Categories
мэдээ нийгэм

Ц.Чимэддондог: Д.Мөнх-Эрдэнэ, цэнхэр үст Цэрэн, No war хөдөлгөөнийхөн одоогоор шүгэл үлээгч гэх тодорхойлолтод хамаарахгүй DNN.mn

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дэд дарга, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондогтой ярилцлаа.

ШҮГЭЛ ҮЛЭЭХ, ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭНИЙГ, ЮУГ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

-“Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл” хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл нь юу байв?

-Манай улсад буй нөхцөл байдал тогтолцооны шинжтэй шударга бус үйлдлийг хэн нэгэн шүгэлдэгч шударгаар мэдээлэх боломж хомс. Туйлын хүнд нөхцөлд, айдас дарамт шахалттай, мэдээллийг хүргүүлсэн ч мэдээллийн дагуу шалгаж шийдвэрлэх, үүнийг зохицуулсан эрхзүйн орчин туйлын хангалтгүй байгаа. Энэхүү ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ хуулийн төсөл зайлшгүй хэрэгтэй.

-Шүгэл үлээнэ гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Энэ хуульд шүгэл үлээх гэдэг ойлголтоо тодорхойлсон. Гэхдээ шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгээ тодорхойлоогүй. Хүн бүр шүгэл үлээх боломжтой мэтээр ойлгуулж байгаа. Бид эхлээд үйл явцын эзэн шүгэл үлээгчийг зөв оновчтой тодорхойлохгүй бол энэ хууль цаашид үр дүнтэй хэрэгжих нөхцөл нь бүрдэхгүй байгаа юм. Үүнийг бүрдүүлэхийн тулд АТГ, ХЗДХЯ-тай хамтран боловсруулсан. Боловсруулах болсон үндэслэл нь юу вэ гэвэл манай улс 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн авлигын эсрэг конвенцид нэгдэн, баталсан. Баталсан мөртлөө энэ конвенцын дагуу шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэх үүргээ хүлээлгүй 18 жил болчихлоо. Шүгэл үлээгчийг хамгаалах байр сууриа холбогдох баримт бичгүүддээ ойрхон ойрхон тусгасаар ирсэн. Жишээ нь, 2016 оны Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан. Мөн “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар тогтоолын хавсралтад тусгасан. Эдгээрт шүгэл үлээгчийг хамгаалъя гэдэг үзэл баримтлалыг заасаар ирсэн. Үүний дагуу ерөнхийдөө энэ төсөл хийгдэж байна гэж ойлгогдож байгаа

-Шүгэл үлээх гэдэг ойлголтоо эхлээд хүмүүс зөв ойлгох хэрэгтэй байх аа?

-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т “Шүгэл үлээх гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгөхийг ойлгоно” гэжээ. Энэ тодорхойлолтыг харвал зөвхөн үйлдэл бус эрх бүхий байгууллагад хандах нөхцөлийг нь тусгасан. Нөхцөл гэдэг чинь хамгийн аюултай. Ямар ч нөхцөл байж болно шүү дээ. Ийм нөхцөлд байсан байж болзошгүй гэх… Батлагдаагүй ирээдүйд болох үйл явдал дээр тулгуурлан мэдээлэл өгвөл хүнийг хэлмэгдүүлэх нөхцөл үүснэ. Тэгэхээр сонгодог шүгэл үлээлт гэдэг үйл явдлыг мэдээлэх, болсон зүйлийг, процессыг мэдээлнэ. Тэр процессыг мэдээлэхийн тулд тухайн хүн өөрөө тэр үйл явдалд оролцсон, дунд нь байсан, үйл явдлыг харсан, процессыг дүрсэлж хэн хэн оролцсон, хэн хэн байсан, хэдэн төгрөг өгсөн, авсан тухай мэдээлэх хүнийг шүгэл үлээгч гэдэг.

-Шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ?

-АТГ-ын сайт дээр бичсэн зүйлийг жишээ татъя. Сагсанбөмбөгийн тэмцээн болж байлаа гэхэд хоёр багийн хоорондын тэмцэлдээн дунд ямар нэгэн зөрчил илрүүлж, шүүгч нь хөндлөнгөөс шүгэл үлээж тухайн хэргийг шударгаар шийдвэрлэхийг шүгэл үлээх гэнэ гэж бичсэн. Энэ нь шүүгчийг шүгэл үлээгч гэж үзнэ хэмээн оруулж, тайлбарласан байна лээ. Эхний ойлголт тухайн үйл явцад ямар нэгэн байдлаар оролцогч байх гэдэг нь талбайн гаднаас шүгэл үлээхгүй гэж ойлгогдож байгаа тул энэ тодорхойлолт зөв. Шүүгч хэн бэ гэдэг нь асуудалтай. Зүйрлэвэл шүгэл үлээгч гэдэг нь шүүгч биш. Тухайн үйл явцыг гардан гүйцэтгэж байгаа буюу тэмцээнд оролцож байгаа хоёр багийн арван тамирчны аль нэг нь шүгэл үлээгч. Тэр хүн юуг мэдэж байгаа вэ гэвэл дасгалжуулагчийнхаа хожигдлын шалтгаан болсон буруу стратегийн тухай мэдэж байж болно. Өөрөө тэр үйл явдалд гар бие оролцож байгаа болохоор мэдэж таарна. Тэр тактикийг өөрчлөөд багтаа хожил авчрахыг хүсч байгаа боловч өөрийнх нь эрх мэдэл хүрдэггүй. Хожмоор байдаг эрх мэдэл нь дутдаг. Үр дүн гаргамаар байдаг. Тэгээд тухайн хүн манай дасгалжуулагч ийм стратеги, тактик бидэнд зааж өгсөн. Үүнийг улмаас бид ийм хохирол амсч байна гэдгээ бодит баримтад тулгуурлан хэлж байгаа хүн л шүгэл үлээгч юм.

МАНАЙ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ Г.ДОРЖЗОДОВ

-Манайд шүгэл үлээгчийн жишээ болгоод нэрлэх хүн бий юу?

-Манай сонгодог жишээ бол Г.Доржзодов. Г.Доржзодов тухайн схемийг өөрөө зуралцсан. Өөрөө тэр үйл явдал дээр байсан. Тэгээд үүгээрээ шүгэл үлээсэн. Хэрвээ Г.Доржзодовоос өөр тухайн процесст оролцоогүй хүн шүгэл үлээсэн бол энэ хэргийг шударгаар шийдвэрлэх боломж хомс. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол шүгэл үлээгч гэдэг нь хамтран хулгай хийчихээд хань хамсаатнаа илчилж байгаа хүнийг л хэлж байгаа юм.

-“Хар машины Г.Ган-Очир” гэдэг шүү дээ. Тэр хүн шүгэл үлээгч мөн үү?

-Хар машины механизмын үйлдэл тогтоогдоогүй шүү дээ. Тэр эргэлзээтэй. Хар машиныг үйлдвэрлэхэд, тэр программыг зохиоход оролцсон хүн, хар машиныг үйлдвэрлэсэн үйлдвэрийн программ хангамжийн төсөл дээр ажилласан инженерийг шүгэл үлээгч гэнэ. Түүнээс биш Ган-Очир сагсанбөмбөгийн багийн тоглогч биш талбайн гадна талд сууж байгаа үзэгч л юм.

-Д.Мөнх-Эрдэнийг иргэд шүгэл үлээгч гэдэг шүү дээ. Тэр хүн энэ ойлголтод багтах уу?

-Мөнх-Эрдэнэ байна уу, цэнхэр үст Цэрэн нь байна уу эдгээр хүмүүс одоогоор маш оновчтой тодорхойлолтод хамаарахгүй. Тэд бол биш байх нь. Шүгэл үлээгч нь тухайн процесс дотор өөрөө оролцсон хүнийг хэлнэ. Жишээ нь, төрийн байгууллага дотор шүгэл үлээгч гэж хэнийг хэлдэг вэ гэвэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ байгууллагын тодорхойлолтод бичсэнээр “Төрийн байгууллагын дунд шатны албан тушаалтнууд төрийн байгууллагын шүгэл үлээгчийн сонгодог жишээ байдаг”. Яагаад гэвэл тэд бүх болж буй үйл явдлыг хардаг. Өөрсдийнх нь гар дээгүүр тогтоол шийдвэр, банкны дансны хуулга, гэрээ контракт бүх зүйлийг өөрсдөө үзээд, мэдээд танилцчихсан байгаа. Бараг өөрсдөө тэр гэрээний тогтоолыг, хамтын ажиллагааны гэрээний эрх үүрэг юу байдаг юм бүгдийг эрх мэдэлтэй албан тушаалтныхаа үүрэг даалгавраар бэлтгэж өгч байгаа. Дээрх эрх мэдэлтэн нь зүйл заалтыг чиглүүлж өгч байна шүү дээ. Үүнийг шударга бус байна гэдгийг харна. Тэгээд өөрчлөх гэхээр эрх мэдэл нь хүрдэггүй. Тэгсэн мөртлөө түүнийг өөрчлөхийг хүссэн сэтгэл байдаг. Үүнийг өөрчилбөл ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэл байдаг. Ийм л хүнийг шүгэл үлээгч гэж байгаа юм.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗАСЧ, САЙЖРУУЛАХ ЗААЛТУУД

-Энэ хуулийг та судалж үзсэн байх өөрчлөх, сайжруулах зүйлүүд бий юу?

-Манайх хувийн сектор гэж зүйлийг одоохондоо энэ хуульд огт тусгаагүй. “Хувийн секторын этгээд дотроос нийтийн ашиг сонирхолд аюул занал учруулахуйц авлига хууль бус үйлдэл, залилан, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх, тухайн мэдээллийн дагуу үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэн хувь хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон. Энэ заалт дээр хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гэж байна. Хоёрдугаарт, тухайн мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад, энэ нь сайн үр дагавар авчирна гэж итгэж байгаа тэрхүү итгэл дээр суурилдаг. Гэтэл манайх тэр итгэлээс илүү мөнгөн урамшуулал, тэдэн хувийг өгнө гэж заасан. Тэгэхээр хүн болгон мөнгөний сэдэл дээрээс нөхцөл байдлыг өөр өөрөөрөө тодорхойлно. Нийтийн ашиг сонирхлын үүднээс бус ялих шалихгүй зүйл дээр өөрөө зохиомлоор хэрэг үүсгэн ярих гэх мэт зүйлүүд болох магадлалтай гэж харагдаад байгаа. Тэгэхээр үйл ажиллагаатай холбоотой гэдэг дээр анхаарал хандуулмаар байна. Нүүрсний хулгай гээд яриад байна. Процесс өрнөсөн байгууллагууд нь дандаа хувийнх. Гэтэл далд оролцсон нөлөөлөгч нь дандаа төрийн өндөр албан тушаалтнууд байгаа биз дээ. Тэгэхээр яавч хувийн секторыг хасч болохгүй. Дээр нь төсвийн хөрөнгө оруулалтаар шийддэг том өндөр дүнтэй тендерүүд дандаа хувийн байгууллагуудаар дамждаг. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ. Мөн татварын асуудлуудыг хасна гээд Татварын байгууллагынхан сандралдаад байгаа сураг дуулдсан. Энэ салбарыг хасч яагаад ч болохгүй. Татварын асуудлын хүрээнд энэ хуульд оруулахгүй гэж дуугарч байгаа хүн байвал нотой хүн шүү. Үүнийг сэтгүүлчид анхаарч, эрэн сурвалжлах хэрэгтэй. Энэ хуулийн үйлчлэлд татвар хамаарахгүй гэсэн албан бичиг хүртэл явсан.

-Хууль ямар хүрээнд үйлчлэх бол?

-Төслөөс хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэж харагдаж байгаа. Хуулийн төсөлд зааснаар “Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэлд энэ хууль үйлчлэхгүй” гэж байгаа. Процесс ямар нэгэн алба, салбар дотор болно. Тэгэхээр яг тэр үйл явц өрнөсөн алба дотор нь тухайн албаны дарга нь байгууллагынхаа нууцын жагсаалтыг өөрөө гаргаж байгаа шүү дээ. Энэ нууцад нь орчихсон бол шүгэл үлээж болохгүй болчихож байгаа юм. Шүгэлдэгчийн үлээж байгаа үйл явц, процесс далд өрнөнө. Энийг эрх мэдэл бүхий хүн далдлахыг эрмэлздэг. Эрх мэдэл бүхий хүн нь тухайн байгууллагын дарга нь. Дарга нь нууцаа өөрөө бий болгож байна. Үүнийг хуулийн үйлчлэх хүрээнд оруулахгүй болохоор амьдралд хэрэгжих боломжгүй болчихоод байгаа юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц гэж бий. Тус конвенцид шүгэл үлээгчийг явцуу хүрээнд тодорхойлохоос зайлсхийж дараах байдлаар зохицуулж өгсөн. Төр хувийн байгууллагыг нэг түвшинд аваад үзсэн. Дээр нь олон нийтийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан байж болно. Мөн гэрч хохирогч, шинжээч байж болно. Эдгээр нь тэр процесс дотор оролцсон байвал илүү үр дүнтэй. Сэтгүүлзүйн түвшинд оролцоогүй мөртлөө мэдээлэл олж авсан бол нууц эх сурвалж гэдэг. Оролцсон мөртлөө ил гарч ирээд, олон нийтэд мэдээлээд байгаа Г.Доржзодовыг шүгэл үлээгч гээд байгаа юм. Шүгэл үлээгчийн өгсөн мэдээллийг шалгах шаардлагагүй. Нууц эх сурвалжийн өгсөн мэдээллийг заавал шалгах, нягтлах хэрэгтэй. Тэр мэдээлэл худал байж болно.

-Бусад хуультай зөрчилдөж байгаа зүйлүүд бий юу?

-Хэд хэдэн хуулийн заалттай зөрчилдөөд байгаа. Бусад хуульд заасан нууц мэдээлэгчийн мэдээлэл өгөх хууль эрхзүйн боломжийг бүр дордуулсан заалтууд ороод ирсэн. Шүгэл үлээгч нь өөрийнхөө эрх бүхий байгууллага эсвэл мэдээллийн шуурхай удирдлагын төвд хүргүүлнэ гэж заасан. Тэрхүү эрх бүхий байгууллага нь УПЕГ, АТГ, ХЭҮК, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ШӨХТГ байна гэж заасан. Үүнд шүгэл үлээгчийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага аль нь болох нь тодорхойгүй. Энэ хууль угтаа шүгэл үлээгчийг хамгаалах зорилготой. Гэтэл эдгээр байгууллагын аль нь шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан үүрэг хүлээсэн нь тодорхойгүй. Эдгээр байгууллага бүгд адил эрх хэмжээтэй байх юм уу, эсвэл шүгэл үлээхтэй холбоотой ямар үе шатанд аль байгууллага оролцох эсэх нь тодорхойгүй. Жишээ нь, Авлигын эсрэг хуульд “Энэ хуульд заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуульд тогтоосон хязгаарлалт хамаарахгүй” гэж заасан. Энэ заалттай Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд орсон заалт зөрчилдөөд байгаа. Авлигын эсрэг хуульд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл хүчингүй болгох гээд байна. Мөн “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж байгаа тохиолдолд нууцын тухай хязгаарлалт хамаарахгүй” гээд Авлигын эсрэг хуульд заасан. Гэтэл үүнийг бас зөрчсөн.

-Шүгэл үлээгч гэхээр сэтгүүлчид нэгдүгээр эгнээнд байдаг шүү дээ. Энэ хууль сэтгүүлчдэд хамаарах уу?

-Ажлын хэсгийн хуралдаан дээр хэтэрхий сэтгүүлзүйн үүднээс энэ хуулийн төслийг тайлбарламааргүй байна гээд байна лээ. Гэтэл энэ хууль яагаад сэтгүүлзүй, эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй холбогдоод байгаа вэ гэхээр Европын холбооноос шүгэл үлээгчийг хамгаалах удирдамжийг 2019 онд баталсан. Холбооны удирдамжид зааснаар шүгэл үлээх үндсэн гурван суваг бий. Нэгдүгээрт, 50-иас дээш ажилчинтай байгууллага дотооддоо шүгэл үлээнэ. Хоёрдугаарт, зохицуулах буюу эрх бүхий байгууллага үлээнэ. Манай хуульд зааснаар АТГ, Мөрдөн байцаах газар, Прокурор, ЦЕГ зэрэг хэн нь мэдэгдэхгүй олон байгууллага ороод ирсэн. Гуравдугаарт, хуульч өмгөөлөгч эсвэл эрэн сурвалжлах сэтгүүлчээр дамжуулж үлээнэ гэж заасан. Яагаад эрэн сурвалжлах сэтгүүлчээр дамжуулж үлээнэ гээд байгаа вэ гэхээр олон нийтэд мэдээллээ шууд хүргэнэ. Олон нийтийн хамгаалалтад шууд орно. Олон улсын туршлагаас харахад шүгэл үлээгч заавал эрх бүхий байгууллагад хандах албагүй. Хамгийн тохиромжтой нь гуравдагч этгээд буюу хуульч өмгөөлөгч эсвэл сэтгүүлчдэд хандах боломжтой гэсэн байдаг. Энэ нь мэдээллийг явцуу байдлаар хулгайлахаас зайлсхийсэн зүйл л дээ.

-Зохицуулах эрх бүхий байгууллага гэж яг аль байгууллагыг хэлээд байна вэ?

-Манай хуульд хэн нь мэдэгдэхгүй баахан олон хуулийн эрх бүхий байгууллагын нэр дурдсан байгаа. Үүний сайн жишээ гэвэл БНСУ-д шинэ байгууллага байгуулсан. Авлигын эсрэг иргэний эрхийн комисс гэх. Энэ байгууллага нь Азийн сайн жишээ болж байна. Шүгэл үлээгчийг хамгаалах ажлыг энэ байгууллага дангаараа хариуцдаг. Бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах нь шүгэл үлээгчийг хамгаалах үндсэн зүйл болж байгаа юм. Энэхүү хуульд мөн техникийн зарим асуудалд хайнга хандсан зүйлүүд байгаа. Жишээ нь, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн 9.5-д шүгэл үлээгч нийтийн ашиг сонирхлын үүднээс шүгэл үлээсэн болон шүгэл үлээсний дараа энэ хуулийн 6.1.6-д заасан хуульзүйн болон сэтгэлзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно гэж заасан. Гэтэл 6.1.6 гэсэн заалт энэ төсөл дээр одоо хүртэл байхгүй. Байхгүй хуулийн заалт дээр зохицуулах тусгай заалт оруулж ирж байна гэдэг техникийн хувьд хайхрамжгүй хандсан нь ганцхан жишээгээр харагдаж байна.

ЯМАР МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

-Төрийн нууцыг мэдээж хамгаалах л хэрэгтэй байх даа?

-Улсын нууц, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, төрийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой нууцыг нууцлахаас өөр аргагүй. Өнөөдөр манайд зөвхөн Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 570 орчим байна. Энэ нь жил ирэх тусам нэмэгдээд байгаа.

-Ерөнхийд нь базаад үзэхэд энэ хуулийн төсөл ямар болсон бэ?

-Манайдаа анхных болж байгаа нь сайшаалтай. Процессын дунд байгаа оновчтой эх сурвалжаас нь анхдагч мэдээллийг олж авах хамгийн чухал хууль мөн үү гэвэл мөн. Энэ бүх салбарт хамаатай. Том утгаар нь харвал хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүлзүй гээд бүх зүйлтэй хамаарна. Ингээд бодохоор дам утгаараа авлигыг илчлэх, тэгш бус байдлыг халах сонгодог утгаараа ардчиллын зарчимд хувь нэмэр оруулах маш үнэ цэнэтэй хууль юм. Энэ хуулийг эрт хэлэлцээд явах тусмаа сайн. Үндсэн агуулгууд нь ерөнхийдөө тусчихсан. Сайжруулах, нэмэх зүйлүүд бий. Тиймээс маш олон талын оролцоотой, дан ялангуяа хэвлэлийн салбарынхныг бусад салбарыг ч тэгш оролцуулж, санал бодлыг тусгах шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *