Categories
гадаад мэдээ нийгэм

​Барууны танкууд Украинд ирэв DNN.mn


Удаан яригдсан Германы танкууд Украинд ирсэн гэдгийг Берлиний эрх баригчид мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Герман улс 18 ширхэг Leopard 2 танкийг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарлаж байсан юм. Мөн Европын бусад улсуудад Leopard 2 танкаа реэкспортлох зөвшөөрөл өгсөн. АНУ-ын засаг захиргаа бас өөрийн үйлдвэрийн 31 ширхэг M1A2 Abrams танкийг Украинд нийлүүлэх шийдвэр гаргаж байв. Португал улс гурав, Швед улс 10 ширхэг Leopard 2 танк илгээхээр болсон бол Польш улс Leopard 2 танкийн A4 хэмээх хуучин загварын нэг батальоныг илгээхээр болсон байсан билээ.

“Амласан ёсоор бид танкуудаа цаг хугацаанд нь Украины талд хүлээлгэж өглөө. Эдгээр танкууд фронтын нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ. Танкуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украинд хилээр нэвтрүүлсэн бөгөөд тэдгээртэй хамт явган цэргийн хуягт машин “Marder” 40 ширхэг, танк чирэгч машин хоёр ширхгийг нийлүүлжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Украины цэргүүдийг Германы Доод Саксон мужийн Мюнстер дэхь Бундесвейрийн бэлтгэлийн талбайд сургасан юм. “Украины цэргүүд сургалтын үеэр гайхалтай урам зоригтойгоо нотлоод зогсохгүй шинэ технологийг түргэн эзэмшдэгээ харууллаа” гэж Бундесвейрийн командлагч Бёрн Шульц хэвлэлд ярьжээ. Мөн “Leopard 2”” танкаас гадна Их Британийн илгээсэн “Challenger 2” танкуудыг хүлээж авснаа Украины батлан хамгаалах яам баталсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *