Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зураач Р.Гал-Од: Далд ухамсар ямар хариу үйлдэл үзүүлдгийг бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон байдаг DNN.mn

Зураач Р.Гал-Одын бие даасан үзэсгэлэн Инээдмийн баярын өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нд нээгдэх нь. Түүнтэй ярилцлаа.


-Үзэсгэлэнгийнхээ талаар мэдээлэл өгөөч…?

-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн ангийг 2013 онд төгссөн. 2009 оноос сонирхлоороо шог зургийн чиглэлээр дагнаад 10 гаруй жил уран бүтээлээ туурвиад явж байна. 2012 онд анхны үзэсгэлэнгээ Парк дээр гаргаж байсан. Тухайн үеийн алдар нэртэй хүмүүсийн төрхийг зурсан шог зургийн үзэсгэлэн. Одоо бол хоёр дахь томхон хэмжээний бие даасан үзэсгэлэнгээ Хаан банкны галерейд дөрөвдүгээр сарын 1-нд нээхээр бэлтгэж байна.Шог зураг бол аж байдал, ахуй амьдрал, дотоод сэтгэлийг илэрхийлсэн гэх мэтээр уран зургийн бүхий л төрөл рүү орж чаддаг өвөрмөц онцгой төрөл. Түүгээрээ миний сонирхлыг маш их татсан. Үзэсгэлэнд шог зургийн бүхий л төрлөөр зурсан бүтээлүүд маань тавигдана.

-Та голчлон алдартай хүмүүсийг зурдаг. Захиалгаар зурдаг уу?

-Захиалга ирвэл хүлээж авдаг. Захиалгаар зурахыг хүмүүс халтуур хийлээ гэж ойлгох гээд байдаг. Үнэндээ үгүй юм. Нэг найзыгаа зуруулаад өөрт нь бэлэглэлээ гэж бодоход дотоод сэтгэлийн гоо сайхан, гэр бүлийн амьдралыг харуулсан сэдэвт зургууд нь тухайн хүндээ аз жаргал, таашаал, баяр баяслыг өгч байдаг болохоор урлагийн бүтээл юм даа.

-Танай багш нар гэвэл…?

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр миний багш. Багшийг маань мэдэхгүй хүн ховор байх. Урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит зураач О.Энхтайван багш маань байна. Намайг чиглүүлж, мэргэжлийн суурийг маань сайн тавьж өгсөн багш нартаа талархаж явдаг.

-Зураач хүний нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Хэр завтай байдаг вэ?

-Уран бүтээлч хүн байнгын эрэл хайгуул хийж байдаг. Дотогшоогоо их өнгийнө. Зарим өдөр зургаа ширтээд, илэрхийлэмжээ төгс гаргах талаар бодсоор байгаад өнгөрдөг. Эсвэл маш их үйлдэл хийж, үр бүтээлтэй өнгөрүүлдэг ч үе байна. Янз бүр. Бүхий л ажлаа амжуулна гээд хүмүүс яаж амьдардаг, тэгж л амьдарч байна.

-Цогтбаяр багш чинь “овоо доо” гэж үнэлсэн зургаасаа нэрлээч…?

-2014 онд маршал Х.Чойбалсан гуайн хөргийг зурахад багш маань их үнэлж магтаж байсан. Одоо гарах үзэсгэлэнд тавигдах гол бүтээлүүдийн нэг. Нийгмийн бухимдал стресс шог зургаар хамгийн сайн илэрдэг. Болохгүй байгаа бүхнийг л шог зургаар шүүмжилж болно. 2021 оны арваннэгдүгээр сард би доктор профессор Моломжамц ахын тэргүүлдэг Монголын шог зураачдын холбооны гишүүн болсон. Холбооны зүгээс Монголын шог зураачдын үзэсгэлэнг байнга гаргаж, нийтийн хүртээл болгож байдаг. Хөрөг шог зураг зурж эхэлсэн 2009 оноос хойш би судалгаа хийж эхэлсэн. Хүний нүүр царайны донж төрхөн дээр юуг олж авч, анзаарч чадсан юм гэхээр тухайн хүний төрх донж өөрийнх нь сөрөг сэтгэл хөдлөлтэй маш холбоотой байдаг. Тэр нь цаашаа сэтгэл судлал, хүний далд ухамсартай холбогдоно. Энэ нь шог зураг бүхий л зүйлтэй нарийн нягт холбоотой байдгийн илэрхийлэл. Үүнийг юугаар баталж харуулах вэ гэхээр Шотланд гаралтай Америкийн гүн ухаантан Гэрри Жон Бишофийн хувь хүний хөгжил, сэтгэл хөдлөл, философийн талаар хийсэн 30 гаруй жилийн судалгааны үр дүнгээр тайлбарладаг. Энэ хүн судалгааныхаа үндсэн дээр Урбом философийн урсгалыг хүртэл гаргаж ирсэн. Бишофийн хэлсэн ярьсан зүйлс, эшлэл дүгнэлтүүд нь надад төсөөлөгдсөн шог зургийн ойлголтуудыг 100 хувь баталж өгсөн. Одоогийн гарах үзэсгэлэн маань ч энэ үзэл дээр тулгуурлагдсан. Хүн төрөлхтөн бүгд адилхан. Хүн бүхий л амьдралынхаа турш 97 хувиа огт мэдэлгүй өнгөрөөдөг. Үүнийг нь далд ухамсар гэдэг. Хүн өсч торнин, ажиллаж амьдарч, үр хүүхдээ өсгөн нийгмийн амьдралд оролцоно. Өөрийнхөө хэлбэр дүрсийг мэднэ, юунд дуртай, дургүйгээ мэддэг. Энэ бүх амьдрал бол бидний мэдэх гуравхан хувь. Гурван хувиа л хүн мэддэг гэсэн үг.

Зүүн гар талаас эхний хүн нь зураач Р.Гал-Од


-Тийм бага уу?

-Тийм бага. Мэдэхгүй түвшин нь маш их. Энэ үлдсэн 97 хувийн далд ухамсар бидний бүх амьдралыг шийдэж байдаг. Хүн гэдэг амьтан бусад руу хараад “энэ ямар амьтан юм бол” гэж бодож судалдаг болохоос өөрийгөө хэзээ ч судалдаггүй. Харамсалтай нь, далд ухамсарын түвшинд бид юу ч бодож, ямар ч шийдвэр гаргадаггүй. Бидний сөрөг сэтгэл хөдлөл, таагүй эмоциуд уран сайхны хэтрүүлэг донжоор шог зурагт бууж байгаа нь бидний үл ухамсарлахуй буюу далд ухамсар л царайн дээр нь илэрч байна гэсэн үг. Үүгээрээ асар гүн гүнзгий ач холбогдолтой.

-Хүн хөрөг шог зургаа зурууллаа гэхэд өөрийнхөө далд байгаа мэдэхгүй зүйлийг зургаасаа мэдрэх боломжтой гэсэн үг үү?

-Маш зөв. Өөрийнхөө тухай, өөрийнхөө анзаарч хараагүй зүйлүүдээ л харна гэсэн үг. Та бодоод үз л дээ, хүн төрөлхтөн өөрийнхөө 100 хувийн дөнгөж гурван хувийг л мэдэж амьдарч байгаа. Харин таны мэдэхгүй тэр далд ухамсар шог зургаар таны царай төрхөнд илэрч байдаг. Эндээс харахад хүн өөрийгөө насан туршдаа хуурч амьдардаг юм байна. Үнэнийг нь хэлэхээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. “Үгүй, би тийм биш. Би өөрийгөө хэзээ ч хуурдаггүй. Би өөрийгөө мэддэг” гэдэг ч эсрэгээрээ байдаг.

-Яагаад хүн өөрийгөө хуурдаг гэж…

-Хүний өөрийгөө мэддэг гэх энэ гурван хувийн хүсэл эрмэлзэл, бодол мөрөөдөл нь далд ухамсрын хүсэл эрмэлзлийнхээ яг эсрэг нь байдаг. Түүнийг л хэлж байгаа юм. Хүн далд ухамсраа удирдаж чадаж байвал өөрийгөө жинхэнээр нь мэдэж удирдаж байна гэсэн үг.

-Хүний хөрөг шог зургийг зурахдаа хэт хэтрүүлбэл доромжилсон болох уу?

-Харин ч хэтрүүлэх ёстой. Доромжлол болохгүй. Доромжлол гэж хүмүүс хараад байдаг нь өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тэр хүний зургийг хичнээн ч хэтрүүлсэн байсан хүлээн зөвшөөрч инээж байвал далд ухамсраа таньж мэдэж байгаа нэг хэлбэр. Өөрийгөө хуурч байгаа нэг жижигхэн хэлбэр бол шог зургаа хараад “би ийм биш” гэж уурлах.

-Гэхдээ та хөрөг шог зураг зурахдаа хүмүүсийг уурлатал нь хэтрүүлж зурдаггүй биз дээ?

-Уурлуулъя гэж бодож зурдаггүй. Үнэнийг л зурахыг хичээдэг.

-Танаар хөрөг шог зургаа зуруулсан хүмүүсийн хэдэн хувь нь уурладаг вэ?

-99,9 хувь нь уурлах маягтай байдаг.

-Тэгвэл хүнийг дургүйцүүлэн дургүйцүүлэн ингэж зурах хэрэг байна уу?

-Харин ч хэрэгтэй, шаардлагатай. Урлаг заавал хүнд таалагдаж таашаал өгч байх зүйл биш. Үнэнийг нь хэлж өгч байх ёстой. Урлагийн гоо сайхныг энэ өнцгөөс нь мэдрэх ёстой. Гоо зүй, гоо сайхан гэдэг өөрөө ямар асуудал юм. Тэр бол заавал гоё юм үзэж таашаал авахын нэр биш.

-Таны үзэсгэлэнг очиж үзээд хүмүүс юу мэдрэх вэ?

-Яг л миний саяын хэлснийг үзнэ. Далд ухамсар ямар хариу үйлдэлтэй байдаг вэ гэдгийг шог зургийн бүхий л бүтээлүүдээрээ харуулахыг зорьсон. Үзэсгэлэн маань 22 хоног үргэлжилнэ.

-Таны пэйж хуудасны эхэнд “Шог зургаас та бүхэн өөр хаанаас ч авч чадамгүй баяр баяслыг мэдрэх болно” гэж бичсэн байсан…?

-Мэдэрнэ. Хүн өөрийнхөө хөрөг шог зургийг хүлээн зөвшөөрөхгүй хэрнээ инээгээд байдаг. Хүний дотоод сэтгэлд хоёр өөр төрлийн туйлшрал зөрчил явагддаг. Гэхдээ үүнийгээ анзаарч мэддэггүй. Сонирхолтой байгаа биз.

О.Туяа


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *