Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Миний монгол бичиг” олон улсын VII уралдаанд 600 гаруй бүтээл иржээ DNN.mn

“Миний монгол бичиг” олон улсын уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд 600 гаруй бүтээл иржээ. Уралдааныг хэлбэрийн хувьд бичгийн болон бүтээлийн гэж хоёр ангилсан байна. Бүтээлд 70 гаруй, бичгийн хэлбэрээр 400 гаруй бүтээл ирж шилдгийн шилдгээ шалгарууллаа.

Оролцогчид цаас, торго, мод, төмөр зэрэг материалаар Чингис хааны сургаал, Бурхан багшийн сургаал, яруу найргийн мөртөөс уран бичиж, сийлжээ. Мөн 21 аймаг есөн дүүргээс гадна Халимаг, Буриадаас оролцогчид ирсэн байна.

Шилдгийн шилдгээр шалгарсан Нийслэлийн 48 дугаар сургуулийн дизайн, технологийн багш Б.Ням-Осор “Монгол туургатны “Миний Монгол бичиг” 2023 олон улсын VII уралдаанд “Ногоон дарь эхийн магтаал” 100х53 бүтээлээрээ оролцож Гран При хүртлээ. Өмнө жил “Цагаан дарь эх”-ийн бүтээлээр тэргүүн байрт орж байсан.

Бүтээлээ хийхдээ маш удаан бодож төлөвлөөд 14 хоногийн хугацаанд бичиж дуусгасан. Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, таниулж байгаагаараа онцлог болж байна” хэмээн ярилаа.

Монгол бичгийг сургах, сурталчлах уг тэмцээнд оролцогчид биечлэн оролцсон бөгөөд шалгаруулагчаас өгсөн сэдвийн дагуу эсээ, зохион бичлэг бичиж ороцжээ. Энэ талаар “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Амаргариг “Энэхүү уралдаанд долоо дахь жилдээ оролцож байна. Уралдааны хувьд жилээс жилд хүрээгээ тэлж маш олон багш, хүүхдүүд оролцдог болж. Миний хувьд мэргэжлийн багш нарын төрөлд “Тэргүүн байр” эзэлсэндээ баяртай байна. Мөн шавь нар маань алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Мэргэжлийн бүтээлийн төрөлд оролцож байгаа багш, сурагчдын ур чадвар улам ахиц гарч байгаа нь энэ уралдааны үр дүн гэж харж байгаа юм. Уралдааны удирдамжийн дагуу сэдэв өгөөд түүндээ эрэл хайгуул хийх, зөвхөн бичээд зогсохгүй соёлын нэг болжээ. Монгол бичгийг бичихэд дурлуулдаг, хараад уншихад хүртэл гайхалтай гэдгийг монгол хүмүүс мэдэрч байдгаараа үнэхээр аугаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хэл бичгийн соёлоо мэднэ гэдэг монгол хүн бүрийн сурах ёстой зүйл”

Энэ жил анх удаагаа Завхан аймгаас оролцож байгаа Л.Наранчимэг “Монгол бичиг мэддэг хүн ховордоод байсан үед зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Би олимпиадтай өдрөө олимпиадаа өгчхөөд шууд л энэ уралдаандаа оролцсон. Гурван өдөр гурван уралдаанд оролцоод гурвуулд нь байрт шалгарсан. Маш их баяртай байна” гэлээ.


Нийслэлийн 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Солонгоо “Би энэ уралдаанд дөрвөн жил дараалан оролцож байгаа. Есдүгээр ангидаа тусгай байр эзэлж байсан бол энэ жил дэд байр эзэлсэн. Хэл бичгийн соёлоо мэднэ гэдэг монгол хүн бүрийн сурах ёстой зүйл гэж боддог. Монгол хүн бүрийн дархлаа болсон эх хэлээ үеийн үед уламжлан үлдээхийн тулд залуу хойч үе болсон бид маш сайн сурах ёстой гэж боддог. Эх хэл бичгийг зааж сургасан багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээв.

Харин Архангай аймгийн лаборатори сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Баярчулуун “Энэхүү тэмцээнд Монголын нууц товчоогоор оролцсон. Ер нь бол 12 бүлэг бичсэнээс таван бүлгийг нь хот руу явуулж уралдаандаа явуулсан. Бүтээлийн маань онцлог гэвэл тоноглолууд нь юм. Бүтэн өдөр суугаад ойролцоогоор сарын хугацаанд бичсэн дээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *