Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.
-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдсан хүмүүсийг цагаатгаж, маргааш нь энэ хүний хорвоод мэндэлсэн өдрийг тэмдэглэж байх юм. АН ч энэ өдрөөр нэгдэж байгаагаа зарлаж, журмын нөхрийнхөө хөшөөнд цэцэг өргөж байгаа энэ цаг үед та бидний ярилцах цаг товлогдлоо…?
-Жам гэхэд хэцүү, ёс гэхэд хэцүү ямарваа хүн үхэхээр л нэртэй сүртэй болдог. Амьд байхаараа адлагддаг, жадлагддаг, хараалгадаг, зүхүүлдэг, гүтгүүлдэг ийм үйл явц манай оронд, ялангуяа бидний дунд бүр нэг жам юм шиг болчихсон байна. Талийдаг Зоригоор аль, аль нь улс төр хийж байна шүү дээ. МАН-ынхан ч илүүцтэй хийх юм. АН ч нэг л их хайртай хүн байсан гээд цэцэг навч өргөөд сүйд болох юм. Гол нь бодитой хандлага, саруул бодол, эрүүл сэтгэлгээ гээч юм, хий хөөсөрсөн авир араншингаас болоод бүрхэгдээд байгаа явдал л миний дотоод ертөнцийг их эмзэглүүлдэг юм.
Талийгаачийн мэндэлсэн өдрөөр нь ташлуулаад зориуд юм шиг улс төр хийж байна гэж л үзэж байна. Сонгууль ойртчихсон юм байна. 2024 оны хоймрыг сөхөж харж байгаа юм байна, эд нар. Дахиад л өнөө л аллагад өртсөн, чухам ямар аллага нь мэдэгдэхгүй, түүнийгээ нотлохгүй байгаа шүү дээ. Улс төрийн юм уу, ахуйн юм уу тодорхойгүй. Би бол энэ хэргийг ахуйн аллага юм байна лээ гэж харж байгаа. Өнөөдөр хэрэгсэхгүй болж байгаа хүмүүс нь алуурчин. Би хуулийн хүн биш, криминалист биш, тэр хүмүүсийг танихгүй. Гэхдээ миний нэг анзаарсан зүйл бол явж байгаа хандлагыг харахад тэр нөхөд энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнийг би хэнээс ч айхгүй хэлнэ. Тэр нөхөд бол алуурчид мөн байна гэж харсан. Учир нь Эрдэнэбат прокурор нэлээд эрт Мөнхбаясгалантай “Цензургүй яриа”-гаар Содномдаржаа гэдэг хүний гэртээ агсам тавьж байгаа, Би Обама биш, би Путин биш гэхдээ та нарыг яана ч билээ, тийм нэг бичлэгийг үзүүлсэн. Түүн дээр бас нэг зүйл харагдсан нь Чимгээ гэж бүсгүй “Энэ хэргийг та үйлдсэн юм биш үү, үүнийг уншаад та гарын үсэг зур” гэхэд хариуд нь “Нотолгоо чинь хаана байгаа юм бэ” гэж хэлээд жуумалзаж байгаа юм.
-Тэр дүрс одоо ч интернэтэд бий л дээ?
-Ц.Нямдорж гар хөлүүдээрээ устгуулчихаагүй бол байх ёстой. Би сэтгэл зүй анзаарч, дүр урлахуй дээр ажилладаг хүний хувьд харахад ямар айхавтар, хэргээс бултах гэсэн, хийсэн үйлдлээ эвтэйхэн далдлах гэсэн башир аргатай хүүхэн бэ гэж харсан.
Хэрэв Чимгээ гэдэг бүсгүй хүн алаагүй, ийм аймшигтай хэрэгт оролцоогүй бол орилоод чарлаад уйлаад сүйд болно. Бараг ухаан алдаад унана, аюул болно, тэгээгүй. Мань эр нэлээд хашир суучихсан, догширчихсон, айхтар юманд орчихсон, тэрнээс гарах гарцаа хайгаад сурчихсан байртай харагдсан. Отгонбаатар гээд өөрсдийнхөө хам хэрэгтнийг Эрдэнэтэд очоод гэр бүлтэй нь шатаачихсан шүү дээ.
Яасан унхиагүй улс юм бэ, яасан унхиагүй тагнуул юм бэ, яасан арчаагүй цагдаа сэргийлэх шүүх юм бэ. Ц.Нямдорж шүүх ялзарчихсан байсан гэж гайхуулаад л. Тэгвэл хэн тэр үед Хууль зүйн сайд байсан юм бэ. Энэ хүн 33 жил Монголын төрд зайдалж байгаа. Би бол алуурчидтай нийлж Ц.Нямдорж өөрөө асар их гэмт үйлдэл үйлдсэн хүн байна, түүнийгээ далдлахын тулд ийм улс төр хийдэг юм байна, эргэн улс төрд очихын тулд ийм хачин авир гаргадаг юм байна гэж харсан. Энэ хүнд их юм нуугдаж байгаа юм байна. Энэ хүн захиалагчийг ч мэддэг юм байна. Гэхдээ улс төрийн захиалга биш юм байна гэж харсан шүү.
-Хэргийг задалж дахиад хэдэн арван жил С.Зоригоор улс төр хийх үүдийг нээчихэв үү дээ. Монгол ёсоо бодоход үхсэн хүний ясыг өндөлзүүлдэггүй гэдэг. Үүнийг сөхөөрөх улстөрч, хууль шүүх байхгүй болжээ?
-Талийдаг ч өөрөө үйлийн лайтай хүн юм байна. Үлдэж байгаа хүмүүст ч гай, лай болж байна. Айхтар хар мөртэй хэрэг юм байна. Хамт зүтгээд, 1990 оны хүнд дарангуйлал коммунист дэглэмийг халж байсан нөхдийг нь насан туршид нь хардаад л, амьдралын үнэ цэнийг нь нулимуулаад л явж байгаа ийм нэг тогтолцооны цөм болчихлоо. Би үүнийг ямар муухай хар лай вэ гэж боддог. Ний нуугүй хэлэхэд анх бурхан болоход нь эмэгнэн гудайж эхний үед очиж байлаа. Түүнээс хойш би тэр хөшөөний ойролцоо очихоос цээрлэдэг болсон. Хүн бүр улс төр хийж, нэг их хайртай дүр эсгэж цэцэг навч өргөөд л. Хэрэг ч байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэр нь үнэнээсээ биш, ардаа үнэлэгдэх гэсэн увайгүй ашиг харж хийгсэд хүний өөрийнгүй болсон.
-АН нэгдлээ гэнэ. Үнэхээр нэгдэж чадав уу?
-1990-1996 оныг хүртэл коммунист дэглэмийг халах үйл явц нэлээд хурдтай эрчимтэй явсан юм. Түүний гол буян өгөөж нь тэр үед халамжит “Орос ах” дампуурсан. Дэлхий даяар зүүн үзэлтэн коммунистууд дампуурсан. Орос харьяалалтай улс руугаа хандах байтугай өөрийгөө яая гэж байсан үед энэ эрх чөлөө гээч юмыг Москвагаас салгаж авсан юм. Энд монголчуудын сохор хийморь гэх юм уу бүүдгэрхэн хөлхтэй аз тохиосон. Тэгээд 1996-2000 оны хооронд чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээл, ёс зүйтэй нийгэм байгуулах гээд өндийсөн хэрэг. Нарийндаа 1996-2000 оны хоорондох дөрвөн жилийн нар мандсан мандалтаар, тэр эрчмээр өнөөдөр ингэж яваа юм. Тэр дөрвөн жилийн хугацаанд маш том үйлсийг хийж амжсан. Тэр цагт эрх чөлөө авчирсан хүмүүсийн багийнхан, жишээ нь М.Энхсайханы Засгийн газар сайн ажилласан. М.Энхсайхан, Да.Ганболд гэж мэргэшсэн эдийн засагчид байв. Түүнээс гадна би Элбэгдорж, Бат-Үүл, Баабар гээд цөөхөн хүний нэрийг дурдана. Энэ хүмүүс харин тэр үед эрүүл байж. Эрүүлээс гадна эвдрээгүй байж. Тэр байх агшиндаа эрх чөлөө гээч юмыг авчирсан.
Тэр үед маш хурдан суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглээд хүн бүр өөр өөрсдийгөө болгоод, өөрсдөө цэцэглээд ирэх, өөрийнхөө бизнесийг аваад ашиг олоод хувийн хэвшлийн байгууллага өндийгөөд ирсэн тийм он жилүүд байсан. Харин 2000 оноос хойш хумигдсан. Эргээд хумигдах явц гэдэг бол ЗХУ бутарсныхаа дараа эргээд Сталинч үзэлтэй Путины гарт ороод түүний харгислал дарангуйлал дахиж сэргэн зөвхөн Монгол ч биш хуучин пост-социалист орнууд руу түрэмгийллийн хуучны КГБ, одоогийн ФСБ-гийнхээ ажлыг хийгээд эхэлсэн. Энэ гайны улбаагаар явсаар байгаад Монголын АН-ыг 2000 оноос эхлээд дампуурал нь эхэлсэн байна гэж дүгнэдэг.
-АН-ын өнөөдрийн төрх 2000 оноос улбаатай гэж та үздэг байх нь ээ?
-Би 2008 онд АН-ын хурал дээр нэлээд хатуухан шүүмжилж хэлж байсан. 2016 онд ч тэр. “Ер нь дампуурлаа зарлаад энэ нам тарчихъя, манай нам улаан социалист нам болсон. Манайд социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт тогтож байна. Тэрний баталгаа нь манай нам социалист болсон, МАН гэж коммунист нам, МАХН гэж нацист намтай, Уянгын Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам гэгдэх фашист нам манайд ажиллаж байна. Тийм учраас би Монгол Улс социалист схем, коммунист нөлөө, фашист хяналтанд орчихлоо. Үүнээс гарахын тулд АН тарчихъя, тэгээд шинэчлэн бүртгэлд ороод хатуу гишүүнчлэлгүй болоод цэвэр барууны үзэл рүү явъя” гэж хэлж байсан. Нарийндаа чөлөөт хүн, чөлөөт зах зээл хоёр хувийн өмчтэйгөө хоршоод ирэхээр чөлөөт эдийн засгийн суурь нь болдог юм гэдэг үзэл санаагаа батлаад хэлсэн юм. Манай нөхөд тэрийг сайн ойлгож өгөөгүй юм уу.
Тэр цагаас хойш энэ намын оюун санааны дампуурал эхэлсэн гэж хэлж болно. Үүнийг сэтгэлгээний, тархины бохирдол, ботгирол, зунгаг гэж яривал оновчтой. Биднийг авч явдаг оюун санаа, тархи мэдэх мэдлэг, чадах чадвар бүгд бохирдоод, ботгироод, зунгагтаад алиагаа алдаад эргээд ФСБ-гийн мэдэлд орчихсон. Түүнийг хэрэгжүүлдэг хүн байна. Би чамтай өмнө нь ярилцахдаа хэлж байсан. Х.Баттулга аа, У.Хүрэлсүх ээ, миний хоёр дүү Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан ах хоёр шигээ болов оо гэж хэлж байсан даа. Одоо улам л батлагдаж байна.
Би дахиад л хэлээд байгаа. Цаашид ч хэлэх болно. Хойноос юм уу урдаас шидсэн чулуу бутраад унахаар нь монгол хүн бие бие рүүгээ битгий аваад нүүлгээд байгаач гэж монгол чихтэй, сонсдог, хардаг бүх хүнд хэлээд байгаа юм. Энэ бол үе улбаалж ирсэн. Манжийн үеэс гэхэд болно. Нарийндаа язгуур монгол үндэстэн яагаад устахгүй байна вэ гэдгийг одоо ч судалдаг юм байна. Үүнийг зөвхөн манай урд хойд хоёр айл биш бусад хөршүүд судалж үздэг гэнэ. Жишээ нь, бүсгүйчүүдийг анх удаа төрмөгцөө уурагны дээжийг авч байна, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн эхний өтгөн шингэний дээжийг аваад судалж байна гэх жишээтэй. Одоо шүү. Тийм юм болдог юм байна. Яагаад энэ үндэстэн устахгүй байна, юундаа байна гэж судалдаг юм байна. Тэгэхэд Монгол сөнөж алга болох тавилангүй үндэстэн, түүгээрээ аагирхах, аархах эрхтэй үндэстэн юм байна. Ийм үндэстнийг тараан бутрааж алга болгох зорилго ихэнхдээ манай хойд айлаас ирж байгаа. Бидний 1990 онд коммунист дэглэмийг халаад Кремлээс тусгаарлаж байгуулсан АН-ыг ингэж ботгируулах бохирдуулах, хооронд нь үзэн ядталаа алалцуулах юмыг нэг л газар хийж байгаа. Энэ бол манай хойд айл. Одоо байдал чухам хаашаа болж байгаа юм бүү мэд. Би энэ намыг барууны үзэлтэй, хүн хөрөнгөтэй байх суурийг хамгаалдаг, хүн өөрийнхөө эд хөрөнгийг бий болгочихсон байхад дээрэмддэггүй тонодоггүй, халдлагад өртөхөөс хамгаалдаг үзэл санааны гортигтой байхыг хүсдэг. Гэвч энэ үзэл алга болгож байгаа юм байна.
Намын даргаар Л.Гантөмөр сонгогдсон. Нам гольдролдоо орж байна гэж нэг хэсэг нь хэлж байгаа шүү дээ. Тамга тэмдэгний маргаан ч эцэслэгдлээ. Үүнийг л хүсч байсан биш үү?
-АН-ын шинэ дарга Л.Гантөмөр боллоо гэж байна. Би тэр залууг танина. Танихаар барахуу гэмгүй харьцаатай. Нөгөө нөхөр чинь намын дарга болохдоо баахан хуйвалдаан хийсэн байна. Дүрмийн бус ҮБХ хуралдуулаад тэр хүмүүстээ баахан мөнгө тараасан баримт факт нь гарсан байна лээ. Дараа нь харахад эрх чөлөө, чөлөөт үзэл байхгүй. 400 мянган орон сууц барьж өгнө. 1000 ам.долларын цалинтай болгоно гэнэ. Аль болгон ингэж хулхидаж, социализмдаж хүнээр тэжээлгэж амьдрах юм бэ. Түүний оронд 400 мянган айл орон сууцаа барихад нь садаа болдоггүй төртэй болно гэхгүй яав.
Өнөөдрийн тэдний явуулж байгаа үйл явдалд шүүмжлэлтэй хандахаас гадна дотор гуниг төрж байгаа юм. Намын нэгдлийг өөр өдөр хийж болох байв. Нээлттэй хурал зөвлөгөөн болж хэлэлцүүлэг хийгээд чөлөөт зах зээлээр явах юм уу, тэгвэл намын нэр яах вэ, хатуу гишүүнчлэлээ болих уу хэдүүлээ, үзэл санаа ямар байх юм бэ. Эрх чөлөөний үзэл санаа дээр үү, тэгвэл нийлье. Нийлэхийн тулд бүгдээрээ тархины бохирдлоо арилгана. Хойд айлын хараат байхаас зоригтой татгалзана гээд ийм концепци ярихгүйгээр С.Зоригийг алсан хүнийг цагаатгасан өдөр, С.Зоригийн төрсөн өдрөөр гэж байгаа юм уу хаашаа юм. Ийм нэг тавилттай юмнаасаа салаагүй цагт урагшаа явахгүй.
Тийм учраас АН-д бүр ч илүү шүүмжлэлтэй хандаж байгаа. Үзэл санаа ярихгүйгээр хайрцаг доторх тамга яриад, тамганы гадуурх хайрцаг булаацалдаад яваад байж болохгүй. Алга дарам А4-ийн цаасан дээрх гэрчилгээ үзүүлээд яваад байж болохгүй. Түүн дээр ямар үзэл санаа байгаа юм бэ гэж ярих ёстой. Түүнийг л би хүсээд байгаа юм. Тэр байхгүй учраас гунигтай байна. Нөгөө талаар АН-ын залуусыг үнэхээр өрөвдөж байгаа. Өрөвдөхөөс гадна чааваас даа гэж хэлье. Хаана байна, алуурчдыг суллачихлаа гэж эсэргүүцэж дуугарч байгаа АН-ын залуус байна уу. Өнөөдөр тамга аваад баярлаад л. Одоо архидаж байгаа биз. Үүний оронд “Та нар боль. Та нар энэ хүнээр хэдэн жил улс төр хийх гэсэн юм, яалаа гэж энэ алсан хүмүүсийг суллаж байгаа юм. Баримтаа дэлгэ” гэх ёстой, байхгүй.
-АН ирэх сонгуульд сөрөг хүчин болж чадах уу?
-Өмнө нь чадаагүй. Одоо ч чадахгүй. Н.Алтанхуяг өөрөө Ерөнхийлөгч болох санаатайгаар, эсвэл Х.Баттулгыг өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгч болгохоор эд нар өлсгөлөн зарласан. УИХ-ын сөрөг хүчин шүү дээ. Нөгөө талаар саяхан даа, өвөл тийшээ байв уу, Зөвшилцлийн Засгийн газар болъё гээд сайд болох хүмүүсийн нэр дурдагдаад, сайд болох хэнээ тусаад нэг хэсэг явсан. Та нар бол сөрөг хүчин биш, МАН-тай сиамын ихрүүд гэж би хэлнэ. Хоёул зүүний үзэл ярьдаг. Нэг нь 400 сая жуулчин авчирна гэж байхад нөгөөх нь 400 мянган орон сууц барина гэж ярьж байгаа. Яагаад хувийн хэвшлийнхэнд эрх чөлөөг нь үлдээнэ гэж ярихгүй байгаа юм бэ. 1992 оны гол гайхамшиг тэр. Боломж, эрх чөлөөг л авчирсан. Түүнийг юунд нь зүхээд байгаа юм бэ. Жишээ нь, Сосорбарам 1990 онд эрх чөлөө авчирсан гээд мацаг бариад Өвгөнтийн хөндийд байх ёстой юм уу, тэгвэл баярлах юм уу. Сосорбарам баяжчихлаа, Ард кинотеатрыг аваад идчихлээ гэнэ үү. Бүх кинотеатрууд хувьчлагдсан. Тэднийг адилхан ярь л даа.
-Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, төр засгийн бодлогыг эрүүлээр шүүмжилдэг залуус торны цаана орчихлоо. Энэ нь хувь хүний эрх чөлөөг баталгаажуулсан ардчилсан нийгэмд хэр зохистой үйлдэл вэ?
-Монголхүү, Мөнх-Эрдэнэ гээд л ялангуяа засаглалд бугшсан бугшаа, буруу үйлдлүүд дээрэм тонуулыг нээлттэй ил тод хэлээд түүнийг өөрөөр хэлбэл, хувь хүний эрх болоод хувийн өмчийг хамгаалахын төлөө дуугарсан хүмүүсийн амыг хамхихын тулд ийм юм хийж байна л даа. Эдний арга бол айдсаар удирдана гэж нэг юм байна. Айлгаж сүрдүүлж баглаж удирдана. Тэрний цаана мөнгө явдаг. Тэгж байж мөнгөждөг, хөлждөг. Энэ нь маш хэцүү. Бугуйлдаа орооцолдоод л. Хоёр гурван жилийн өмнө би нэгэн нийтлэл бичиж байсан. Эрх мэдэл мяндагийн өвчин туссан хүмүүс бие биеэ барьж идээд дуусна гэсэн агуулгатай. Одоо яг түүгээр болж байна. Бие биенийхээ алдаан дээр дөрөөлж, хоорондоо сүлжээтэн болчихсон. Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гэмт хэрэгтний сүлжээтэй, уялдаатай. Наад захын нэг жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрт Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ дарга болонгуут онц байдал тогтоосон. Онц байдлыг тавиагүй байгаа. Үүний цаана ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын нийлүүлэлт, нууц бизнес явдаг. Өмнө нь ч явдаг байсан.
Түүний жишээ Ц.Нямдорж өөрөө. Миний хүү 2.1 тэрбумын бизнес хийсэн юм. Хууль журмын дагуу би хэлээд өгсөн. Эцэг хүний үүрэг гэнэ. Ингэдэг Засгийн газрын гишүүн, УИХ-ын дарга хүн байж болохгүй. Ц.Нямдоржид хууль үйлчилдэггүй, бусдад нь үйлчилдэг байж болохгүй. Жишээ нь, үүгээр л Нямдорж гуай, хүүтэйгээ хоёулаа 461-т очоод ороо засах хэрэгтэй.
Сая тэр Энхбаяр гишүүн, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар нэг сонсгол хийлээ. Тэгсэн баахан баримт гарлаа. Санаанд багтамгүй баримтууд шүү. Хамгийн наад зах нь Боловсролын сангийн зээлээс ямар олон хүн зээл авав аа. Би бүр шоконд орсон. Нөгөө талаар би өөрөөрөө бахархсан. Би энэ дээрэмчид шиг юм хийгээгүй хүн. Наад зах нь МоАХ-ны анхны 13 гэгддэг Дарь.Сүхбаатар маань албан тушаалаа ашиглаад хэдэн ч удаа хэдэн тэрбумын зээл авчихсан юм бэ. Тэгэхээр энэ нөхөд хэдэн жилийн ял авах ёстой вэ. Мөнх-Эрдэнийг жишээлээд ярья л даа. Тэр хүн гурван жил 10 сарын ял авлаа, 82 сая төгрөг төлөхөөр болж байгаа юм байна. Тэгтэл сая ил болсон баримтаар бол 20, 30 жилийн ял эдлэх хүмүүс дуулдаад явчихлаа. Зарим нь бүр насаар нь хорих ялтай гарах нь.
-Ижил төстэй хэргүүдэд хууль шүүх дээр харилцан адилгүй шийтгэл оногдуулаад байгаад олон нийт шүүмжлэлттэй байна шүү дээ?
-Хууль зүйн сайд Х.Нямбаатар 80 их наядын алдагдсан боломж, 280 сая ам.долларын төмөр замын асуудал, сая төмөр зам тавьсан 200 гаруй сая ам.доллар гэнэ үү ийм асуудал гарлаа гэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулгын тухай ярилаа. Хууль зүйн сайд хэлчихлээ. Ингээд зарлачихаад байхад шүүх прокурор шалгадаг газрууд яагаад чимээгүй байна вэ. Үнэхээр ийм асуудал үүсээд хардаад байгаа юм бол шүүх нь бурууг нь буруугаар нь зөвийг зөвөөр нь тогтоогоод энэ хүмүүсийн нүдний ялгааг арилгах хэрэгтэй.
Эрх мэдэлтэнд хууль өөрөөр үйлчилдэг, амьдралаараа мөрөөрөөр зүтгэж байгаа хүмүүст өөрөөр үйлчилдэг юм байна. Р.Чойном гуайгаас хойш Монгол Улс анх удаа улс төрийн үзэл санааны хоригдолтой боллоо. Тэр нь Д.Монголхүү. Би бардам хэлнэ. Д.Монголхүүд ямар ч гэм зэм байхгүй. Энэ хүүхэд өөрийнхөө мөнчгөрөөр явж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нартай зэрэгцээд лайв хийж эрх чөлөөний төлөө дуугарах хүн цөөхөн байснаа шүүх хурал болмогц гадаа нь очоод шоу хийчих юм. Нэг л их эрх чөлөөнд дуртай, хүний эрхэнд хайртай хүмүүс. Би түүнийг 2024 оны сонгууль ойртчихсон юм байна гэж харж байгаа. Энэ бол гамшиг.
-Улс төрийн намуудын үзэл гэж байхгүй болсон гэдэг. Та ч үүнийг хэлж байна. АН барууны үзлээсээ ухарсан гэж та хэлж байна уу?
-Улс төрийн шинэ нам гарч ирэх тохироо бүрдээд байгаа юм. АН өөрчлөгдөнө гэдэг хол болчихсон юм байна. Залуусаасаа авахуулаад тархи нь өтгөрчихсөн, ботгирчихсон. Хуйвалдаанаар, хоорондоо зохицдогоороо, коммунист социалист фашист үзэлтэйгээрээ ботгирчихсон. АН-аас би юу хүсээд байдаг вэ гэхээр Карл Менгер, Карл Маркс хоёрыг ялгаад судлаадах, энэ биднээс хол юм биш. Энэ бидний судлах ёстой судлагдахуун. Карл Менгер гайхамшигтай хүн. Хүний үнэ цэнэ өөрт нь байдаг юм. Хүний үнэ цэнийг өөрт нь байлгахын тулд чөлөөт сэтгэлгээ, чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг хэрэгтэй гэдэг. Нөгөөх нь үгүй ээ, чамайг би удирдана, чамайг би дарлана гэдэг үзэл.
Мөн Фридрих Хаек, Жон Мэйнард Кейнс гэж хоёр хүн бий. Энэ хоёрын ялгааг олоод хараадхаач гэж л хүсдэг.
-Шинэ нам байгуулах тохироо гэдэг сонирхолтой юм?
-Уг нь тохироо бүрдчихээд байгаа. Залуус хөдлөхгүй байна. “Комедиан” Амараа гэж залуу бий. Миний дотны дүү. Тэдэнд их найддаг юм. Би тулгаад “Та нар тэг” гэж хэлж болохгүй.
2016 онд АН-ыг би үүрд баяртай гээд гарсан. Шинэ нам байгуулаад явах хүн байна уу гэсэн байхгүй. Байлаа гэхээр эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засгийн үндэслэлийг барьж байгаа хүн байхгүй. Би төрийг хазаарлана, хязгаарлана гэж яриад байдаг. Манай зарим найз нар төрийг сайхан байлгана, шинэчилнэ гээд ярьдаг.
Өнөөдөр ардчилал эрх чөлөө хоёрыг ялгаж ойлго. Эрх чөлөөний тогтолцоо шал ондоо юм. Маш том суурьтай, ёс зүйтэй капиталист тогтолцоог хэлдэг. Ардчилсан тогтолцоо бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг. Тэр нь манай дээр хэрэгжиж байгаа. 60 хэдүүлээ болмогцоо сөрөг хүчин АН-аа өвөртөө оруулаад нэг оронд орж байгаад баглаад дараад авч байна шүү дээ. Тэгээд сиамын ихрүүд болчихож байна. Ардчилсан тогтолцооны нэг онцлог бол олонхын саналыг авахдаа цөөнхөөс буюу компаниудаас хандив авдаг. УИХ-ын гишүүн болмогцоо хандив авсан компаниудынхаа нэг нөхрийг заавал дарга болгоно. Нөгөө хүүхдийн 20 мянган төгрөг, архиар саналаа өгсөн сонгогчдоо шулна, хулхидна. Эрх чөлөө бол шал ондоо. Энэ бол өөрөөрөө байх, хүн өөрийнхөө амьдрах боломжийг өөрт нь өгөөд орхино.
Чадварлаг хүчирхэг хоёрыг ялгах хэрэгтэй. Чадвар гэдэг бол хүнд өөрт байх бүх чадварыг нээхийг хэлнэ. Хүчирхэг гэвэл чадвартай хүнийг дарладгийг, шимдэгийг, өөрийнхөө байгаа хүнийг дуугүй болгодгийг хэлж байгаа юм.
Мөн төр, эдийн засаг хоёрыг хол байлгах хэрэгтэй. Төр эдийн засагт хутгалдахгүй, төрийг бизнест оролцдоггүй болгох хэрэгтэй. Ингээд ирэхээр бизнесийн таатай орчин бүрдэнэ. Ашгийн таатай орчин бүрдэнэ. Ингэхээр хувийн компани өргөжин тэлж хөгжинө. Бизнесийн төрөл нь олширно. Зөвхөн энэ хонхорт бус дэлхий дамнаж бизнес хийнэ. Тийм боломжийг нээж чадвал ёс зүйтэй засаг болно.