“ChatGPT” чатбот зэрэг системүүдтэй өрсөлдөхийн тулд өөрийн хиймэл оюун ухааны технологийг эрчимжүүлэх зорилгоор “Alphabet” компани “Google Brain”, “DeepMind” компанийн судалгааны багуудыг нэгтгэхээр болжээ.Энэхүү шинэ багийг “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис удирдах бөгөөд энэ баг бүрдсэнээр хиймэл оюун ухааныг зоримог, хариуцлагатайгаар хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж “Alphabet” компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай мэдэгдсэн байна.
“Alphabet”-ийн эдгээр мэргэжилтнүүд “OpenAI”-ийн хамгийн сүүлийн үеийн загвар болох “GPT-4” шиг олон горимт хиймэл оюуныг хөгжүүлэх талаар ажиллах юм байна. “Google” нь хайлтын системийн зах зээлд олон арван жилийн турш ноёрхож, энэ салбарын 80 гаруй хувийг нь эзэлсээр ирсэн ч хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны өрсөлдөөнд “Microsoft”-ийн ард хоцорч болзошгүй болоод байгаа аж. Учир нь “Microsoft”-ийн санхүүжүүлтээр “OpenAI”-ийн шинэчлэгдсэн “Bing” хайлтын систем ажиллагаанд ороод байгаа юм.“Alphabet” энэ оны хоёрдугаар сард “ChatGPT”-тэй өрсөлдөх “Bard” чатботоо танилцуулсан. Гэвч “Bard” сурталчилгааны дүрс бичлэгээр буруу мэдээлэл өгсний улмаас нийтийн сүлжээнд шуугиан дэгдэж уг компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн хоёрдугаар сарын эхэнд 100 тэрбум ам.доллараар буурсан аж. Харин дээрх шийдвэрийн дараа “Alphabet”-ийн хувьцааны ханш хоёр хувиар өссөн байна. Ерөөс “Хууль бус бизнесийг хулгай, луйвар гэх бөгөөд эзнээ байнга хорлодог.Харин хууль ёсны “луйвар”-ыг бизнес гэх бөгөөд эзэндээ байнга нэр хүнд авчирдаг” гэж хэлж болно. Эндээс хууль гэсэн ухагдахуун гарч байна. Хууль гэдэг нь аливаа үйлдлийг нийтийн эрх ашигт нийцүүлэн үйлдэхийг иргэн бүрээс хуульчлан шаардаж буй эрх, зүйн акт юм. Тэгвэл өнөөдөр хурдтай хөгжиж буй хиймэл оюун ухааны чатботууд гэдэг нь үнэндээ гэрчилгээгээр баталгаажсан оюуны өмчүүд юм. Харин аль ч оюуны өмч нь хуультай адил нийтийн эрх ашигт нийцэж байж гэмээнэ гэрчилгээ авдаг. Нөгөө талаас хиймэл оюун ухааныг иргэд шууд ашигладаг буюу бас л олон нийтийн хяналтад хэрэгждэг сайн талтай. Энэ нь та эдгээр чатботуудыг ашиглан сонин сэтгүүлд нийтлэл бичиж, дууны шүлэг, ая зохиож, бизнесээ зөв төлөвлөж бүр төр, засаг, яам, агентлагийн бодлого юун дээр алдаж байгааг гарган яаж засахыг ч зөвлөж чаддаг болно гэсэн үг. Жишээ нь өнөөдөр манай УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд органик хуулиудаа нийцүүлэх гэж хууль болгоныг авч хэлэлцэж байна. Харин энэ бүгдийг удахгүй хиймэл оюун ухааны чатботоор маш хурдан хугацаанд, алдаа мадаггүй зөв хийдэг болно гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл иргэдэд хүссэн зүйлээ хийх боломж олгох тэр зүйлийг олон горимт хиймэл оюун ухаан гээд байгаа бөгөөд харин чатбот гэдэг нь өөрийн чадварын хүрээнд танд туслах хиймэл оюун ухаан юм.