Францын “TF1” телевизээр цацагдсан ярилцлагадаа элчин сайд Лю Шэе “Олон улсын хууль эрх зүйд хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын статус тодорхойгүй байдаг. Учир нь тэдгээрийн тусгаар тогтносон улсын статусыг хэрэгжүүлэх ямар нэгэн олон улсын гэрээ байдаггүй” гэж ярьсан юм. Түүний ярилцлагыг цацагдсаны дараа Эстони, Латви, Литва улсууд өөр өөрийн нутагт суугаа Хятадын элчин сайд нарт эсэргүүцэл илэрхийлж, тайлбар шаарджээ.
“Франц улсад суугаа Хятадын элчин сайдын хийсэн олон улсын хууль тогтоомж, улс үндэстний тусгаар тогтнолын тухай зохимжгүй мэдэгдэлтэй холбогдуулан Латвийн гадаад хэргийн яам Рига дахь Хятадын элчин сайдын яамны хэргийг түр хамаарагчид Даваа гарагт багтаан тайлбар өгөхийг шаардлаа. Энэ алхам нь Литва, Эстони улсуудтай тохиролцсоны дагуу авсан арга хэмжээ юм” гэж Латвийн гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевич твиттер хуудсандаа бичсэн байна.
Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Хятад улстай харилцах харилцааны асуудлаар Люксембургт чуулах гэж буй цаг үед ийм маргаан дэгдэж байгаа бөгөөд дээрх гурван улс нь Европын Холбооны гишүүн орнууд юм.
Ярилцлагынхаа үеэр элчин сайд Лю бас Крымийг Украины нутаг дэвсгэрт тооцох эсэх талаар эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлч Дариус Рошебиний тулгасан асуултад тэр “Энэ тийм ч амархан асуудал биш. Асуудлыг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаална” гэж хариулсан юм байна.
Г.АМАРСАНАА