Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 157, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын эсрэг 6, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 3, Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 2, Заналхийлэх 1, нийт 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас иргэн Б, Т, П, Ж, Б, Э, М, Д нар нь ашиг олох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий цахим хаягийг ашиглан, мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгохдоо шаардлага хангаагүй иргэнд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Хил хамгаалах ерөнхий газрын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа нууцлал хариуцсан ахлах ажилтан Т, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны Цахим бүртгэлийн лавлагаа нууцлалт хариуцсан ажилтан С нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан иргэн Ц-ийн ашиг сонирхлын үүднээс тодорхойлолт гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, албаны үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд зөрчил гаргагч Э-ээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б нь иргэн Н-ыг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орж байх үеийн дүрс бичлэгийг хийж “дахин уулзахыг шаардаж” цахим орчинд тараана гэж сүрдүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ