгүй шүүх нь Нийслэлийн захиргааны шүүхийн байр л байна. Бусдад нь стандарт хангасан байр талбай хэцүү юм билээ.

Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаа өөр нэг шалтгаан бол шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны орон тоо, цалингийн сантай холбоотой. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг үе шаттай зарлаж байгаа ч хангалттай нөхөж чадахгүй байна. Энэ нь хуульчдын бэлтгэл, шалгалтын босго, нөгөө талаасаа үнэхээр шилдэг хуульчид өрсөлдөх нөхцөл байдлыг шүүх бүрдүүлж чадсан уу зэрэг олон зүйлээс улбаатай болов уу.

Дээр нь хуульчийн зүгээс харахад хэргийн оролцогчид хэргээ шийдвэрлүүлэх зорилгогүйгээр сунжруулах тактикийн ажиллагааг ихээр явуулдаг нь нууц биш. Ямар нэгэн шалтгаан хэлж хэргийг хойшлуулна. Ийм олон янзын шалтгаанаархэрэг удааширдаг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам процессын хуулиудад өөрчлөлт оруулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбар, шуурхай болгох тал дээр эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм билээ.

-Шүүхэд нөлөөлж байна гэж их ярьдаг болж. Ийм оролдлогыг ч хийдэг болсныг харж байна. Шүүх хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Үүнийг яаж засч залруулах боломжтой вэ?

-ШЕЗ-ийн нэг үндсэн чиг үүрэг шүүгчийн хараат бус байдлыг хангах ёстой. Үндсэн хуулийн 49.2-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Үүнийг 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд илүү тодорхой болгож, хэрвээ ийм байдал үүсвэл хэрхэх талаар зохицуулсан. Мэдээж ШЕЗ-өөс энэ талаарх мэдээ, мэдээлэлд тухай бүр дүн шинжилгээ хийж, хэрхэх талаар шийдвэр гарган ажиллаж байна. Хуулийг УИХ-аас баталдаг. Тиймээс УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө батлагдсан хуулиа мөрдөж, энэ талаарх соёлыг төлөвшүүлэхэд манлайлах хэрэгтэй.

-Шүүгчдийн мэргэжлийн шалгалтаар хуруу дарам шүүгч тэнцдэг. Шүүгчдийн мэдлэг ур чадвар хангалтгүй тухай хуульчид ярьж байгаа. Энэ нь хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэхэд нөлөөлдөг болов уу?

-Бид бүрэлдэхүүнээрээ ажилласан жил гаруйн хугацаанд гурван удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, хуульчдаас шүүгчийн сонгон шалгаруулалтыг авлаа. Гурван удаагийн шалгалтаас харахад шалгалт өгч байгаа хүмүүсийн 20-25 хувь нь тэнцэж байна. Шүүгч өөрөө насан туршдаа томилогддог албан тушаал, хүний амьдралын хувь заяаг шийдэж байдаг. Тиймээс тэд мэргэжил ур чадвар, зан төлөвийн хувьд чадвартай хүмүүс байх ёстой. Энэ ч үүднээс 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ чиглэл рүү нэлээд нарийн өөрчлөлт орж ирсэн. Тодруулбал шалгалтын босго оноо өндөрссөн, мөн зан төлөв, ёс зүйн шалгалтын тодорхой шалгууртай болсон. Сонгон шалгаруулалтын даалгавар, жишгийг боломжийн гэж бид үзэж байгаа. Харин яагаад шилдэг чадвартай хуульчид шүүгч болохыг хүсэхгүй байна вэ гэдэгт илүү анхаарах ёстой болов уу.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн тухайд анхан, давж заалдах шатны шүүхэд шүүгчийн ачаалал маш өндөртэй талаар өмнө дурдсан. Нийтэд түгээмэл болчихсон нэг ойлголт шүүгчид өндөр цалин авдаг л гэдэг. Би ч гэсэн тийм ойлголттойгоор энэ салбарт орж ирсэн. Гэтэл 10 жилийн өмнө цалингаа нэмүүлсэн. 10 жил өндөр цалинтай гээд нэр зүүчихсэн яваа. Үнэндээ арван жилийн өмнө нэмэгдсэн цалин нь дундаж, бага талдаа л болчихсон юм билээ. Чадвартай хүний үнэ цэнийг үнэлж байж л ажиллуулна. Тийм орчин байна уу гэдэгт асуудал байна. Цаашдаа шүүгч болох шалгуурыг өндөр тавьж байгаа хэрээрээ шүүхийн байр сав, орчин нөхцөл, шүүгчдийн ахуй хангамжийг бодолцохоос өөр аргагүй. Хувийн хэвшилд 10 сая төгрөгийн цалин авч байгаа хуульч гурав дахин бага цалинтай шүүгч болохоор ирнэ ч гэж юу байх вэ дээ. Чадвартай хуульчид олон улсын хуулийн фирмийн түвшинд ажиллаад явчихаж байна шүү дээ.

-Шүүхийн байрны хүрэлцээгүй талаар та хөндлөө. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Шүүх эрх мэдэл засаглалын салаа мөчир гэж үздэг боловч харилцан хяналттай, тэнцвэртэй байхын тулд төсвийн хувьд нөгөө хоёр засаглалаасаа бие даасан, хараат бус байж чадаж байна уу гэвэл миний хувьд хараахан үгүй гэж хэлнэ. ШЕЗ-ийн үе үеийн удирдлагууд төсвийн хувьд бие даасан байхаар үе шаттай ажлууд хийж ирсний дүнд 2021 оны Шүүхийн тухай хуулиар УДШ-ээс бусад шүүхийн төсвийг ШЕЗ-өөс төлөвлөн Байнгын хороонд хянуулж, хянагдсан төсвийн төслийг Засгийн газар төсөвт нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулалт хийгдсэн.

Гэсэн хэдий ч энэ жилийн тухайд шүүхийн хөрөнгө оруулалтын зардал тавигдаагүй. Энэ нь мэдээж ковидын дараах хүндрэлийг улс орон даяараа даван туулж байгаатай холбоотой. Төсвийн хэмнэлттэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ төр иргэнийхээ шүүхэд хандах эрхийг баталгаатай эдлүүлэх ёстой л юм бол шүүхийн төсөв дээр илүү тодорхой нөхцөлийг бий болгож, шийдвэрлэх шаардлагатай.

Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбооны дэмжлэгээр ШЕЗ, ШСХ-той хамтран Хууль, шүүхийн байгууллагын цахимжуулалт сэдвээр олон улсын хурал зохион байгуулсан. Тус хуралд шүүхийн цахимжуулалт ярихын зэрэгцээ шүүхийн төсвийн талаар бусад орны жишгийг ярилцсан.Нилээд улс оронд шүүх нь гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тодорхой нөхцөл байдлаар хэрэгжүүлсэн байдаг юм байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар анхдагч байдлаар 2020 оноос үүнийг хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Үр дүнтэй байгаа талаар эрх бүхий албан тушаалтнууд ярьцгааж байна. Шүүхэд ч үүнийг хэрэгжүүлэх боломжтойг тус хуралд оролцсон Сангийн яамны зөвлөх хэлж байгаа нь сайн хэрэг.

Тэгэхээр шүүхийн байрны асуудал бол шүүхийн төсөвтэй л шууд холбоотой юм.

-Шүүх дээр хэрэг сунжирдаг шалтгааныг та шүүхийн байр савны хүрэлцээ ачаалалтай холбосон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манайд шүүх ямар байдлаар өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой болчихоод байна вэ?

-Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг өргөн барихдаа шүүх байгуулах шалгуур үзүүлэлтийг үндэслэхээс гадна нэгд, иргэн шүүхэд хандах эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг харж, хоёрт, шүүх, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, гуравт, шүүхийн үйлчилгээ хэн болгонд хүртээмжтэй байх нөхцөлийг харгалзан шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжуудыг судалсан. Ачаалал, төвлөрөл, дэд бүтцийг харж шүүхийг тойргийн журмаар байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг дэмжиж саналын төслийг боловсруулж хүргүүлсэн. Ингэхдээ шүүхийн байр, дэд бүтэц, хүний нөөцийн асуудлыг давхар шийдвэрлүүлэхээр тусгасан. Ингэснээр Алсын хараа 2050-д тусгагдсан шүүхийн үйлчилгээ иргэн төвтэй болох суурь нөхцлүүд бүрдэх юм.

-ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлд нийт баривчилгааны 99 хувь нь шүүхийн шийдвэргүй байсан талаар онцолсон байсан. Шүүхийн шийдвэргүй баривчлах нь хүний эрхийн зөрчил үүсэх том нөхцөл гэж үздэг. Үүнийг бууруулах тал дээр ямар алхам байх ёстой вэ?

-Бид шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй гэдгийг дээр хэлсэн учраас энэ тал дээр тодорхой хариулт алга. Сая нэг хэлэлцүүлэг дээр энэ асуудал хөндөгдөж байсан. Хорих зөвшөөрөл олгодог зөвшөөрлийн шүүгч бий болгох гэх мэтээр хүний эрхийн зөрчил гаргахгүй, шуурхай байх талаар яригдаж байгаа болов уу.

-Шүүхийн шинэчлэл гэж олон жил ярьж ирлээ. Ер нь шүүхийн ирээдүйн төлөв ШЕЗ яаж зураглаж байгаа юм бол?

-Алсын хараа 2050 гээд бодлогын баримт бичгийг Монгол Улсын Их Хурлаас 2020 онд баталсан. Үүн дээр арав, арван жилээр хэрэгжихээр 30 жилийн хөгжлийнтөлөвлөгөөг баталсан байгаа юм. 2030 он хүртэл шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлнэ гэж, 2040 он хүртэл иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэж, 2050 онд хариуцлагатай иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна гэж тодорхойлсон.

Өнөөдрийн ШЕЗ-ийнхөн бол анхны 10 жилийн эхний шанг татаж байгаа хүмүүс. Мэдээж бүх өөрчлөлт алдаа, оноотой ч сайн зүг рүүгээ явж байдаг жамтай. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д батлуулахаар өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Түүнийг дэмжсэн богино хугацааны бодлогыг бид өөрсдөө батлаад хэрэгжүүлээд эхэлсэн. Анхны жил бид энэ баримт бичгүүдээ нэг ойлголт стандартаар хэрэгжүүлэх зорилготой бүх дүрэм, журмаа баталлаа. Хоёр дахь жилд хэрэгжүүлэлт талдаа анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлж байна,шүүхийн үйлчилгээг хялбар, шуурхай, чанартай хүргэхийн тулд цахимжуулалтыг дэмжих бодлого түлхүү хэрэгжих ёстой. ШЕЗ шүүхийн ирээдүйн төлөвийг Алсын хараа 2050 бодлогодоо нийцүүлэн харж байна, тэгэхээр иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийн тулд сайн хүний нөөц, шуурхай, чанартай үйлчилгээний орчныг л бүрдүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа бүр чиглэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *