Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Түвшинбаяр гэж золгүй амьтныг уруудахад төр нь хүртэл хонзогнох юм DNN.mn

Засгийн газар өнгөрөгч долоо хоногт нэгэн журамд өөрчлөлт орууллаа. Тив, дэлхийгээс медаль авсан тамирчдаа урамшуулдаг журмаа өөрчилж, хэрэв тухайн тамирчин ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээсэн бол мөнгийг нь өгөхгүй байхаар шийдэв. Үүнд хамгийн түрүүнд өртөх нэг хүн байна. Тэр бол 2008 оны Бээжингийн олимпийн алт, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Найдангийн Түвшинбаяр юм. Найр наадмын оройд залагдаж, магтаал сайшаалд булуулж, өнгө мөнгөнд даруулж явсан энэ хүн өдгөө хийсэн хэргийнхээ учир хоригдож байгаа. Хэцүү харамсалтай энэ үйл явдлын дараа эргээд харахад энэ залууг олуулаа нийлээд яасан ч их эвдээ вэ гэж халагламаар байсан. Бүр хүнийг нь байлгасан. Хүн бүрт л ийм харамсал ил далд байсан байх. Үлдэж хоцорсон үр хүүхэд, гэр бүлд нь төрөөс сар бүр өгдөг тэтгэмж нь хэрэг болох юм даа гэсэн өег бодол цээжний цаана байсныг ч нуух юун. Гэтэл золгүй амьтныг уруудахад төр нь хүртэл араас нь өшигчихийг харах гашуун л байдаг юм байна.

Олимпийн алт, мөнгөн медалийг дарааллуулаад эх орондоо авчирч, тив дэлхийн од содууд чуулсан тэр их өргөөнд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хэн хүний хүчрэх ажил биш ээ. Бөмбөрцгийн бүхий л камерууд тэр зургийг харуулж, хэдэн тэрбум нүд нэгэн агшинд монгол хүний ур чадвараар бахархаж, монголчуудыг харж байсан. Бахархам сайхан л байсан шүү. Энд дарга цэрэггүй л уйлж, ууж баярласан байдаг. Ядаж үүнийх нь төлөө төр өгдөг урамшууллаа хасамгүй л байсан юм.

Хүнийг хүн л эвддэг. Эвийлж, эрхлүүлж үг хэлэхгүй байхад хүүхэд хүртэл яаж эрхийн тэнэгтдэг билээ. Ухаан суусан том эрийг газар гишгүүлэхгүй, өнгө мөнгөөр өлгийдөж, магтаалын цагаан үгээр үг сүггүй булаад байхаар бусдын дээрээс хараад эхлэх нь тодорхой юм. Үүнд төр хамгийн их буруутай. Монгол Улс олимпийн аваргатай болсон нь “нийтээрээ цэнгэлийн манлайд хүрсэн мэт”, “улс орон маш өндөр хөгжилтэй болчихсон мэт”, “хатуу хэцүү бүх асуудлаа шийдэж өвчингүй жаргаж, ядуусгүй баян болчихсон мэт” л аашилсан шүү, манай төрийнхөн. Алдар гавьяаг нь үнэлсэн ч алдаа оноог нь хэлж өгсөнгүй. Үнэндээ жүдо бол хувь хүний амжилт, тамирчны бүхий л алдаа оноо хувь хүнд өөрт нь л хамаатай байдаг.

Алдар нэр, мөнгө төгрөг нь хувь хүндээ л шингэдэг. Энэ талаас нь хэлэх нь бүү хэл, хорвоод ганц хувь хосгүй төрсөн хүн мэтээр хөөргөн, дарга нар бүгд л дэргэдээ гоёо болгон авч давхидаг байв. Байж болох хамгийн том албан тушаалыг нь ч өгөв. Ингээд л хөөргөөд байсан, хөөргөж хөөргөж хөөс нь хагараад ирэхээр араас нь өшиглөх нь ч юув дээ.

МАН-ын энэ эрх баригчдаас ийм нэг хүнлэг бус үйлдэл дандаа цухалздаг. Хуучин коммунизмын үеийнх шиг увайгүй, хүнийг үл тоосон хандлага нэвт ханхлаад байдаг юм. Одоо өрнөж байгаа үйл явдлыг жишээлээд хар л даа. Дийлдгээр нь дандаа эмгэд, өвгөдийг элэг барьж байх юм. Түүнийгээ ичихгүй зогсоо зайгүй пиардахыг нь яана. Бадамжунай өвгөнийг гадаадаас барьж ирээд өдөр шөнөгүй өөрсдийгөө сурталчлав. Багабанди, Бадамсүрэн нарын ажлыг авлаа гээд л оройжин телевиз, сошиал, сайтын бүх сувгаар уншив. За тэгээд Сарангэрэл, Соронзон гээд хариуцлага тооцож чаддаг цөөхөн хүн бий. Дандаа л тэтгэврийн наснаас хэтэрсэн хүмүүстэй хариуцлага тооцно. Ид задарч бадарч явахад нь өмнөөс нь эгц ч харж чаддаггүй байсан хүмүүсээ ийн насны буулганд орох үед нь яллана гэдэг арчаагүй л зангийнх. Настай ч гэсэн буруу зөвийг нь шүүж бололгүй яахав, гэхдээ дандаа өвгөд эмгэдийг “агнаад” байгаа нь тэдний аймхай хулчгарыг л харуулж байна. Зориг золбоотойхон шиг ажиллаад, жинхэнэ авилгачдыг илчлээд, адилхан шийтгэл өгөөд байвал ард түмэн хүрээлээд авах нь тодорхой. Одоогийн эрх баригчид нэг зүйл дээр алдаад байна. Мэдээж, тэд дорой буурай, үеэ өнгөрөөгсдийг баяр хөөртэйгөөр яллаж байна. Бас ард түмнийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг үзэн ядагчдын бөөгнөрөл гэж хардаг бололтой. Үгүй юм, нэг үеэ бодвол ард түмэн хар цагааныг ялгаж, салгах хэмжээний үзэл бодол нь төлөвшиж тогтсон.

Хамгийн сүүлд хэлэхэд энэ засаг “оймс шидэгч” Наба-г ажлаас нь халах биз. Гарз ч гүй юм даа, хүн нь. Үнэ цэнтэй ч юм биш. Засаг ийм л амар хялбар ажлыг шүүрдэн авч, сүржигнэн хийж байгаа харагдах юм.

Г.Гэндэндарам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *