Их Британи улсын засгийн газраас Украинд илгээх Challenger 2 танкийг эзэмших сургалтыг дуусгасан украин цэргүүд эх орондоо иржээ.Энэ оны нэгдүгээр сард “Challenger 2” танк 14 ширхгийг Украинд илгээх болсноо Британийн ерөнхий сайд Риши Сунак зарласны дараа дээрх цэргүүд сургалтад хамрагдахаар ирж байсан юм.
Украины арми энэ хавар Оросын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг сөрөг довтолгоонд орох гэж байгаа бөгөөд Британийн танкууд үүнд оролцох ажээ.“Украины цэргүүд Британийн нутаг дэвсгэр дээр “Challenger 2” танкийг бүрэн эзэмших бэлтгэл сургуулилалтаа дууссаныг харах үнэхээр урамтай байна. Бид Украиныг удаан хугацааны турш дэмжихэд чадах бүхнээ хийх болно” гэж Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос өнгөрсөн сард сургалттай танилцахдаа хэлж байв. “Байлдааны маневрын төвийн багийнхан энэхүү сургалтыг Украины түншүүддээ хүргэсэн нь аз завшаантай үйл явдал байлаа. Тэдний ур чадварын түвшин бидэнд маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд эх орноо хамгаалах үйлсэд “Challenger 2” танкийг хамгийн үр дүнтэй ашиглаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж сургалтыг удирдсан хурандаа Жон Стоун хэлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хоёрдугаар сард Их Британид айлчлахдаа ерөнхий сайд Риши Сунакын хамт сургалтын явцтай танилцаж байсан юм.
“Challenger 2” танкаас гадна Их Британи улс Украинд 20 ширхэг “Bulldog” явган цэрэг тээвэрлэгч хуягт машин, 30 ширхэг өөрөө явагч “AS-90” их бууг нийлүүлэхээр болоод байгаа юм. Их Британиас гадна АНУ өөрийн “M1 Abrams”, Европын холбоотнууд Германд үйлдвэрлэсэн “Leopard” танкуудыг Украинд илгээх юм.
Г.АМАРСАНАА