Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр боллоо. Тус зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны зургаа, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 17 иргэнийг аварч, 2.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. 2023 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 489, аврах ажиллагааны 56, нийт 546 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт. Өнгөрсөн бямба гарагт орсон цастай холбоотойгоор дуудлага, мэдээлэл ирээгүй” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд шар усны үер, усанд автсан дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт үйлчилгээний компанийн 35 ажилтан, алба хаагч, тусгай зориулалтын автомашин, механизмтай шуурхай ажиллаж, дөрвөн км шороон далан босгон, 80 өрхийг усанд автахаас урьдчилан сэргийлж ажилласан байна. Мөн шар өвсний түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүлжээ.
Хотын дарга их хэмжээний цас орсон болон цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үер болохоос сэргийлж ажиллахыг үүрэг болгов.