Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч О.Мягмарсүрэн: Ковидын өмнө явж байсан жижиг тэргийг одоо явуулахгүй гэнэ DNN.mn

ЗамынҮүдЭрээний хил энэ оны нэгдүгээр сарын 8ны өдөр нээгдсэн. Нээгдсэн цагаасаа тодорхой хэмжээний хязгаартай ачааны болоод зорчигч тээврийн автобус явуулахыг зөвшөөрсөн. Тэгвэл ЗамынҮүд боомтод жижиг тэргээр тээвэр эрхэлдэг иргэд хил нэвтрэх эрх нь одоо хүртэл нээгдэхгүй байгаад бухимдлаа илэрхийллээ. ЗамынҮүдэд жижиг тэргээр тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг жолоочдын төлөөлөл О.Мягмарсүрэнгээс нөхцөл байдлыг тодрууллаа.


-Замын-Үүдэд жижиг тэргээр тээвэр эрхэлдэг иргэдэд асуудал тулгарсан гэсэн. Ямар асуудал үүсэв?

-Замын-Үүдийн иргэд ковидын гурван жилийн хугацаанд хамгийн их хоригдож, хамгийн их хөл хориулсан. Жилийн өмнө л энд хорио тавигдсан шүү дээ. Хот руу ч явж болохгүй. Гэтэл гурван жилийн өмнө зүв зүгээр явж байсан жижиг тэргийг одоо явуулахгүй гэнэ. Бид бүхий л шатанд хандаж, өргөх бичиг, хүсэлт, гарын үсэг цуглуулж явуулаад ямар ч хариу ирэхгүй байна. Гурван жилийн өмнө хаагдахдаа зүв зүгээр хаагдсан шүү дээ. Ковид орж ирлээ. Хилээ хаая гээд зүв зүгээр байхад нь орилсоор байгаад хаачихсан даа. Гэтэл өнөөдөр бид буцаад явах гэтэл “УАЗ-469” машиныг Авто тээврийн дарга Болор-Эрдэнэ явуулахгүй гэнэ. Саяхан бид онлайнаар хуралдахад Эрээнд суугаа консул Т.Мөнхгэрэл “Хоёр улсын найрамдалт харилцааны гэрээгээр жижиг тэрэг явуулна аа. УАЗ-469 машин явна шүү” гэсэн. Гэтэл нэг дарга нь нэг өөр юм яриад, нөгөө дарга нь бас өөр юм яриад, шийдвэр нь гарахгүй явсаар байна. Бид үүнийг нааштай шийдчих байх гэж хэчнээн сар хүлээлээ. Үүний цаана өчнөөн ар гэр, айл өрх байгаа.

-Гарын үсэг цуглуулж жагсана гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

-Үнэн. Бид шат шатны бүх байгууллагад гарын үсэг зураад өгсөн. Өнөөдөр (өчигдөр) Замын-Үүд суманд аймгийн Засаг дарга ирчихсэн. Яг одоо талбай дээр шоу болж байна. Пис пас гээд салют буудуулаад л байна. Бидний төлөө байнга ярьж, хөөрч яваа л гэсэн. зарим нэг хүмүүстэй уулзсан юм билээ. “Та нарын асуудлыг шийдэх хүмүүс нь байхгүй болохоор шийдүүлж чадсангүй ээ. Одоо сайн явна” л гэсэн гэнэ. Бид Иргэдийн хурлын дарга, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, Консулд, УИХ-ын гишүүдэд, Зам тээврийн сайд С.Бямбацогт, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүхий л шатанд хандсан. Бидний асуудлыг шийдээч ээ гээд. Гэтэл ямар ч хариу одоо болтол ирээгүй.

-Өдөрт жижиг тэрэг 20 гарч байгаа гэсэн үү?

-Ямар 20 машин бэ. нэг ч жижиг тэрэг гаргахгүй гэсэн. Тэгсэн хэрнээ дарга нарын машин чөлөөтэй явдаг. Ард түмний машин нэг ч яваагүй. Хувийн байгууллага, албаны “Старекс”, “лексус” л байгаа.

-Жагсаалын шаардлагад хариу өгөхгүй бол яах вэ?

-Дараагийн шатны арга хэмжээгээ авна. Тэмцлийн ямар хэлбэр байна, тэр бүгдийг л хийнэ. Одоо бид тайван жагсаал л хийж байгаа. Энд ард иргэд гэж байгаа шүү. Өчнөөн хүмүүс өртэй, зээлтэй. Хүүхдүүд нь сурдаг, амьдардаг. Улаан хоолойгоор нь хоол ордог. Хөгшин настай, хүүхэдтэй гэр бүлүүд зөндөө байгаа. Бид энэ л зам дээр Монгол Улсад өчнөөн татвар төлж, залуу насаа өнгөрүүлсэн.

-Замын-Үүдэд жижиг тэрэг барьдаг хэчнээн жолооч байдаг вэ?

-Ковидоос өмнө нэг өдөрт 1000 орчим “УАЗ-469” тэрэгтэй жолооч гардаг байсан. Энэ бүх хүмүүсийг төлөөлөөд үгээ хэлж байна. Бидний ганц хүсэл бол ажлаа хиймээр байна. Амьдармаар байна. Өр зээлээ төлмөөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *