АНУ, Филиппин улсууд цэргийн томоохон хамтарсан сургуулилалт эхлүүлсэн байна. Энэ удаагийнх хоёр улсын хооронд жил бүр зохион байгуулагддаг “Balikatan” цэргийн сургуулилалтын түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд 17 600 цэрэг оролцоно. Энэ нь БНХАУ Тайванийн ойролцоо томоохон цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотой хийгдэж байгаа юм байна.
Энэ оны хоёрдугаар сард АНУ, Филиппин улсууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Филиппины арлуудад тэнгисийн цэргийн дөрвөн бааз шинээр байгуулахаар болсон байна. Филиппин болон Зүүн өмнөд Азийн эргэн тойрон дахь усан замууд нь худалдаа, наймааны хамгийн ачаалалтай замуудын нэг бөгөөд Хятадтай усан хилийн маргаантай байдаг.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Венийг хүлээн авч уулзсаны хариуд БНХАУ Тайванийн эргэн тойронд сөнөөгч онгоц болон нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо байршуулах томоохон сургуулилалт хийсэн юм.