Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтын шатахууны хангамж дутагдалтай байна DNN.mn


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс хаврын тариалалтын талаар тодрууллаа.


-Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх вэ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Технологийн туршилт хийх үйл явцаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн хийдэг компаниудын туршлага бий. Тэгэхээр тариалалт тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд жигдрээд явдаг. Үрсэлгээний ажлууд одоо хийгдээд явж байгаа. Үрсэлгээ бойжуулах, суулгац бэлтгэх ажлууд хийгдэж байна.

-Энэ жил хэдий хэмжээний тариалалт хийх вэ?

-Энэ жил нийтдээ 369 мянган га-д улаан буудай, 70 мянган га талбайд малын тэжээл, 66 мянган га-д тосны ургамал, 20 мянга орчим га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байгаа.

-Үр бэлтгэж чадсан уу?

-Үр хангалттай хэмжээнд бэлэн байгаа.

-Импортоор авсан уу?

-Өөрсдөө 40 мянга гаруй тн үр нөөцөлсөн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 11 мянган га-д тарих үрийн нөөц бүрдүүлсэн. Мөн үрийн шинэчлэлийн хүрээнд ажлууд хийгдэж байна. 5.6 мянган тн элит үрийг импортоор аваад, зээлээр олгох ажлууд хийгдэнэ. Үр бол хангалттай хүрэлцэнэ.

-Бордооны хувьд ямар байгаа вэ?

-Бордоог голцуу импортлогч аж ахуйн нэгжүүд оруулж ирж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бордоо, ургамал хамгааллын бодис олгохоор төлөвлөж байгаа.

-Хаврын тариалалтын хамгийн хүнд асуудал нь шатахуун, түлшний асуудал байдаг. Шатахуун нөөцөлж чадсан уу?

-Шатахууны хангамж дутагдалтай байна. Хаврын тариалалтын технологийн ажлууд явагдаад, салбаруудын уул уурхай, барилгын ажил ч бас хуваарилагдаад идэвхиждэг. Энэ үед шатахууны хүрэлцээнд хүндрэл тулгарсан. Шатахуун, нефть импортлогч компаниудтай гэрээ байгуулан хамтран ажиллана.

-Тариаланчид шатахуун асуудалтай байна. Бусад нь гайгүй гээд байгаа. Шатахууны асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Шатахууны асуудлыг шийдчих юм бол бусад нь хангалттай хэмжээнд байгаа. Шийдэх ч юу байх вэ. Шатахуун зах зээлийн жамаараа л явна. Импортлогч, шатахуун нийлүүлэгч компаниуд, газар тариалан эрхлэгчид өөрсдөө шатахуунаа бүрдүүлэх ажлаа хийх нь зүйн хэрэг. Тодорхой тооны шатахууныг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлээр өгнө. Дамжуулан зээлдүүлэх маягаар ажиллана. Шатахуун түгээгч, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж ажилладаг.

-Газар тариалан эрхлэгчид салбарын уулзалт хийх гэж байгаа гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр газар тариаланчдын чуулган болно. Энэ хүрээнд хууль эрхзүй, бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа зээл санхүүгийн асуудлууд, шинэ техник технологийг танилцуулах, боловсон хүчний талаар хэрэгжүүлэх ажлыг танилцуулах гэх мэт салбарын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах чуулган зохион байгуулахаар ажиллаж байна. Чуулган Төрийн ордонд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *