Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 3 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 123 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 799 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал олгож, хууль бусаар газар олгосон гэх;
  • Завхан аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “Н” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтан “А” эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон, мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
  • Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “З” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • Архангай аймгийн удирдах албан тушаалтан “М”, “Ө” нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Компанийн захирал “Д” нь нийтийн албан тушаалтан “Ц”-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *