Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээллийг тэд үгүйсгэв DNN.mn

Улсын Ерөнхий прокуророос нүүрсний хэрэг болон бусад асуудлаар холбогдуулан зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Хаврын чуулганы эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин одоо дахиад зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдаж байгаа эсэхээр холбогдох хүмүүсээс нь тодрууллаа. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг прокуророос оруулж ирсэн ч УИХ-ын чуулганаар түүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин одоо цацагдаад буй мэдээлэлтэй холбогдуулан Н.Наранбаатар гишүүн “Хууль хяналтын байгууллагад шаардлагатай мэдээллийг миний зүгээс саадгүй өгч байгаа. Тиймээс дахин бүрэн эрх түдгэлзүүлэх санал прокуророос оруулах гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй болов уу. Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Өөрөөр хэлбэл, энэ талаар би ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд өмнө нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар найман жил ажиллаж байсан улстөрч. Тэр утгаараа түүнийг орон нутгийн “Андын илч” уурхайг хууль бусаар булаан авсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Энэ талаараа тэрээр “Миний бие Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно. Аливаа компанийн ТУЗболон гүйцэтгэх удирдлага томилох, чөлөөлөх асуудал нь хувьцаа эзэмшигчдийнх нь шийдвэр байдаг учир тус компанийн уурхайг “дээрэмдэж” авсан гэх асуудалд ямар ч байдлаар хамааралгүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэдгээ хэлсэн. Мөн энэ асуудлаар холбогдох хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авна гэдгээ ч удаа дараа мэдэгдээд буй. Харин түүнийг Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудалд тэрээр “Миний нэрийг прокуророос оруулж ирнэ гэдэг мэдээлэл худлаа. Ёстой нэг хувийн ч үндэслэл байхгүй. Тиймээс санаа зовох зүйл алга байна” гэх тайлбарыг өглөө.

М.ОРГИЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *